Маркс хэмээх хүмүн төрөөгүй юмсан бол Монгол хэмээх улс байхгүй болох байсан

Маркс хэмээх хүмүн төрөөгүй юмсан бол Монгол хэмээх улс байхгүй болох байсан

XX зуунд монголд олон том хувирал өөрчлөлт болсон байдаг. Бидний цөөхөн  монголчууд  зөвхөн нэгэн зууны дотор феодализм, социализм, капитализм хэмээх гурван өөр нийгмийн "идээ будаа”-г  амталсан. Ардын хувьсгал, социалист хувьсгал, ардчилсан хувьсгал гэх нийгмийн гурван өөр хувьсгалыг хийж, хувь хишгийг нь  хүртэж явлаа, эргэж харвал газарч болдог гэх.  Тэгэхлээр нь   эргэж  харан сэхээрэх гэж оролдлоо.

Чингэхдээ   наран ургах зүг, хур бороо  урих  зүг  гэлцдэг  зүүн зүгээс  томоор харахыг  хичээлээ. Энэ талаас нь харахаар  хэрэвхүйеэ  Карл Маркс  хэмээх  нэгэн  немц хүн 1818 онд алс холын  германы Тверь хотноо төрөө нь үгүй юмсан бол  1867 оны  9 дүгээр  сарын 14-нд "Капитал”  хэмээх  хөлгөн их судар нь  төрөөгүй байх байж.  Хэрвээ К.Маркс,  "Капитал” хоёр  төрөө нь үгүй юмсан бол   Орост марксист Владимир Ильич Ленин төрөөгүй л байх байж.
Хэрвээ  Маркс, Капитал,  Ленин гурув  төрөө нь үгүй  юмсан  бол  Орос дахь Октябрийн хувьсгал  төрөхгүй  байх байж.  Хэрвээ  Маркс, Капитал, Ленин, Октябрь дөрөв төрөө нь үгүй   юмсан  бол  Монгол ардын нам төрөхгүй байх байж. Хэрвээ Маркс, Капитал, Ленин, Октябрь, МАН  хэмээх зүүн зүгийн таван үеийн ураг удам төрөө нь үгүй юмсан бол 1921 оны Монгол  ардын хувьсгал төрөхгүй байх байж. Хэрвээ Маркс, Капитал, Ленин, Октябрь, МАН, Монгол ардын хувьсгал гэх зургаан үеийн ураг  удам  төрөө нь үгүй юмсан бол, Тусгаар тогтносон Монгол Улс төрөөгүй  байх байж.  Хэрвээ  Маркс, Капитал, Ленин, Октябрь, МАН,  Ардын хувьсгал, Монгол Улс хэмээх долоон  үеийн ураг удам   төрөө нь үгүй юмсан бол, энэ цагийн монгол хүмүүс  төрөөгүй  байх байсан юмсанж.
Хэрвээ  ирсэн замаа ийнхүү сөргөөж  нэг мөшгөвөл  өнөөдрийн   монгол хүмүүс  гэдэг бид  яах аргагүй зүүн зүгийн долоон үеийн  алдарт  буурал элэнц хуланц, өвөө эмээ,  өвгөд дээдэс бүхий өнөр өтгөн ураг удамтай ард түмэн юм байна. Иймэрхүү л түүхэн баримтын  уяа чагтага сэтгэлийн  үзүүрт нарны цацраг адил  алтран харагдах тул  тэр тухайгаа  хүүрнэе  л гэж  энүүхнийг тэрлэв  ээ.
Дээр дурдсан бүхнийг нэгэн цонхоор шахаж  бөөнөөр нь харваас манай гаригийн өнгөрсөн  мянганы эрдэм номын  манлай  их хүн   Ньютон, Дарвин,  Шекспир, Колумба, Эйнштейн нартай эн чацуурсан Карл Маркс хэмээх  нэгэн  их хүн  хоёр зууны тэртээ мэндэлж, хүмүн хорвоогийн  зайлшгүй  замнах  ёстой зүүн  талын  нэг саруул  сайхан зам байдгийн учир утгыг тайлж, түүний жам ёсыг нээж өгсөн учраас л  өнөө цагийн Ази тивийн чанх элгэн дээр  бүрэн эрхт  Монгол Улс   ханаа шийрлэн, өрхөө татаж сэргэн мандсан байдгийг  олж  мэдсэн тухайгаа   уншигч түмэнтэйгээ  хуваалцах гэж суугаа минь энэ.
