ЭЦЭГ ЭХЧҮҮДЭЭ НАС БИЕД ХҮРЭЭГҮЙ ХҮҮХДЭДЭЭ ТАВИХ АНХААРЛАА САЙЖРУУЛ
Нийгэмд байсхийгээд аймшигт хэрэг гарах юм. Өчигдөр өглөө Хан-Уул дүүргийн нутаг дэвсгэрт таван давхраас хоёр хүн үсэрч амиа хорлосон харамсалтай хэрэг гарав.
Хэргийг тодруулбал, 17 настай эмэгтэй Э, 22 настай эрэгтэй М хоёр амиа алджээ. Тэд хамтран амьдрагч байсан уу, эсвэл эхнэр нөхөр байсан уу, хувийн таарамжгүй харилцаанаас болж нэг нэгнээ хутгалсан уу, эсвэл архи согтууруулах ундаа, өөр зүйл хэрэглэсэн байсан уу гэдгийг цагдаагийн байгууллагын шинжээчид ажиллаж эцэслэн тогтооно. Одоогоор хэргийн мөрдөн байцаалт үргэлжилж байгаа бөгөөд энэ талаар ямар нэгэн мэдээлэл өгөхийг хүссэнгүй
Тус байрны жижүүрийн ярьснаар “Энэ тоотод ямар айл байдгийг ёстой мэдэхгүй. Нам жим чимээгүй байдаг. Хааяа усны тооллуур үзэх гэж, сурталчилгаа энэ тэр өгөх гээд үүдийг нь нүдэхээр ерөөсөө хаалгаа тайлж өгдөггүй. Хүн байдаггүй юмуу, эсвэл үнэхээр тайлж өгдөггүй байсан уу ёстой мэдэхгүй юм” гэж ярьжээ.
Ийнхүү цэцэг цэврүү шиг охин бусдын гарт амиа алдсан уу, эсвэл үнэхээр амиа хорлосон уу гэдэг нь эргэлзээтэй байна.
Албаны эх сурвалжийн хэлснээр “Эмэгтэй нь газар дээрээ амиа алдаж, эрэгтэй нь ГССҮТ-д хүргэгдээд нас барсан” гэсэн юм.
Өөр нэг албан бус эх сурвалжийн хэлснээр залуу эмэгтэйгээ хутгалж, цонхоор шидсэн. Дараа нь өөрөө тагтаар дамжиж дээвэр рүү гараад үсэрсэн гэх. Ийм харамсалтай хэрэг болсон байгаа юм.
Тиймээс эцэг эхчүүд, асран хамгаалагч нарт хандаж сэрэмжлүүлэг болгоё. Ялангуяа нас биед хүрээгүй хүүхдээ, охиддоо хаана, хэнтэй найзалж, нөхөрлөж яваад үргэлж анхаарал хандуулж байгаачээ. Цэцэг цэврүү шиг охин үр тань гэмт хэргийн золиос болох вий, хэн нэгний халдлагад өртөх вий, амиа алдах вий, эрүүл мэндээрээ хохирох вий дээ.
Хаана ч хэзээ ч болгоомж илүүдэхгүй, анхаарлаа сулруулахгүй байхыг хүсье.
Үр хүүхдээ өөрийгөө хамгаалах дархлаатай болтол нь анхаарлаа сайн тавьж байгаач. Нээлттэй ярилцаж, ойлгож байгаачээ, эцэг эхчүүдээ. Иймэрхүү гэмт хэргийн золиос болох вий дээ.