“Алтан Дорнод Монгол”-ын Т.Ганболдын гурван үг

Өчигдөр улс төрийн хүрээнд адал явдал арвинтай өдөр байлаа. Хамгийн түрүүнд өдөр тутмын сонинуудын өчигдрийн дугаарт УИХ дахь МАН-ын бүлгийн дарга Б.Тогтохсүрэнгийн хэлсэн үг нийтлэгджээ. Тэр “Ерөнхийлөгчийн өргөн барьсан хуулийн төслийг намын бүлэг дэмжиж байгаа. Даваа гаригт бүлэг хуралдана” гэсэн. Гэвч МАН-ын бүлэг дахиад л хуралдсангүй.

Баасан гаригт МУ-ын Ерөнхийлөгчөөс өргөн барьсан УИХ-ын чуулганы хуралдааны Дэгийн тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төсөл хоёр зүйл заалттай.

1.УИХ-ын гишүүдийн олонхи нь УИХ-ын даргыг хугацаанаас нь өмнө огцруулах шаардлага тавьсан тохиолдолд УИХ-аар нэн яаралтай журмаар хэлэлцүүлэх,

2.Уг хуулийг баталсан өдрөөс эхлэн дагаж мөрдөх.

Уг хуулийн төслийг боловсруулж, өргөн барьсан үндэслэлээ “УИХ-ын 40 гишүүн УИХ-ын дарга М.Энхболдыг уг албан тушаалд ажиллах ёс зүйн эрхгүй хэмээн үзэж өөрийн хүсэлтээр чөлөөлөгдөх шаардлага тавьсан, УИХ-ын дарга уг шаардлагыг хууль зүйн үндэслэлгүй хэмээн үзэж хүлээж авахаас татгалзсан, шаардлага тавьсан УИХ-ын гишүүд уг шаардлагыг хүлээж авах хүртэл чуулганы хуралдаанд оролцохгүй гэснээс болж УИХ-ын үйл ажиллагаа 40 гаруй хоног саатлаа. МУ-ын Үндсэн хуульд “УИХ-ын дарга, дэд даргын бүрэн эрхийн хугацаа 4 жил байх бөгөөд зөвхөн хуульд заасан үндэслэлээр хугацаанаас нь өмнө чөлөөлж, огцруулж болно” гэсэн тул УИХ-ын үйл ажиллагааг гацаанаас гаргах, улс орны аюулгүй байдлыг сахин хамгаалах, Үндсэн хуулийн биелэлтийг хангах үүднээс хуулийн төсөл өргөн барилаа” гэсэн байна.

Ингээд баасан гаригийн орой УИХ-ын даргын зөвлөл хуралдаж, УИХ-ын энэ долоо хоногийн хуралдааны тов, хэлэлцэх асуултын жагсаалтыг баталсан. Гэвч өчигдөр өглөө 10.00 цагаас зарлагдсан МАН-ын бүлгийн хуралдаан болсонгүй. Бүлгийн гишүүд хуралдааны танхимд цугласны дараа бүлгийн дарга Б.Тогтохсүрэн “Нөгөө 37-гийн чинь хорь гаруй нь гадаадад яваа юм байна шүү дээ” гээд хуралдааныг тодорхойгүй хугацаагаар хойшлуулжээ. Өнгөрсөн пүрэв гаригт ч гэсэн “Бүлэг хуралдах шаардлагатай” гэж чуулганаас завсарлага авангуутаа гишүүдээ тараачихсан. МАН-ын бүлэг хуралдахгүй байгаа шалтгаан энэ юм байна. Огцруулах шаардлага тавьсан 40 гишүүний олонхи нь гадаадад зугаалж яваа.

Гэтэл орой 20 цагийн үед сайтууд “УЕП асан Д.Дорлигжав, түүний дүү Д.Баатар нарын гэр болон албан өрөөнд АТГ-аас нэгжлэг хийж, Д.Дорлигжавыг цагдан хорихоор болжээ. “Алтан Дорнод Монгол”-ын Т.Ганболд энэ талаар яг одоо С1 телевизийн “Цензургүй яриа” нэвтрүүлэгт оролцоно” хэмээн мэдээлэв.

