Өвөр Монголын алдарт жүжигчин Сэчинговоо
Монгол хүн гэдгээрээ бахархдаг энэ сайхан эмэгтэй Хятадын жүжигчдийн мөрөөдөл болсон "Алтан тахиа" хэмээх кино урлагийн хамгийн том шагналыг гурван удаа хүртсэн гэдгээрээ алдартай. Мөн зуу орчим киноны гол дүрийг бүтээж Хонконг, Тайвань, Америк, Европын кино наадмуудаас тэргүүн байрын шагналыг гуч, дөчин удаа баруун солгойгүй хамчихсан дэлхийн хэмжээний кино од юмсанж. Нийтдээ зуу орчим кинонд гол дүр бүтээжээ. Бид зөвхөн Холливудын хэдэн жүжигчнийг л дэлхийн хэмжээний жүжигчид гэж төсөөлж ирсэн байна. Тэгтэл цаана нь бидний үзээгүй сайхан кинонууд, бидний таньж мэдээгүй мундаг жүжигчид мэр сэр байдаг юм байна шүү...
Жүжигчин Сэчинговоо (Монголоор Сэцэнгуа) нь Монгол телевизээр гарч байсан бидний мэдэх "Энх-Амгалангийн төр" олон ангит киноны Энх-Амгалан хааны эмэг эх болох монгол хатны дүр, мөн Өвөр Монголын "Чингис хаан" киноны Өүлэн эхийн дүрийг тус тус бүтээсэн хүн. Хятадын түүхэнд эмэгтэй хаан хоёр ч удаа тодорчээ. Анхных нь Тан улсын хатан хаан Үй Зү Тэн, хоёр дахь нь Манжийн төрийг нэг үе залуурдаж явсан мөнөөх алдартай Ци Си хатан. Энэ хоёрын дүрийг хятад жүжигчдээс урьтаж Сэчинговоо кинонд мөнхөлжээ. Мөн жүжигчин Сэчинговоо Дундад улсын "Их гэр бүл" хэмээх гуч, дөчин жилийн турш цуврал маягаар хийгдсэн олон ангит кинонд цэл залуу наснаасаа эхлээд жар хүртлээ тогложээ... Нэг хүнийг ингэж нэг кинонд олон жил тоглуулж, тэр киногоо олон жилийн турш үзэгчдэд цувралаар хүргэж байдаг ийм үйл явц дэлхийн кино урлагт байдаг юм байна.
Эдүгээ нэрт жүжигчний амьдран суугаа газар нь гэвэл хүмүүс нь голдуу францаар ярьдаг Швейцарийн Женев хот... Түүнийг Хөх хотод урьж авчрах ажлыг Өвөр Монголын нэрт кино найруулагч Соёлцэцэг зохион байгуулсан. Манай төслийн удирдагч Dash Altantuul, зураач Batnasan Davaasambuu болон миний ирэх, очих бүх зардлыг цаанаас нь дааж зочид буудалд байрлуулснаар алдарт жүжигчин Сэчинговоотой хөөрөлдөх бидний уулзалт эхэлсэн. Эхний өдөр бид танилцаж, хууч хөөрч, ууж наргиж, дуулж хуурдаж, харин хоёр дахь өдрөөс албан ёсны ярилцлага өрнөсөн. Бид бүхний өглөөний зоогийг нэг компанийн захирал даалаа гэхэд өдрийн болон оройн зоогийг өөр компанийн захирлууд хариуцаж, ийм хүндэтгэл хоёр өдөр үргэлжилснийг бодоход Сэчинговоо гэдэг хүн Дундад улсад үнэхээр цойлчихсон хүн бололтой... Өөрөө сайхан шүлэг уншдаг, зураг зурдаг төдийгүй Монголоос очсон надаар зөндөөн шүлэг уншуулж, би гэдэг хүн жинхэнэ жаргалаа эдэлж бах нэгэнтээ ханав. Одоо харин түүний хөрөг найрууллыг хэрхэн урлах онгод авъяас миний өмнө тулгараад байгаа...
Сүүлийн жилүүдэд голдуу франц болон хятадаар ярьж ирсэн Сэчинговоо хатагтай бидэнтэй уулзаад мартах шахсан монгол хэлээ мөн ч сайхан сэргээж авлаа гэж бахдалтай нь аргагүй өгүүлж байлаа... Өвөр Монголын "Одон" телевиз энэ алдартай хүнтэй ярилцлага хийх гээд сүүлийн долоон жилийн турш хөөцөлдөөд чадаагүй, нэрт жүжигчин маань ч тэдний урилгыг хүлээж аваагүй юм байна. Харин Сэчинговоо хатагтай биднийг Монголоос сураглаж байна гэдгийг дуулж сонсоод хаа холоос Хөх хотод нисч ирж хүндэтгэл үзүүлсэн нь гайхалтай. Түүний сэтгэл зүйд Чингисийн Монгол хэмээх нэр маш сайхнаар нөлөөлжээ. Сайн эцгийн нэрийг гурав худалдаж иднэ гэгчээр Чингис хаан болоод Их Монголынхоо нэрийг мань мэт нь харь нутагт ийнхүү худалдаж идээд дуусч байна даа, хөөрхий...
Б.ОЙДОВ