1072 ХУВЬЦААГАА ХЭРХЭН АМИЛУУЛАХ ВЭ

1072 ХУВЬЦААГАА ХЭРХЭН АМИЛУУЛАХ ВЭ

 

Монгол Улсын Засгийн газар 2012 онд “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн нийт хувьцааны 20 хувь болох гурван тэрбум ширхэг хувьцааг тус оны дөрөвдүгээр сарын 11-нээс өмнө төрсөн, иргэний шинэчилсэн бүртгэлд хамрагдсан иргэн бүрт үнэ төлбөргүй эзэмшүүлэхээр болсон.

Ингэснээр нэг иргэнд 1072 ширхэг хувьцаа ногдсон. Тухайн үед Засгийн газраас 1072 ширхэг хувьцааг нэг сая төгрөг буюу нэг ширхэг хувьцааны нэрлэсэн үнийг 933 орчим төгрөгөөр үнэлж тооцсон байдаг. “Эрдэнэс Тавантолгой” ХК нийт 15 тэрбум ширхэг хувьцаатай бөгөөд үлдсэн 80 хувийг Засгийн газар, ААН-үүд эзэмшиж, биржид арилжаалахаар анхлан төлөвлөсөн.  Одоогоор тус хувьцааг 2.5 сая иргэн эзэмшдэг. Тэдний 623 мянга нь хувьцааны данс нээлгэсэн байна. Үлдсэн 1.8 орчим нь хувьцааны дансаа нээлгээгүй байна. Эдгээр иргэн дансаа нээлгэснээр 1072 хувьцааг эдийн засгийн эргэлтэд оруулах эрх нь үүснэ.  Иргэд хувьцаагаа хэрхэн шалгаж, дансаа нээлгэх талаарх зөвлөмжийг хүргэе.

Хэн хувьцаа эзэмших вэ

Хувьцааг Монгол Улсын иргэн,  ахмад настан болон хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд олгосон нэг сая төгрөг, оюутны сургалтын төлбөрт олгосон нэг сая төгрөгийг аваагүйгээс гадна 2012 оны дөрөвдүгээр сарын 11-ний өдрөөс өмнө төрсөн иргэд хувьцаа эзэм­ших эрхтэй. Харин хойш төрсөн иргэд эзэмшихгүй юм. Түүнчлэн 2011.04.01-2012.04.11 өдрийн хооронд нас барсан, Монгол Улсын харьяатаас гарсан иргэдэд хувьцаа эзэмшүүлээгүй байна.

Та хэдэн төгрөгийн хувьцаатай вэ

“Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн хувьцааг иргэдэд эзэмшүүлэхдээ Хүний хөгжлийн сангаас хишиг хувь хүртсэн мөнгөн дүнгээр хасагдуулжээ.
-2011 онд оюутан сургалтын төлбөр 500.000  төгрөг
-2012 онд оюутны сургалтын төлбөр 491.960 төгрөг
-2011 онд эрүүл мэндийн даатгал 8.040 төгрөг
Ахмад болон хөгжлийн бэрх­шээл­тэй иргэдэд олгосон  сая төгрөг хүртэл хэлбэрээр хувьцаа­гаа авсан бол 1072-оосоо хасагдана гэсэн үг. Тухайлбал, та 2011 онд эрүүл мэндийн даатгалын 8040 төгрөгийн хишиг хувь хүртсэн. Тэгвэл таны 8040 төгрөгт ногдох хувьцаа 1063 байна. Бодох аргачлал нь (1072*8040) / 1000000 = 8.61888 ≈ 9 болно. Дараа нь 1072 – 9 = 1063 гарч байна. Мөн иргэн  Өлзийнаран  оюутан байхдаа 2011 онд сургалтын төлбөр хэлбэрээр 500000, эрүүл мэндийн даатгал хэлбэрээр 8040 төгрөг нийт 508040 төгрөгийн хишиг хувь хүртжээ. Тэгвэл түүнд 527 ширхэг хувьцаа байна. Бодох аргачлал нь (1072*508040) / 1000000 = 544.618 ≈ 545 болно. Дараа нь 1072-545=527 хувьцаа үлджээ. Нэгж хувьцааны үнэ 933 төгрөг. Тэгвэл иргэн Өлзийнаранд 527*933=491.691 төгрөгийн хувь­цаа байгаа юм. Энэ мэтчилэн та ч гэсэн хувьцаагаа бодоорой.
 
