МЕТАН хий МОНГОЛ МӨРӨӨДӨЛ үү?

МЕТАН хий МОНГОЛ МӨРӨӨДӨЛ үү?

 

Агаар, хөрсний бохирдол. Ногоон ирээдүй. Байгальд ээлтэй шийдэл. Солонгорсон эдийн засаг. Зөвхөн уул уурхайн салбараас хараат манай улсад дээрх дөрвөн зүйл хэлхээтэй яригдсаар арван жилийг туулжээ. Агаарын бохирдлоороо бүс нутагтаа эхний арван байрт, дэлхийд эхний 20 байрт бичигдэж буй Монгол Улсын хувьд ногоон эдийн засгийг хөгжүүлэх ёстой гэж донор байгууллагууд дүгнэж буй. Тэртээ тэргүй уул уурхайн салбараас хараат, дээр нь агаарын бохирдлоороо тэргүүлдэг манай улсад утаанаас ангижрах, уул уурхайн бусад зүйлсээс ашиг хүртэх боломж гарч ирлээ. Гэвч энэ боломж гэнэт гараад ирчихсэнгүй. Одоогоос арав гаруй жилийн өмнөөс метан хийний талаар ярьж байсан ч ойлгодог хүн, тайлбарлах эрдэмтэнгүй одоог хүрчээ. Гарч ирсэн боломжийг бид ашиглаж чадах болов уу?

 

САЙН МЭДЭЭ

 

Австралийн хөрөнгийн биржид бүртгэлтэй “Elixir petroleum” компани энэ онд Номгон IX хайгуулын талбайн судалгаагаа эхлүүлж, нэмэлт хөрөнгө оруулалт татахаар болжээ.

Тавантолгойн бүлэг ордтой холбогдох уг хайгуулын талбайн 467 метрийн гүнээс тонн тутамдаа 15 м.куб метан гаргах судалгаа гаргасан байна. 

“Номгон IX” хайгуулын талбай нь Тавантолгойн бүлэг ордын дулааны нүүрсний талбайг хамрах бөгөөд 14 сая тонн нүүрсний нөөцтэй ажээ. Өнгөрсөн оны есдүгээр сарын 12-ны өдөр Монгол Улсын Засгийн газартай бүтээгдэхүүн хуваах гэрээ байгуулсан билээ. Бүтээгдэхүүн хуваах гэрээ байгуулснаар эхний ээлжид хайгуулын ажил хоёр үе шаттай хэрэгжиж, хайгуулын дүн гарсны дараа ашиглалтын лицензийг хэрхэн олгох,ашгаа хэрхэн тохирохоор шийдвэрлэх юм.

 

Одоогийн байдлаар тус компани “Номгон IX” хайгуулын ажилдаа зориулж одоогийн байдлаар 1.25 сая ам.долларын хөрөнгө оруулаад байгаа юм. Тус компани цахим хуудаснаа мэдээлснээс харвал 2011 оноос Засгийн газартай холбогдож, 2017 оны аравдугаар сард “Номгон IX” хайгуулын талбайг худалдаж авах санал тавьж байсан билээ. Хэрэв Монгол Улс хууль эрх зүйн хүрээнд ямар нэгэн саад учруулахгүй бол тус компани төлөвлөсөн хугацаандаа, магадгүй түүнээс ч өмнө зорилгодоо хүрнэ гэж ярьж байна.

 

ҮЛЭМЖ НӨӨЦ

 

Метан хий гэдэг нь нэг ёсондоо намгийн хий. Бидэнд олдож байгаа боломж нь нүүрсний давхаргын метан хий юм. Энэ нь нүүрсний давхарга дотор хуримтлагдан бий болсон байгалийн хий. Өөрөөр хэлбэл биологийн задрал болон температурын нөлөөгөөр үүсэн бий болдог химийн урвал юм. Нүүрсний экспортын 21 уурхайтай манайх улсад ашиглаж болох боломж нь энэ.