Ингээд бодохоор XXзууны хоёрдугаар хагасын Монголчууд бидний сэтгэл оюуны ертөнц  гэдэг нь мөнөөх  буурал Марксын  сэтгэл оюуны ертөнцтэй  яалт ч үгүй садан  төрлийн сүлбээтэй төлөвшиж тогтсон байж таардаг юм байна. Аливаа бүхэн, түүний дотор  Монголын хувь тавилан гэдэг  ийм л  олон   салаа  зам золгох нэгэн    уулзвар дээр малгайн сампин шиг сүр жавхлантай тогтож байдаг  учиртайг энд чадан ядан хэлье үү л гэсэн юм.
Ингэж хэлэхээр, байз, байз, юу  гэнэ ээ?  Тээр холын герман оронд Карл Маркс гэдэг  немц угсааны нэгэн хүмүн  энэ хорвоод төрөө нь үгүй юмсан бол хаа холын Төв Азийн чээжин дээр оршиж байдаг Чингисийн монгол хэмээх улс байхгүй байх юм гэж үү?  хэмээн эргэлзэх бодол төрж магадгүй биз.Хэрвээ хэн нэгэн ингэж асуудаг юм бол шууд "Тийм ээ” гэж хэлнэ. Яагаад гэвэл яг л тийм учир шалтгаан тэр цагт Монголыг хүлээгээд байж байсан гэмээр   баримт сэлт  байдаг юм. Ямар баримт байна вэ  гэвэл 1919 онд Хятадын генерал Сюй Шү Жан    олон мянган цэрэгтэй дайлаар  ирж Монголын автономыг устгаж  Дундад иргэн улсын  баруун хойт талын  муж болгосон тэр  баримтыг хэлж  байна. Хэрвээ  К.Маркс"Капитал”,В.И.Ленин,  Октябрь  дөрөв нь  үнэхээр байхгүй  байсан бол Дундад иргэн улсад дагаар оруулсан  тэр аймшигт түүхэн баримтаар энэ Монгол Улсын  бүрэн эрхт тусгаар тогтносон улс болох хувь тавилан  бүтэлгүйтэж, тэгээд л дуусах байсан биз. Тэр байтугай социализм,коммунизмын  тухай үнэн зөв   онол  сургаал, түүнийг хэрэгжүүлэх үзэл санаа  эдүгээ хүртэл манай цэнхэрхэн гариг дээр  гарч ирээгүй байх байсан ч  юмсан уу хэн мэдлээ.  Гэвч энэ бол өчүүхэн молхи миний л  бодол тул буруу ташаа бодсон байж болно. "Өөрийн бодол өөртөө зөв, өрөөл даалимба өмдөндөө зөв” гэсэн үгтэй учраас лбодол  санаагаа хэллээ.  Тэртээ  холхи дундад зууны хэмжээнд хоцрогдоод байсан   монголчууд маань  мөнөөх зүүний үзлийн долоон үеийн  өвөг дээдсийнхээ  билэг оюуны ач буянаар бараг л нүд ирмэж,  хуруу инчдэхийн зуурт  социализм хэмээх цоо шинэ нийгмийг эх орондоо  цогцлоон байгуулж, ард нийтээр аз жаргалд хүрсэн  үнэн  түүх  байдаг. Энэ утгаараа социалист нийгмийг заавал  аж үйлдвэржсэн оронд гэлтгүй,  дундат эртний үеийн феодалын  байгуулалтай,  суурин соёл иргэншилд хараахан ороогүй, ердөө л нүүдлийн соёл иргэншил бүхий   улс оронд ч байгуулж  болдог  учиртайг, тийм зам  нэгэнт сонгож авсан улс орныг орчин үеийн  хөгжингүй орон болгож  чаддаг  гайхамшигт  эрч хүчийг  өөртөө агуулж байдгийг нотолж дэлхийн улс түмнийг гайхшруулсан түүх  зөвхөн манай монголд л байдаг байгаа юм.