Т.Ганболд энэ удаагийн ярилцлагадаа гурван зүйлийг хэлэв.

Нэгдүгээрт, түүний Д.Дорлигжавд өгсөн мөнгө 4 сая биш, 9 сая орчим ам.доллар болсон. Үүнээс нэг ч центийг Д.Дорлигжаваас буцааж аваагүй. Хуулийн байгууллага хэргийг шалгаж байгаа. Би хуулийн байгууллагад итгэж байна

Хоёрдугаарт Д.Дорлигжавт мөнгө төлсөн хүн ганцаар тогтохгүй олон.

Гуравдугаарт, 27 жил төрд бугшсан энэ дээрэм, тонуулыг У.Хүрэлсүх, Л.Оюун-Эрдэнэ нарын шинэ үе тасдаж чадна гэж итгэж байна. 500, 600 тэрбумын лиценз, концесс өвөртөлсөн мангасууд тэрбумын зээлтэй ЖДҮ-чидтэй тэмцэж болохгүй. ЖДҮ-чдийг ашиглаж мангасуудыг дарсны дараа ЖДҮ-чдийг уучлах эсэхээ ярилцья гэв.

Харин үдээс өмнө хуралдсан УИХ дахь АН-ын бүлэг “2016 оны УИХ-ын сонгуулиар МАН 65 суудал авсан МАН төрийн эрх мэдлийг хэрэгжүүлэх чадамжгүй боллоо. Сонгуульд оролцохдоо эрх баригчдын гаргаж ирсэн 60 тэрбум гэгчийн схем, түүнээс үүдсэн хууль бус үйлдэл, авлига, ашиг сонирхлын зөрчил, МАН-ын хагарал, бүлэглэл хоорондын тэмцлийг зогсоох боломжгүй болсон тул Үндсэн хуулийн 22.2 дахь заалт, УИХ-ын тухай хуулийг үндэслэн УИХ-ыг тараах тогтоолын төсөл санаачилна” гэлээ.

Гэтэл бас “60 тэрбумын схем, ЖДҮ-ийн зээлийг АН гаргаж тавиагүй шүү. МАН-ын гишүүд өөрсдөө, намын удирдлагынхаа түвшинд баталсан зүйл. Тиймээс МАН-ыг “төрийн эрхийг хууль бусаар авахыг оролдсон” үндэслэлээр УДШ-эд өргөдөл гаргаж, татан буулгая” гэсэн хэсэг ч байна. Намынхаа Бага хурал дээр Хууль зүй, дотоод хэргийн сайд нь өөрийн амаар “Манай намын дарга М.Энхболд 60 тэрбумын схемтэй холбоотой нь үнэн. Тэгчихээд ЖДҮ-чидтэй тэмцэнэ гэж яриад байх юм аа. ЖДҮ-гээс зээл авсан хүмүүсийн чинь 20 гаруй нь УИХ-ын гишүүн байна. УИХ-ын гишүүдтэйгээ тэмцдэг УИХ-ын дарга гэж байдаг юм уу?” гэж хэлсэн бичлэг сарын өмнө олон нийтэд цацагдсан.

Т.Ганболдын хэлсэн бас нэг үг бий. “Гаминг бароноор, бароныг улаан оросоор даруулаад 70 жил улаан оростоо боолчлогдсон” гэж. Монголын түүхийн 27 жилийн ялзрал хугарлынхаа цэгт ирчихээд байгаа нь үнэн бол үүнээс хэн хожиж гарах нь сонин байна. ЖДҮ-чдээр мангасыг даруулаад, дараачийн мангасаа тэжээх үү? Эсвэл ЖДҮ-тэй нь, 60 тэрбумынхантай нь нэг мөсөн салах ёс хийх үү? 

Б.Сэмүүн

 

Хуваалцах:

Сэтгэгдэл

reload, if the code cannot be seen