Эрүүл мэндийн даатгал нэрээр иргэдийг ШУЛСААР БАЙХ УУ
Хүн амын эрүүл мэндийн үндсэн үзүүлэлт муудаж байгаагийн шалтгаан нь өвчлөлөөс сэргийлэх, эрт илрүүлж, эмчлэх ажлыг зохион байгуулах бодлого, төлөвлөлт, мэргэжлийн удирдлага алдагдсантай холбоотой. Өнөөдөр иргэд эмнэлэгт үйлчлүүлэх дугаар хүлээх, эрүүл мэндийн даатгалын үйлчилгээний чанар, хүртээмж муу байгаад ихээхэн бухимддаг. Өвдсөн иргэд цөхрөнгөө барж, мөнгөгүй нь эрүүл мэнд амь насаараа хохирч, мөнгөтэй нь гадаадад явж өндөр үнээр эмчлүүлдэг болоод удаж буй.
Эдүгээ монголчууд янз бүрийн өвчин тусах нь ихэсч, хорт хавдартай болж, эмчилгээндээ бүх хөрөнгөө зарцуулдаг болоод байна. Өөрөөр хэлбэл, олон иргэд хүнд өвчнөөсөө болж ядуурч байна. Монголын эмнэлгийн олон төрлийн шинжилгээнд иргэд итгэл алдарч, эрүүл мэндийн урьдчилан сэргийлэх болон иж бүрэн оношлогоо шинжилгээг боломжийн орлоготой иргэд гадаадад хийлгэх хандлага түгээмэл боллоо.
Тогтмол ажил эрхэлдэг хүмүүс эрүүл мэндийн даатгалын дийлэнх орлогыг бүрдүүлчихээд, хэрэгтэй үедээ эмнэлгийн үйлчилгээ авахад олон хоногоор эмнэлэг дамжин явдаг, олон төрлийн шинжилгээ өгөх, дугаарлалт авах гэх мэтээр ихээхэн бэрхшээлтэй учирч бухимдаж, эрүүл мэндийн даатгалын үйлчилгээг эрс сайжруулахыг төрөөс шаардаж байна. Эрүүл мэндийн яамны хүч хүрэхгүй байгаа бол төр засаг энэ асуудалд анхаарлаа хандуулж олон нийтийн оролцоог сайжруулах замаар нэн даруй шийдвэрлэх цаг үеийн шаардлагатай тулгарч буй юм.
Эрүүл мэндийн үйлчилгээний даатгалын талаар 149 хүнээс асуумж авахад тэдний 69 хувь нь сэтгэл ханамж муутай, 24 хувь нь дунд, 2 хувь нь сайн, 5 хувь нь хариулахаас татгалзсан юм.
Эрүүл мэндийн даатгалын үр шимийн талаар иргэд дараах тайлбарыг хэлж байв.
- Даатгал төлчихөөд шинжилгээ хийлгэх гэхээр манай эмнэлэгт хийхгүй байгаа гадуур хувийн эмнэлгүүдээр хийлгээд ир гэдэг.
- ЭМ-ийн даатгалаа төлсөн бол улсын эмнэлгээр 2 сая хүртэлх төгрөгний үнэгүй үйлчилгээ авах эрхтэй гэдэг. Тэгтэл улсынх нь эмнэлэгт үзүүлэхээр өндөр төлбөртэй хувийн эмнэлэг рүүгээ хөөнө. Өчнөөн өндөр төлбөрийн хажуугаар тэр хувийн эмнэлэгт үзүүлж ч чадахгүй юм. Үүнд хяналт тавьдаг юм уу???
- Энэ дэвтэрийг барьж очоод үнэгүй үзүүлэх нь битгий хэл хөөгдөөд гарж байсан шүү! Нийгмийн даатгал, эрүүл мэндийн даатгал гэж зүгээр мөнгө авдаг 2 дэвтэр байна.
- Насаараа эрүүл мэндийн даатгал төлж байна. Нэг удаа эмнэлэгт үзүүлэхдээ ашигласнаа санахгүй юм. Энэ аваад байгаа мөнгө чинь яг хаана хүчинтэй байдаг вэ?
- Улсын эмнэлэг хүн ихтэй байдаг тул энэ даатгал чинь нэг ч хэрэг болохгүй юмаа, ард түмний даатгалын мөнгө хэний халаасанд ороод байна вэ. Гэх мэтээр хариулж байв.
Иргэд өвчилсөн үедээ улсын эмнэлэгт хэвтэн эмчлүүлэхэд 10 хоногийн мөнгө тушаадаг. Зарим хүмүүс хугацаанаасаа өмнө эмнэлгээс гарах, нас барах зэрэгт үлдсэн мөнгийг нь буцааж өгдөггүй. Эрүүл мэндийн даатгалаар хөнгөлөлттэй эм авах асуудал бүр худлаа болсон. Эмийн сангаас эрүүл мэндийн даатгалаар эм авахад 10 хувь л хөнгөлж байна. Бүхэл бүтэн даатгал төлчөөд шүү дээ.
Шинээр эрүүл мэндийн даатгалын газар байгуулаад жил шахам болж байгаа ч одоогоор иргэдэд бодит үр дүн гараагүй байна. Хамгийн гол нь зардлын тайлан, үр дүнг ил тод болгох шаардлагатай. Даатгалын сангийн хөр өнгийг ямар хүүтэй, хаана байрлуулдаг, үйл ажиллагааны өгөөж нь ямар байгааг хөндлөнгийн аудит хийж тогтоогоод нийтэд ил тод болгох учиртай. Засгийн газраас даатгалын хураамжийг ойрхон өөрчлөх, шимтгэлийг бууруулах нь ихээхэн хор хохирол дагуулж байгааг олон орны туршлага харуулж байсаныг бодууштай.
Эрүүл мэндийн даатгал төлсөн үр дүнгээ амсахын тулд эмнэлэгт үзүүлэх дугаар хүлээж, хэвтэн эмчлүүлэх ор олдохгүй, олон төрлийн шинжилгээ бүрдүүлэх гэж цөхрөнгөө бараад байгаа иргэд бухимдсаар багагүй хугацаа өнгөрч буй. Хүн бүр л даатгалын дампуурсан энэ сэдвийг ярьдаг ч эрүүл мэндийн салбарын тогтолцооны энэ гажуудлын талаар ярих нь ховор.

Нийгэм судлаач В.Оюунчимэг