Хүн төрөлхтөн ийм түүхэн их үсрэлтийг үүнээс өмнө үзээгүй  учраас феодалын монгол социалист монгол болсныг хараад чухам  л эвэртэй туулай  үзсэн мэт ихэд  сонирхон биширч байсан билээ.Энэ бол  манай  бодит  амьдралын бахархал байсан, байсаар байх болно. XX зууны хоёр дахь хагасын монгол хүмүүс бол Маркс багш шиг, маркситст Ленин шиг, аймшиггүй чин зоригт Сүхбаатар жанжин шиг, ард түмний үнэнч хүү маршал Цэдэнбал шиг   монгол хүнээ  хайрлан дээдэлдэг  нийгэмч  үзлээр нэгдэж чадсан  ухамсарт хүмүүс байлаа.  Тиймээс тэд бол  аминч  уйтан хорвоогийн зовлон зүдгүүр  гэдгийг бараг үзэж мэдээгүй туйлын гэнэн цайлган хүмүүс байсан байдаг. Тэд  ядуурал гэдгийг мэдэхгүй болсон байсан. Ажилгүйдэл гэдгийг мэдэхгүй байсан. Ажилтай орлоготой ядуурал гэдгийг бүр  мэдэхгүй байсан. Авилгачид  гэж ямархан  амьтан байдгийг мэдэхгүй л явсан.  Эмнэлэгт хэвтэх, эрдэм сурахын тулд төлбөр төлдөг болох юмгэдгийг  мэдэхгүй явсан.  Тийм учраас өнөөдрийн байж боломгүй үй түмэн бэрхшээлд хөл алдан сөхөрч байна.
Монголд  ингэж барьц алдахгүй сайн сайхан амьдрахад хэрэгтэй бүх зүйл бараг бүрэн байгаа. Бараг гэхийн учир гэвэл цорын ганц зүйл монголд дутаж байна. Тухайлбал,жинхэн  сайн  удирдагч  олдож өгөхгүй байна. Би бол  яалт ч үгүй хорьдугаар зууны хүн. Далаад насыг   тэнд өнгөрүүлсэн байгаа юм.
Хорьдугаар зууны үеийн хүний хувьд бодлоо  хэлэхэд Жавзандамба, Ханддорж, Цэрэнчимид,Намнансүрэн, Магсаржав, Сүхбаатар, Бодоо, Цэрэндорж, Гэндэн, Амар Догсом, Төмөр-Очир,  Цэнд, Самбуу, Цэдэнбал, Жагварал, Рагчаа, Батмөнх, Содном, Гунгаадорж  нарыг  улс орноо удирдах бодол ухааныг уураг тархиндаа хураасан, эх орноо хайрлах үзлийг элэг зүрхэндээ хадгалсан  XX зууны шилдэг хорин  удирдагч гэж үнэлдэг.Эдгээр нэрийг овгийн үсэггүй бичихэд ойлгох учиртай  гэж санана. Тэдэнд   олон төрлийн эрдэм ухаантай, нинжин сэтгэлтэй, эх оронч хүмүүжилтэй,  холч мэргэн бодолтой, зангаргатай  гээд  шилдэг чанараараа тодорч  танигдсан  удирдагч мөн  байсан хэдүй  боловч  бүгдээрэнд нь ижилхэн   нэг л гойд содон нэг чанар  зуршмал байсныг   олж харсныгаа би нээлт  гэж үздэг. Тэр нь юу байв гэвээс:
Төр засгийг хувийн зорилгоор удирдах ёсгүй,  тийм байж хэрхэвч  болохгүй  гэдгийг   баттай харуулж чадсан явдал  юм.  Үнэхээр тийм   удирдагчид  баараггүй мөн байсан. Тэд төр засгийн  эрх мэдлийг хувийн  эрх ашгаас хол  хөндий байлгаж чаддаг хүмүүс  байсан. Төр  засгийн аливаа ажил хэргийг хувийн атаа жөтөө,  өш хонзонгоос хол зайтай удирдан жолооддог удирдагчид байсан. Тэдэн шиг  удирдагчийг олж тодруулж чадахгүй гучаад жилийг алдаж орхилоо.