засгийн газарт хувьцаагаа худалдаж 300 мянган төгрөг авсан уу

2016 оны УИХ-ын сонгуулийн үеэр иргэд Засгийн газарт хувьцаа­гаа худалдаж 300 мян­ган төгрөг авсан. Зарим нь 300 мянган төгрөгөө бүрэн авч, нэг хэсэгт нь 200, 100 мянга дутуу орж ирсэн нь ч бий. Тэдгээр иргэн хувьцаа­гаа хэрхэн авах талаар мэдээлэл хүргэе. Хэрэв та тэр үед Засгийн газарт хувьцаагаа худалдаж 300 426 төгрөг авсан бол 322 ширхэг хувьцаа хасагдаж 750 ширхэг хувьцаа эзэмшинэ. Харин хувьцаагаа худалдаж 200 284 төгрөг авсан бол 215 ширхэг хувьцаа хасагдаж 857 ширхэг, 100 142 төгрөг авсан бол 108 ширхэг хувьцаа хасагдаж 964 шир­хэг хувьцаа эзэмших юм. Эдгээр хэлбэрээр  мөнгөн тэтгэмж аваа­гүй иргэд болон Засгийн газарт хувьцаагаа арилжаагүй тохиол­долд таны  хувьцааны тоо 1072 шир­хэг байх ёстой. Үүнийгээ та Зас­гийн газраас тогтсон нэгж хувьцаа­ны үнэ болох 933 төгрөгөөр үржүүлэн бодож, хэдэн төгрөгийн хувьцаатайгаа мэдэж болох юм.

хувьцаа эзэмшихийн тулд заавал үнэт цаасны данс нээлгээрэй

Иргэд 1072 хувьцаагаа ава­хын тулд заавал үнэт цаасны данстай байх ёстой. Учир нь тодорхой хугацааны дараа “Эрдэнэс Тавантолгой”-н хувьцааг хөрөнгийн бирж дээр албан ёсоор арилжиж эхэлсний дараа данстай хүмүүс энэ дансаараа дамжуулан хувьцааны ногдол ашгаа авах, зарах гэх мэт захиран зарцуулах эрхтэй болно.
Эхлээд та данс “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн хувьцаа эзэмшигч эсэхээ шалгах хэрэгтэй. Ингэхдээ Үнэт цаасний төвлөрсөн хадгаламжийн төвийн www.schcd.mn цахим хуудас руу нэвтрэн өөрийн регистрийн дугаарыг кирилл үсгээр шивж оруулан шалгах юм. Хувьцаа эзэмшигч эсэхээ мэдсэний дараа Монголын хөрөнгийн биржийн  www.mse.mn хуудаст хандан бүртгэлтэй брокерийн компаниудаас сонгоно. Брокерийн компаниа сонгохдоо
• Үйл ажиллагаа явуулсан туршлага, нэр хүнд
• Тогтмол үйл ажиллагаа явуулдаг эсэх
• Байршил, техник тоног тө­хөөрөмж, харилцах боломжууд гэх мэтийг анхаарна.  Мөн данс нээлгээгүй тохиолдолд брокерын компанид хандан дансаа нээлгэнэ.  Сонгосон брокерийн компанидаа очихдоо
• Иргэний үнэмлэх
• Төрсний гэрчилгээ /на­санд хүрээгүй хүүхдийн/
• Сонгосон брокерийн ком­пани руу холбогдон дэлгэрэнгүй мэдээлэл, зөвлөгөө авч болно.
• Брокерт хандан данс нээл­гэс­нээр та хувьцаагаа өөрийн дан­санд баталгаажуулсан гэсэн үг юм.
Монголд үйл ажиллагаа явуулж буй брокерийн компанийн мэдээллийг дээр дурдсан Хөрөн­гийн биржийн цахим хуудаст нэвтрэн мэдээллээ аваарай.
Түүнчлэн хувьцааныхаа мэ­­дээллийг 158989 дугаарт регист­рийн дугаараа латин үсгээр илгээн авах боломжтой. Тухайлбал, таны регистер ПЕ9......7 бол та PYe9......7 гэж илгээгээрэй. Мессеж­ний загварыг доорх зургаас харна уу.

