У.Хүрэлсүхээс тэнгэр нүүр буруулав уу?

У.Хүрэлсүхээс тэнгэр нүүр буруулав уу?

 

Б.ДАМДИН-ОЧИР

Мухар сүсэг, шашин ярих гэж байна гэж битгий ойлгоорой. Гэхдээ бүх зүйлд тэнгэр гэж байдаг. Учир нь бид монгол хүмүүс. Тийм учраас тэнгэр тэтгэлээ, бас нүүр бурууллаа гэж ярьдаг.

Ангийн тэнгэртэй байна гэвэл өөрөөсөө илүүд харагддаг өнөөх боохой хэд хэдээрээ таарна. За тэгээд, ханийн тэнгэртэй, бүр хүүхний тэнгэртэй гээд хүмүүсийг тодорхойлдог шахуу улс шүү дээ, бид. Угтаа аз, эзийг л хэлээд байгаа хэрэг.

Улс төрд бас тэнгэр гэж байх. Тэнгэр нь харж үзээд, аз ёндоо нь ирвэл албан тушаалын шатаар алхаж биш гүйгээд гарчихна. Нисдэг гэхэд ч болох байх.

Одоогийн Ерөнхий сайд У.Хүрэлсүх ноднин жилийн өдийд яг ингэсэн юм. Тэр үед Ж.Эрдэнэбат Ерөнхий сайд байлаа. М.Энхболд УИХ-ын дарга байлаа. У.Хүрэлсүх өөрөө Шадар сайд байлаа.

Байдал үнэндээ хүнд байв. Шадар сайд У.Хүрэлсүх өөрийгөө тагнасан болгож харагдуулах ажлыг зохион байгуулсан байна гэдэг ойлголт нийгэмд тарж, хуулийн байгууллагад хэрэг бүрдэж байсан гэдэг.

Гэвч хувь тавилан гэж сонин. Дээр хэлсэнчлэн У.Хүрэлсүхийг тэнгэр харж, Ж.Эрдэнэбатын Засгийн газар “онхолдсон” юм. Ингээд хэдхэн хоногийн дотор Шадар сайд У.Хүрэлсүх Монгол Улсын Ерөнхий сайд, МАН-ын дарга У.Хүрэлсүх болсон байдаг. Түүнээс хойш бүтэн жилийн хугацаа өнгөрлөө.

Жил гэдэг нэг талаар урт, нөгөө талаар богинохон хугацаа юм. Ард түмэн Ерөнхий сайд У.Хүрэлсүхэд дассан байна. Тэгэхээр жил гэдэг урт юм. Харин түүний анх Ерөнхий сайд болохдоо УИХ-ын чуулганы индэр дээрээс, анх МАН-ын дарга болохдоо Их хурлынхаа индэр дээрээс хэлсэн галтай цогтой үгүүдийг мартаагүй байна. Тиймээс жил гэдэг богино хугацаа юм.

У.Хүрэлсүхийн “…Амиа алдахаас айхгүй, ….Шударга бус явдалтай хэзээ ч эвлэрэхгүй” гэсэн үг тухайн үедээ Монголын нийгмийг гоё өргөсөн. Одоо л удирдагчаа оллоо гэж олон хүн баярласан.

Гэвч жилийн дараа байдал дээрдсэнгүй. У.Хүрэлсүх ч үгээ буцааж залгиснаа үйлдлээрээ харуулаад эхлэв. Болохгүй бүтэхгүй байгаа бүхнийг тас тас цавчаад өгөх юм байх гэж монголчууд Ерөнхий сайдыгаа бүтэн жил харлаа. Байдаггүй ээ. Сүүлдээ намынхаа Бага хурал дээр оччихсон Леопалд муур шиг “…Эв эеэ хичээе” гэчихсэн хэлж зогсохыг хардаг юм байна. Улмаар хэзээ ч эвлэрэхгүй, амиа алдахаас ч айхгүй үзэлцэнэ гээд байсан эв түнжин байгуулснаа ингэж зарлаадхав.

Тэр Бага хурлын дараа У.Хүрэлсүхийн дэмжигчид “урваж”, нэгэнт хагаралдсан байсан намынх нь бүлгийн гишүүдийн нөгөө талынхантайгаа нийлээд хөдөлгөөнд ороод эхлэв. У.Хүрэлсүх хазайх л юм бол түлхэх баг бэлэн байдалд шилжсэн нь тэр.

Ганц хоёрхон хоногийн дараа У.Хүрэлсүхийн Засгийн газрын нэг яамны Газрын дарга яаман дээрээ архи ууж, согтуугаар бас нэг Газрын даргынхаа амийг хөнөөсөн хэрэг гарлаа. Хоёр хонож байтал Сайншанд руу явж байсан галт тэрэг онхолдож олон хүн гэмтэв.

Эдгээртэй холбоотойгоор Засгийн газар хуралдаж, ЗТХЯ-ны удирдлагыг бүхэлд нь чөлөөлөх шийдвэрийг гаргалаа. Гэтэл сайдынх нь өргөдлийг авчихаад үүрэг гүйцэтгүүлээд байж байх ёстой байтал Шадар сайдаа оронд нь түр тавьж, Үндсэн хууль, Засгийн  газрын тухай хуулиудыг ноцтой зөрчиж, УИХ-ын онцгой бүрэн эрхэнд халдчихав.

Дахиад хоёр хонож байтал АН-ынхан хэвлэлийн бага хурал хийж, У.Хүрэлсүхийн Засгийн газрыг огцруулна гээд мэдэгдчихлээ.

Ерөнхий сайд У.Хүрэлсүх, түүний Засгийн газар ийм маягаар энэ долоо хоногийг үдэж байна. Дараалсан баахан “шанаа” аваад тун чиг баргар өнгөрөөж байх шиг байна.

Энд тэнд явахдаа хүртэл бүдэрч уначих гээд Ерөнхий сайд маань нэг л өнгө муутай байна уу даа гэж намынхан нь ярьж байна. Засгийн газрынх нь хоёр сайд Төрийн ордонд “…Ерөнхий сайд маань нэг л явахгүй болчихов уу даа” гээд шивнэлдэж сууна гэнэ лээ.

Ер нь У.Хүрэлсүхээс тэнгэр нүүр буруулж байна уу гэсэн хандлага л газар аваад байна даа, цаад улс төр хавиар чинь.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

Хуваалцах:

Сэтгэгдэл

reload, if the code cannot be seen