Буурах боломжтой ч биелэлээ эс олсон зээлийн хүү

Буурах боломжтой ч биелэлээ эс олсон зээлийн хүү

 

Бидний туйлын хүслэн болсон олон жил хүлээлт үүсгэж буй асуудал бол зээлийн хүү. Учир нь, зээлийн хүү хоёр оронтой тоотой байгаа. Тодруулбал, иргэдэд олгосон төгрөгийн зээлийн жигнэсэн дундаж хүү 18.1, компаниудад олгосон зээлийн хүү 17.4 хувьтай байна. Яагаад ийм өндөр байна вэ. Үүнд эдийн засагч, улстөрчид янз бүрийн хариулт өгдөг. Зээлийн хүү эдийн засгийн үзэгдэл учраас маш олон хүчин зүйлээс шалтгаалдаг байна. Нэгдүгээрт, валютын ханш. Хоёрдугаарт, зээлжих зэрэглэл. Гуравдугаарт, банкуудын үйл ажиллагаа. Дөрөвдүгээрт, иргэд, аж ахуйн нэгжүүдийн асуудал. Эдгээр дөрвөн хүчин зүйлийг сайжруулж чадвал зээлийн хүү буурах бүрэн боломжтой гэж Монголын банкуудын холбоо үзэж буй.

Зээлийн хүүг “шалан дээр унагах” боломжтой

Зээлийн хүүг нэг оронтой тоонд оруулах, иргэдийн хүлээлтэд хүртэл бууруулах нөхцөл боломж манай улсын эдийн засагт хомс гэдэг ч үнэн хэрэгтээ арга нь буруу байгааг дээрх хүчин зүйл харуулж байна. Дээр дурдсан дөрвөн хүчин зүйлээс зөвхөн нэгийг нь голлон авч үзэх нь ямар ч үр дүнгүй.  Харин тэдгээрийг цогцоор нь сайжруулснаар зээлийн хүү хангалттай хэмжээнд буурах боломжтой гэж үзэж байна.  Ам.долларын эх үүсвэрийн хүү 1.75 биш, 7.5 хувь байгаа нь манай улс зээлжих зэрэглэлээ сайжруулах ёстой сануулж буйг эдийн засагчид тодотгож байна. Засгийн газар төсвийн алдагдалгүй, өрийн зөв менежменттэй байвал  зээлжих зэрэглэл өснө. Гэтэл манай улсын гадаад өр дотоодын нийт бүтээгдэхүүний 240 хувьтай тэнцэж байна. Үнийн дүнгээрээ 25 тэрбум ам.доллар гэсэн үг. Тиймээс зээлжих зэрэглэлээ сайжруулахын тулд өрөө бууруулах хэрэгтэй юм.  Үүний үр дүнд зээлжих зэрэглэл сайжирч, ам.долларын эх үүсвэрийн хүү хоёр хувьд хүрвэл зээлийн хүү таван хувиар буурна гэж эдийн засагчид тооцож байна.

Мөн зээлийн хүү буурах бас нэгэн үндэслэл, шалтгаан нь валютын ханш. Ам.долларын эсрэг төгрөгийн ханш жилд зургаан хувиар суларч буй учраас зээлийн хүү өндөр байна. Иргэн, аж ахуйн нэгж, компаниуд төгрөгийн ханш сулрахгүй, тогтвортой байна гэсэн итгэлтэй болсон үед хүү буурна гэж үзжээ. Энэ итгэлийг төрүүлэх,  валютын ханшийг тогтвортой барих нь Төвбанкны хариуцах ажил. Одоогоос 6-7 жилийн өмнө төгрөгтэй харьцах ам.долларын ханш 1200 төгрөгтэй тэнцэж байсан бол өнөөдөр 2600 төгрөгт хүрээд байна. Үүний нэг шалтгаан нь  экспорт, импортоо тэнцвэржүүлж чадаагүй явдал.  Иймд зөв бодлого, менежментээр төгрөгийн ханш ам.долларын эсрэг их хэмжээгээр сулрах явдлыг зогсоож чадвал зээлийн хүү 3-4 хувиар буурах боломжтой.

Зээлийн хүүг бууруулах дараагийн шийдэл нь банкуудын үйл ажиллагааны зардлыг багасгах явдал юм. Худалдааны нэг төвд банк бүрийн АТМ байдаг. Банкуудын АТМ-ыг нэгтгэх замаар үйл ажиллагааны зардлыг нь бууруулж болно гэсэн гаргалгааг гаргасан байна.