 

“Метан хий нь манайд төдийгүй дэлхий дахинд шинэ ойлголт. Манайд бараг 10 гаруй жил яригдсан шалтгаан нь аль, аль талдаа ойлголтоо нэгтгэхэд цаг их алдсан тал бий. Одоо л цаг нь ирээд байна. Тиймээс бид бүтээгдэхүүн хуваах гэрээ байгуулж байгаа юм” гэж Монгол Улсын зөвлөх инженер Г.Ёндонгомбо ярьсан юм.

 

Өнгөрсөн найман жилийн дотор хийсэн судалгаагаар Монгол Улсын нүүрсний давхаргын метан хийн нөөц 68 тэрбум куб метр. Үүнээс хамгийн их нөөцтэй нь Тавантолгойн бүлэг орд бөгөөд нөөцийн үнэлгээ нь 53 тэрбум. Энэ бол бүс нутагтаа төдийгүй дэлхийд тэргүүлэх тоо. Зөвхөн идэвхтэй ашиглаж байгаа 22 орд дээр түшиглэсэн тооцоолол нь энэ.

 

НҮБ болон Европын холбоо зэрэг томоохон хамтын ажиллагааны байгууллагууд метан хийн нийлүүлэлт, олборлолтыг ойрын 25 жилд идэвхтэй дэмжинэ гэдгээ зарлаад буй. Тэр ч утгаараа хөгжиж буй орнуудад энэ чиглэлийн судалгааг дэмжихэд тусалсаар байгаа юм.

 

Одоогоос яг дөрвөн жилийн өмнө Өмнөд Солонгосын “Ko Gas Corporation” компанитай хамтран “Эрдэнэс-Таван Толгой” компани нүүрсний давхаргын метан хий ашиглах үйлдвэрийн төслийг эхлүүлж байв. Гэрээ байгуулснаас жил хагасын дараа буюу 2015 оны хоёрдугаар хагаст туршилтын үйлдвэрээ ашиглалтад оруулжээ. Энэ үйлдвэр 788 метр гүн өрөмдөх хоёр цооногтой. Одоог хүртэл туршилтын үйлдвэр ажиллаж байна. Гэхдээ бүрэн утгаараа ажиллахад хөрөнгө мөнгө хэрэгтэй. Нүүрсний давхаргын метан хийний судалгааг цаашид “Эрдэнэс-Тавантолгой” компани үргэлжлүүлж томоохон үйлдвэр барихаар төлөвлөж буйгаа зарлаад байна.

 

ШИЙДЭХ ГАРЦ

 

Нүүрсний давхаргын метан хийгээр бид шатахууныхаа хэрэгцээг хангах боломжтой. Шингэрүүлсэн хийн нэг литр нь одоо зарагдаж буй “АИ92” автобензинээс хоёр дахин бага үнээр зарагдана гэсэн судалгаа гарчээ. Тогтоогдсон нөөцөөр бид дотоодынхоо хэрэгцээг хангах бүрэн боломжтой. Түүгээр ч зогсохгүй томоохон автомашин үйлдвэрлэгчдийн хэрэгцээг ч хангах боломж бүрдэж буй юм. БНХАУ-д автомашин үйлдвэрлэгч 20 гаруй томоохон компани бий. Үүнээс гадна дэлхийн томоохон автомашин үйлдвэрлэгчид шингэрүүлсэн хийгээр ажилладаг автомашины судалгаанд онцгойлон анхаарал хандуулж буй. Цаг уурын өөрчлөлттэй тэмцэх Парисын тунхгаар 2030 он гэхэд цахилгаан болон хийгээр ажилладаг автомашины тоог 70-аас дээш хувьд хүргэх зорилт тавьсан. Үүний хүрээнд БНХАУ 2025 он гэхэд шатахууны автомашины хэрэглээг үлэмж бууруулахаа дэлхий нийтэд зарлан тунхаглаад буй.

