Хуурамч шатахуун борлуулдаг “Ганвор Сингапур” компанийн захирал А.Дамдиндорж 2.3 тэрбум төгрөг бултуулахыг оролджээ

Шатахууны үнэ тэнгэрт хадаж  монголчуудыг олон сарын турш бухимдуулсны эцэст АИ-92 бензиний  үнэ  70-100 төгрөгөөр буурсанч энэ нь өргөн хэрэглээний барааны үнийн шуударсан өсөлтөөс  хоёр дахин бага байгаа нь дэндүү доог тохуутай юм болоод байна.  Өнгөрсөн хавраас хойш  хуурамч шатахуун үйлдвэрлэж нийлүүлдэг бүлэглэлүүд нь ч улам гаарав.

Хүнд даацын машинуудад ашиглаж байгаад сольсон тосыг бөөнтгөж аван химийн олон төрлийн бодистой холиод “Евро-4” стандартын дизель түлш хэмээн бусдыг залилан мэхлэх замаар борлуулж байсан Багахангай дүүргийн “Алтан оршихуй групп”, “Трафигура” зэрэг компанийн  хууль бус үйл ажиллагааг цагдаагийнхан таслан зогсоож, саяхнаас эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж байна. Хуурамч шатахуун үйлдвэрлэхэд ашигладаг 22 төрлийн нэмэлт бүтээгдэхүүнээс манай улсад керосин, нафта зэрэг нь хил, гаалийн болон бусад ямарч татваргүй орж ирдэг тул тэдгээр компаниуд хөнгөн аргаар тийнхүү ашиг олж, жолооч нарыг шулж хохироож байжээ.

Тэгвэл цагдаагийнхан дээрх компаниудыг шалгах хооронд бас дахиад яг иймэрхүү хуурамч шатахуун борлуулдаг дараагийн компаниуд нь гарч ирсээр байгаа аж. Тухайлбал, Сингапур улсад бүртгэлтэй “Ганвор Сингапур” хэмээх компанийн хэргийг  эрүүгийн цагдаагийнхан мөрдөж эхэлжээ. “Ганвор Сингапур”  компани нь Монголд шатахуун нийлүүлэх эрхгүй юм билээ.

Гэтэл энэ компанийн Монгол талын захирал А.Дамдиндорж гэгч нь эхнэрийнхээ ахын нэр дээр бүртгэлтэй “Петрохаан” компанийн тусгай зөвшөөрлийг ашиглан ОХУ-аас 3 мянган тонн дизель түлш, 9 мянган тонн керосин оруулж ирээд төмөр замын Дархан, Чойр, Рашаант, Толгойт өртөөний ойролцоох агуулахуудад буулган, урьд нь ашигласан тосыг химийн аргаар дахин боловсруулж гаргаж авсан шингэнтэйгээ хольж найруулаад  зардаг байжээ.

Мөн А.Дамдиндорж нь “Ганвор Сингапур” компанийн эздийнхээ Хятадаас авчирсан хуурамч шатахууныг ШТС-уудад маш хямд үнээр шахаж байсан байна. Түүгээр зогсохгүй “Петрохаан” компанийн нэрээр оруулж ирсэн дээрх бүх дизель түлш, керосиныхоо улсад төлөх ёстой татварын 2.3 тэрбум төгрөгийг төлөлгүй бултуулах гэж оролдож байжээ.

Өнөөдөр шатахуун импортлогч компаниуд ОХУаас нэг тонн дизель түлшийг 650 ам.доллараар авчирдаг байна. Нэг үгээр хэлбэл, энэ нь оросуудтай тохиролцсон хил гаалийн үнэлгээ юм. Харин хуурамч шатахууны гол түүхий эд нь керосин бөгөөд үүнийг тонн тутмыг нь 520 ам.доллараар авдаг юм байна. Манай улс жилд дунджаар 120 мянган тонн керосин оруулж ирдэг бөгөөд үүнээс нь 55 орчим тэрбум төгрөгийн хуурамч шатахуун гардаг гэдгийг шатахуун импорлогч компанийн захирлууд сайн мэддэг хэрнээ ШТС-уудаараа дамжуулан сэмхэн борлуулж ашиг олдог нь нууц биш болжээ.

Хуурамч шатахуун үйлдвэрлэж борлуулдаг компаниуд нь заримдаа керосин, нафта зэрэг нефтийн туслах бүтээгдэхүүнийг 70 хувь, дизель түлшийг 30 хувиар хольж найруулаад зардаг юм байна. Ингэж хийсэн хуурамч шатахуун нь машины моторыг маш амархан эвддэг аж.  Гэтэл МХЕГ болон тагнуулынхан ийм ноцтой хэргийн мөрөөр юу ч хийхгүй ангайж суугаа нь тун гайхалтай. Мөн МХЕГ-ынхан нь хуурамч шатахуун зарагдаад байгаа тухай иргэдийн гомдолын дагуу ажлын хэсэг байгуулан ажилласан нэр зүүгээд тайлангаа Засгийн газарт танилцуулахгүй хав дарж байжээ.

О.Баяр

Шуурхай.мн

Хуваалцах:

Сэтгэгдэл

reload, if the code cannot be seen