Малчид усны хомсдолд орж болзошгүй байна

2019 оны 2 дугаар сарын 1-ний байдлаар цаг уурын өртөө, харуулын талбайн хэмжилтээр Баян-Өлгий, Увс, Ховд, Завхан, Хөвсгөл, Булган, Сэлэнгэ аймгийн ихэнх нутаг, Говь-Алтай аймгийн өмнө болон хойд хэсгээр, Архангай, Дорнод, Сүхбаатар аймгийн зүүн, Төв аймгийн хойд, Өвөрхангай, Хэнтий аймгийн зарим газраар 1-21 см зузаан цасан бүрхүүл тогтсоноос хамгийн зузаан нь Увс аймгийн Зүүнговь суманд 21 см, Малчин суманд 18 см, Баруунтуруун суманд 17 см, Хяргас суманд 17 см, Хөвсгөл аймгийн Хатгал суманд 15 см, Завхан аймгийн Баянтэс суманд 14 см, Улиастай суманд 12 см зузаан цастай байна.

Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам, Онцгой байдлын ерөнхий газраас томилогдсон ажлын хэсгүүд өвөлжилтийн нөхцөл байдалтай газар дээр танилцаж, нөхцөл байдлын үнэлгээ хийсэн. Энэ жил ихэнх нутгаар цас ороогүйн улмаас мал усгүйдэж, малчид малаа 3-5 км газар тууж худгаас услаж байгаа бол баруун бүсийн зарим аймагт цас ихтэй байгаагаас мал өвөлжилт, хаваржилт хүндэрч болзошгүй байгаа юм. 

Тиймээс орон нутгийн удирдлагууд, малчид, иргэдээс худаг, уст цэгийн хангамжийг нэмэгдүүлэх шаардлагатай байна гэсэн саналыг ирүүлж байна. Энэ дагуу малын тарга тэвээрэг доройтохоос өмнө Улсын нөөцөөс малчдад хөнгөлөлттэй үнээр өвс тэжээл борлуулах, олгох, ундны ус зөөврийн автомашин олгох, цэвэр усны эх үүсвэрийг хангах цахилгааны нөөц эх үүсвэрээр хангах зэрэг тодорхой саналыг Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамнаас Улсын онцгой комисст уламжлан, шийдвэрлүүлэхээр ажиллаж байна.   

Сар шинийн өдрүүдэд нийт нутгаар хөрсөн дээр цочир хүйтэрч, явган шуургатай байсан, ойрын өдрүүдэд ч хүйтэн байгаа энэ үед малаа алсын бэлчээрт бэлчээхгүй, бага насны хүүхдээр мал хариулуулахгүй байх, хувийн бэлтгэлээ сайтар хангаж, дулаан хувцастай малаа хариулах зэргээр сонор сэрэмжтэй байхыг аймаг, орон нутгийн удирдлага, иргэд, малчдад зөвлөж байна.  

Хуваалцах:

Сэтгэгдэл

reload, if the code cannot be seen