Эдгээрийн дараа аж ахуйн нэгж, иргэдийн хариуцлагын асуудлыг хөндөх нь зүйтэй.  Тодруулбал, тэд хэрэгцээтэй мөнгөө зөв төлөвлөж, төлж чадах хэмжээний мөнгө авснаар чанаргүй зээлгүй болж, хүү гурван хувиар буурна. Энэ мэт зээлийн хүүг өсгөж буй суурь шалтгаануудыг тогтоож, шийдвэрлэх арга замыг тодорхой болгосон Зээлийн хүү бууруулах үндэсний стратегийг Төвбанк, Монголын банкны холбоо, эрдэмтэн судлаачид боловсруулжээ. Мөн Монголын банкны холбооноос зохих арга хэмжээ авсны үр дүнд зээлийн хүү 18-аас 16 болж буурсан гэж болно.

Хэрхэн, яаж, ямар аргаар бууруулах талаар цэц булаацалддаг, хүн бүрийн ярианы мөнхийн сэдэв болсон зээлийн хүү цаашид буурах эсэх нь дээр дурдсан олон хүчин зүйлээс шалтгаалах нь. Иймд энэ асуудалд холбогдох талууд буюу  Засгийн газар, Төвбанк, арилжааны банкууд, зээлдэгчид идэвхийлэн оролцох ёстой юм. Эдгээр төлөөлөл өөрсдийн үүрэг оролцоог ухамсарлаж, тухайн асуудалд зөв бодлого, зөв менежментээр хариуцлагатай хандаж чадвал  зээлийн хүү арван нэгж хувиар ч буурах боломжтой гэсэн тооцоо судалгаа бий. Товчхондоо,  Монгол Улсын зээлжих зэрэглэл А болж, эх үүсвэрийн хүү буурч, ам.доллар, төгрөгийн ханш 3-4 жил тогтвортой байж, банкуудын үйл ажиллагааны зардал багасан, аж ахуйн нэгж, иргэд зээлсэн мөнгөө заавал төлдөг болчихвол хүү “шалан дээр” унах нь.

Дээр дурдсан олон хүчин зүйлээс гадна инфляцыг ярихгүй орхиж болохгүй. Энэ нь зээлийн хүүгийн нэг гол суурь болдог гэж үздэг. Инфляц хэт өндөр байвал хүү өсгөх нөхцөл бүрддэг ч энэ нь онол талын тайлбар гэж зарим эдийн засагч үздэг. Учир нь, манай улсын нөхцөлд бодит хүү утгаа алдах тохиолдол бий. Инфляц 30 хувь хүрэхэд зээлийн хүү 20 гаруй хувьтай байдаг бол инфляц хоёр хувь болсон ч зээлийн хүү мөн 20 хувьтай байдаг нь манай улсын бодит зах зээлд инфляц зээлийн хүүд нөлөөлөх нөлөөлөл валютаасаа маш бага гэж үздэг байна.