 

Байгалийн асар их баялагтай. Тэр дундаа нүүрсний нөөц арвинтай гэдгийг тогтоосон 2004 оноос эхлэн дэлхий нийт Монголын зүг анхаарлаа хандуулж байлаа. Тухайн үед Скандинавын хойгийн орнууд хөрөнгө оруулах хүсэлтэй байсан нь зөвхөн нүүрс рүү шунгаж байсан төдий бус. Тэд нүүрсний давхаргын метан хийг сонирхож байжээ. Өнгөрсөн 10 жилийн хугацаанд хийсэн метан хийн хайгуулын дийлэнхийг Австралийн тал хийсэн ч Норвеги, Дани, Финланд зэрэг орнууд хөрөнгө гарган судалгаа хийж байлаа.

 

Одоогоос яг дөрвөн жилийн өмнө Өмнөд Солонгосын “Ko Gas Corporation” компанитай хамтран “Эрдэнэс-Таван Толгой” компани нүүрсний давхаргын метан хий ашиглах үйлдвэрийн төслийг эхлүүлж байв. Гэрээ байгуулснаас жил хагасын дараа буюу 2015 оны хоёрдугаар хагаст туршилтын үйлдвэрээ ашиглалтад оруулжээ. Энэ үйлдвэр 788 метр гүн өрөмдөх хоёр цооногтой. Одоог хүртэл туршилтын үйлдвэр ажиллаж байна. Гэхдээ бүрэн утгаараа ажиллахад хөрөнгө мөнгө хэрэгтэй. Нүүрсний давхаргын метан хийний судалгааг цаашид “Эрдэнэс-Тавантолгой” компани үргэлжлүүлж томоохон үйлдвэр барихаар төлөвлөж буйгаа зарлаад байна.

 

ТЭНД БАЙГАА ТУРШЛАГА

 

Дэлхий дахинд нүүрсний давхаргын метан хий, түүнийг ашиглах туршлага АНУ-аас эхэлсэн. Одоогоос бараг 60 гаруй жилийн өмнө АНУ-ын Засгийн газар ийм төрлийн судалгааны компаниудад төрөөс татаас олгох, урамшуулал олгох тогтолцоотой байжээ. Яг энэ туршлага Канадад ч мөн адил хэргэжсэн байдаг. Манай урд хөрш БНХАУ компаниудад 3-5 могийн урамшуулал олгодог ажээ. Нэг куб метр тутамд энэ урамшууллыг олгодог учраас дотоодын компаниуд энэ салбарт хүч түрэн орж байна. Хятадын метан хийний олборлолт Шинжаан Уйгарт голчлон хийгддэг. ОХУ ч мөн адил дотоодын оролцоо давамгайлсан компаниудад энэ жишгийн татварын хөнгөлөлт эдлүүлдэг аж.

 

“Танай улсад метан хий тэр дундаа нүүрсний давхаргын метан хийний асар том боломж, зах зээл бий гэж харж байгаа. Зөвхөн дотоодынхоо хэрэгцээг хангаад зогсохгүй дэлхий дахинд өсөн нэмэгдэж буй энэ төрлийн хэрэгцээг хангахад ч тодорхой үүрэг гүйцэтгэнэ. Хамгийн гол нь Засгийн газраас бодлогын төвшинд дэмжих, энэ төрлийн компаниудын тоог нэмэгдүүлэх, хөрөнгө оруулалтын хэлбэрийг тодорхой болгох шаардлагатай” гэж Исландын эрчим хүчний компанийн ТУЗ-ийн гишүүн Гуннар Триггвасон ярьжээ.

 

Монгол Улсад өрөмдлөг хийж тогтоогоогүй метан хийн нөөц 63 тэрбум куб метр байгаа. Магадгүй үүнээс давах боломж бий. Хамгийн гол нь бид энэ том боломжоо ашиглаж чадах уу гэдэг асуулт л үлдэж байна.

 

http://news.zindaa.mn/2kto

Хуваалцах:

Сэтгэгдэл

reload, if the code cannot be seen