ирэх онд 1072 хувьцаагаа зарцуулах эрх үүснэ

Засгийн газрын 2012 оны 181 дүгээр тогтоолын хоёрду­гаарт заасны дагуу “Эрдэнэс Тавантол­гой” ХК-ийн хоёр дахь зах зээлийн арилжаа эхлэх хүртэл хувьцааг захиран зарцуулах боломж­гүй нөхцөлөөр иргэн, ахуйн нэгжид эзэмшүүлсэн. Одоо­гоор хувьцааг иргэд эзэмших, зарцуулах эрхгүй хэдий ч  ирэх онд хувьцаа амилах талаар хол­бог­дох албаныхан хэлж байгаа. Тухайлбал, “Эрдэнэс Таван­толгой” компани энэ онд 953 тэрбум төгрөгийн борлуулалт хийж, улсын төсөвт 216 тэрбум төгрөг суул­гасан. Тус компанийн ашигтай ажиллагааг жилийн эцэст 337 тэрбум төгрөг байхаар тооцсон боловч хагас улиралд 373.7 тэрбум төгрөгт хүрсэн юм. Хувьцаа амилснаар иргэд хувьцаа эзэмшигчдийн хуралд оролцож, хувьцааныхаа тоогоор санал өгөх, ТУЗ-өөс тогтоосон хэмжээгээр ногдол ашиг авах, компанийн татан буулгах үед үлдсэн эд хөрөнгө худалдсанаас олсон орлогоос хувь хүртэх боломж бүрдэх юм.

Орон нутгийн иргэд аймагтаа брокерийн данс нээлгэх боломжтой

Монгол Улсын иргэн хаана ч данс нээлгэх боломжтой юм байна. Мөн орон нутгийн иргэдэд зориулан аймгийн төвүүдэд брокерийн компаниуд үйл ажил­лагаа явуулж байгаа аж. Данс нээх үнийн тухайд орон нутаг хийгээд нийслэлээс шалтгаалан 500-7500 төгрөгийн зөрүүтэй байгаа. Үүнийг Санхүүгийн зохицуулах хорооноос тодорхой хяналт тавьдаг. Гэхдээ брокерийн компаниудад данс нээх нэгдсэн үнэ тогтоогоогүй байна. Энэхүү үнийн зөрүүний тухайд брокерийн компаниудын  үйлчилгээний хөлс, орон нутгийн замын зардал, бусад үйлчилгээний үнэ нэмэгдсэн байх магадлалтай гэнэ. Хувьцааны данс нээхэд тодорхой хязгаарлалт байхгүй. Ноогдол ашиг тараас эхлэхээс өмнө дансаа нээлгэх хэрэгтэй юм.

гадаадад суугаа иргэнийг гэр бүлийнхэн нь төлөөлж данс нээлгэж болно

Гадаадад суугаа иргэдийн хувьд гэр бүлийнхээ хэн нэг­нээр төлөөлүүлж данс нээлгэх боломж­той. Гадаадад байгаа хүнийг иргэ­ний үнэмлэхний хуулбараар бүртгэж болно. Брокерийн компа­нид бүртгүүлснээс 20 хоногийн дараа таны дансыг  нээнэ. Хэрэв та 2010 онд данс нээлгэж байсан бол хувьцааны дансаа, банкны данстайгаа холбуулах шаард­лагатай. Тиймээс нээлгэж байсан компани дээрээ очиж хувьцааны дансаа асууж, дансаа нээлгээрэй.

Хуваалцах:

Сэтгэгдэл

reload, if the code cannot be seen