Дархан аварга Б.Бат-Эрдэнийн цолыг хураалгахаар Ерөнхийлөгчид ханджээ

Монголын үндэсний бөхийн холбооныхон УИХ-ын гишүүн, дархан аварга Б.Бат-Эрдэнийн цолыг хураалгах асуудлаар Ерөнхийлөгч Х.Баттулгад албан бичиг явуулжээ. Тэдний тавьсан шаардлагаар Б.Бат-Эрдэнийг хууль бус наадмын түрүүнүүдийг хураалгаж, хохирсон бөхчүүдэд цолыг нөхөн олгуулах хүсэлт тавьсан байна.

Албан бичигт “Дархан аварга Б.Бат-Эрдэнэ нь 1987 оны Наадмын 4-ийн даваанд Москвагийн олимпийн мөнгөн медальт, улсын начин Жамцын Даваажавт өвдөг шороодсон ч тухайн үеийн МҮБХ-ны удирдлага, засуул, цэцүүд дахин барилдуулна гэж хууль бус шийдвэр гаргахад Ж.Даваажав: “…хаяж болдоггүй бөх юм бол дахин барилдаж яахын” гэж орхин явснаар дархан аварга Б.Бат-Эрдэнийг давсанд тооцож байжээ.

1993 оны 6 даваанд Ховд аймгийн харьяат, улсын начин Мөнхбаатарт наадамчин олны өмнө унахад тухайн үеийн МҮБХ-ны удирдлага, засуул, цэцүүд дархан аварга Б.Бат-Эрдэнийг давсан гэсэн хууль бус, илт үндэслэлгүй шийдвэр гаргаж улсын начин Мөнхбаатарыг хохироосон.

Архангай аймгийн харьяат улсын арслан Д.Мөнх-Эрдэнэтэй 5 удаа үзүүр түрүүнд үлдэж барилдахад тухайн үеийн МҮБХ-ны удирдлагууд Д.Мөнх-Эрдэнэ чамд арсланг чинь өгчихье, халх хүн 10 түрүүлэх гэж байна, дэмжээд унаад өг олон удаа дарамталж, шахаж, шантаажилсны үр дүнд дархан аварга Б.Бат-Эрдэнэ нь давж 5 удаа түрүүлж байсан.

Мөн үүнээс гадна Улсын Баяр Наадамд улсын гарьд Ц.Цэрэнпунцаг, төв аймгийн харьяат, улсын харцага Ж.Намжилдорж нараас мөн л дээрх аргаар дарамталж, шантаажилж, найраа хийж даваа авч, дээрх бөхчүүд, хөлс, хөдөлмөр, даваа, цол, боломжоороо хохирч үлдсэн байдаг” гэжээ. Түүнчлэн  тухайн үеийн барилдааны бичлэгийг ч хавсаргасан байна.

Э.Сугар

Хуваалцах:

Сэтгэгдэл

reload, if the code cannot be seen