Ямар шалтгаанаар зээлийн хүү хоёр оронтой тоонд хүрэв

Манай улстай нэгэн зэрэг зах зээлийн эдийн засгаар замнаж эхэлсэн зарим орон зээлийн хүүгээ өдгөө нэг оронтой тоонд шилжүүлж, нэг хүнд ногдох ДНБ-ээ Монголоос 2-3 дахин өндөрт хүргээд байна. Тэгвэл ямар шалтгаанаар зээлийн хүү хоёр оронтой тоонд хүрэв. Санхүүгийн байгууллага аж ахуйн нэгж эсвэл иргэнээс мөнгө авч нөгөөд нь зээлүүлэх үйл ажиллагаа явуулдаг. Үүний тулд эх үүсвэр татах нь зайлшгүй. Гэтэл Монгол Улсын зээлжих зэрэглэл В учраас хамгийн багадаа 7.5 хүүтэй ам.долларын эх үүсвэр татах боломжтой. Ийм хүүтэй х үүсвэр татсан ч банкууд дотооддоо төгрөгөөр зээл олгох учиртай. Гэхдээ төгрөгт ийм хэмжээний хүү санал болгох боломжгүй. Хэрэв ингэвэл бид бүгд ам.долларын хадгаламж нээх эрсдэлтэй учраас тэр. Төгрөгийн хадгаламжийн дундаж хүү 13.5 хувь. Үүнийг ам.долларын хадгаламжийн хүү дээр төгрөгийн суларсан хувийг нэмж гаргадаг байна. Сүүлийн үед иргэд төгрөгт биш, ам.долларт итгэх итгэл нь нэмэгдэж байгаа учраас төгрөгийн хүү ам.долларынхоос заавал өндөр байх ёстой аж. Хэрэв хүчээр доошлуулбал зах зээлд долларжилт нэмэгдэх эрсдэлтэй гэнэ.  Үүн дээр санхүүгийн салбарт ажиллаж байгаа олон мянган хүний цалин хөлсийг олгохын тулд зээлийн хүүг нэг хувиар нэмдэг байна. Ингэснээр зээлийн хүү 14.5 хувьд хүрч байна. Банкууд хадгаламж татаад Төвбанканд заавал байлгах нөөц байршуулдаг аж. Өөрөөр хэлбэл, татсан мөнгөний 12 хувийг заавал байлгах нөөцөд хадгалуулснаар зээлийн хүүг ойролцоогоор дахин нэг хувиар нэмдэг байна. Үүн дээр зээлийн эрсдэлийн шагналын хувийг нэмэх учиртай бөгөөд энэ нь бараг гурван хувь байдаг аж. Одоогоор аж ахуйн нэгж, иргэд зээлсэн мөнгөнийхөө 8.3 хувийг эргэн төлөөгүй байгаа учраас банкууд зээлийн эрсдэлийн шагнал гэгч зүйлийг нэмж, мөнгөө эргүүлэн олж авдаг байна. Энэ бүхний нийлбэр нь зээлийн хүүг 18 хувьд хүргэдэг байна.

Захиргаадалтын арга нь богино хугацаанд үр дүнтэй ч сөрөг дагавартай

Зээлийн хүүний асуудлыг хөндөхөд захиргаадалтын аргыг ярьдаг тал бий. Өөрөөр хэлбэл, захиргааны арга хэмжээ авч хадгаламжийн хүүг буулгах эсвэл банкуудын үйл ажиллагааны зардлыг бууруулах явдал. Эдгээр нь бодит шалтгаан байж болох ч  зээлийн хүүг дорвитой буулгах суурь шалтгаан болж чаддагүй.  Захиргаадалтын аргаар бууруулснаар богино хугацаанд үр дүнтэй ч урт хугацаанд сөрөг дагавартайг олон улсын судалгаанд дурджээ. Тодруулбал, хэрэв хүүг хүчээр тогтоовол төгрөгийн хадгаламжийн хүү, банкуудын үйл ажиллагааны зардал, зээлийн эрсдэлийн шагнал гэсэн гурван хүчин зүйлд сөрөг нөлөө үзүүлдэг байна.  Хүүг бага төвшинд хүчээр тогтоохоор зээл олголтыг хязгаарладаг байна. Хэрэв зээл олголт багасвал банкууд зээлийн эрсдэлийн шагналаа нэмж чадахаа болих учраас эрсдэлтэй зээлдэгч нарт зээл олгохоо больчихдог аж. Ингэснээр зээл олгох ажиллагаа багасдаг байна. Гэтэл тухайн иргэнд санхүүжилт авах хэрэгцээ байдаг учраас өдрийн зээл авах, ямар нэг мөнгө хүүлэгчид ханддаг байна. Эцэст нь, сүүдрийн банк гэдэг зүйл бий болох эрсдэлтэй. Нөгөө талдаа, санхүүгийн хүртээмжийн асуудал үүсдэг байна. Зээлийн хүүг хатуу тогтоочихоор банкууд үйл ажиллагааны зардлаа хамгийн түрүүнд бууруулдаг байна. Тухайлбал, хүн ам багатай сумын төв дэх тооцооны төвөө хаадаг байна.  Иймд зээлийн хүүг хүчээр бууруулах бус шалтгаант хүчин зүйлүүдийг цогцоор нь шийдвэрлэснээр бидний туйлын хүслэн болсон олон жилийн хүлээлт биелэлээ олох нь.

С.Ичинхорлоо

www.unen.mn

Хуваалцах:

Сэтгэгдэл

reload, if the code cannot be seen