"Үндсэн хуулийн бус аргаар Засгийн эрхэнд гарсан нь МАН-ыг тараах бодит үндэслэл"

Хуульч A.Эрдэнэцогт МАН-ыг татан буулгах асуудлаар Улсын дээд шүүхэд өргөдөл гаргаж байгаагаа мэдэгдэж өнөөдөр мэдээлэл хийлээ.

Тэрбээр "2016 оны УИХ-ын сонгуулиар МАН үнэмлэхүй ялалт байгуулсан. Ард түмэн итгэл үзүүлсэн. Гэвч МАН төрийн эрх мэдлийг хууль бусаар авсныг гэрчлэх мэдээллүүд гарсаар байна. Тиймээс иргэн хүний хувьд, хуульч хүний хувьд дуугарч байгаа юм.

60 тэрбумын хэрэг буюу УИХ-ын даргын намынхаа зарим албан тушаалтнуудтай төрийн албыг арилжих талаар ярьсан бичлэг хоёр жил хэвлэл мэдээллийн хэрэгслээр явж байна. МАН-ын дарга У.Хүрэлсүх тэр бичлэгийг нь эвлүүлэг биш гээд М.Энхболдыг ажлаа өг гэж мэдэгдсэн. Мөн МАН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга ч гэсэн тэр бичлэгийг эвлүүлэг биш гэдгийг хүлээн зөвшөөрсөн. УИХ-ын дарга М.Энхболд ч өөрөө би тийм зүйл ярьсан нь үнэн. Гэхдээ хэрэгжүүлээгүй хэмээн мэдэгдсэн. Анхнаасаа Үндсэн хуулийн бус аргаар засгийн эрхэнд гарсан нь ийнхүү нотлогдож байгаа учраас МАН-ыг тараах бодит үндэслэл болж байгаа юм.

Улс төрийн намын тухай хуулийн 23.2-т Монгол Улсын бүрэн эрхт байдал, тусгаар тогтнолыг бусниулах, үндэсний эв нэгдлийг задлан бутаргах, Yндсэн хуулийн бус аргаар төрийн эрхийг авах, хүч түрэмгийлэх, яс, үндэс, арьсны өнгөөр ялгаварлан гадуурхах, бусад орны тусгаар тогтнол, нутаг дэвсгэрийн бүрэн бүтэн байдлын эсрэг үйл ажиллагаа, сурталчилгаа явуулсан буюу шашны, цэргийн болон цэрэгжсэн, фашист намын хэлбэрт шилжсэн бол Улсын дээд шүүх намыг тараах тухай шийдвэр гаргаж, уг намыг энэ хуулийн 23.1-д заасан хугацаанд улсын бүртгэлээс хасч, нийтэд мэдээлнэ хэмээн заасан байдаг" гэлээ.

Улс төрийн намын тухай хуульд:

Нам үйл ажиллагаагаа намын эрх барих дээд байгууллагын шийдвэрээр зогсоох бөгөөд ажлын 5 өдөрт багтаан Улсын дээд шүүхэд энэ тухай бичгээр мэдэгдэнэ. Улсын дээд шүүх ажлын 5 өдөрт багтаан уг намыг улсын бүртгэлээс хасаж, нийтэд мэдээлнэ. Энэ тохиолдолд намын хөрөнгийг түүний дүрэмд заасны дагуу шийдвэрлэнэ хэмээн заажээ.

 

ikon.mn

Хуваалцах:

Сэтгэгдэл

reload, if the code cannot be seen