Өнөө цагийг цэвүүн цаг гэхгүй боловч  монолчуудын тухайд урьд өмнө үзэж байгаагүй хэцүү хатуу бэрхшээлийг тулган  хүлээлгэсэн  айхтар  аюултай  цаг юм.  Хүн хүнээ хайрлан энэрдэг  байсан  социалист үзлийн  зөөлөн  цагаан  дэвсгэр дээр амин  хувиа хичээгчид, эх орныхоо  эрх ашгийг наймаалагчид  зугаа цэнгэлийн бүжиг  наадам хийцгээж  байна. Үзээгүйгээ ч  үздэг боллоо.  Эдүгээ Ерөнхий сайд байсан хоёр ч эрхмийгээ  шоронд хийлгээд авлаа.  Өөр зарим эрхмийн   бүтэлгүй  хэрэг  явдлын тухай явган яриа   бүр зүрх сэтгэл рүү дэлсэх боллоо.  Үүний өмнө ерөнхийлөгч  асан Н.Энхбаярыг ял эдлүүлсэн тохиолдол  ч бий.  Энэ  бүх баримт бол бидний мэдэхээс XX зууны монгол төрийн урт түүхэнд үзэгдэж харагдаагүй,  туйлын гашуун баримт мөн.
Хорь, гуч, дөчөөд онд Ерөнхий сайд  Бодоо, Данзан,Чагдаржав, Гэндэн, Амар, нарыг гадны шахалт шаардлагаар хэлмэгдүүлж цаазлан хороосон бараан түүх байдаг. Гэвч   Ерөнхийлөгч, Ерөнхий сайд нар нь  эрүүгийн гэмт хэрэгт  өөрсдөө холбогдож  байсан тохиолдол  арай ч  гарч байгаагүй юмсан. Эрүүгийн хүнд хүнд гаруудыг төр засгийн тэргүүн дээр  залдаг  байсан  юмсан уу  гэхээр   их л муухай  юм болж байна. Яасан   хүнд    цаг үе хүрээд ирэх нь энэ вэ? Хэзээ хийсэн ямар гээч   нүгэлт  үйлийн  үр гэж ийм байдаг юм бол оо гээд бодохоор эгэл түмний арга барагдаж  сэтгэл түгшнэ.
Ардын нам төр бариад хоёр жил өнгөрлөө. Эдийн засагт сэргэлт гарч байна. Өрийн дарамтын доороос өндийлөө. Энэ бол тун сайн хэрэг.Гурван тулгуурт эдийн засагтай болох  анхны  алхмыг хийж эхэллээ. Сургууль эмнэлгээр хангах,  ажилгүйдлийг багасгах  арга хэмжээ авч байна.Ерөнхийдөө нааштай өөрчлөлт гарч эхэлжээ.  Гэхдээ цаана нь  онц чухалчлан  ярьж,  дав даруй шийдэх   асуудал  бас байна. Монголын ард түмэн өмнөх сонгуулиар  Ардчилсан намыг засаг төрийн удирдлагаас зайлуулахыг хүсэхдээ  ямарч атугай цаашид тэвчих аргагүйд хүрсэн маш ноцтой хэдэн шалтгааныг  урьтал болгосныг сонгогч  түмэн өөрсдөө санаж байгаа биз. Тэр  нь нэгдүгээрт, цалин тэтгэвэр бараг нэмсэнгүй, хоёрдугаарт, Оюу толгойн гэрээг муу дээр нь муу, муухай дээр нь улцан болгосон,  гуравдугаарт,  Эрдэнэтийн 49 хувийг  Үндсэн  хууль дээгүүр    давуулж завхруулсан, дөрөвдүгээрт, Зоригийн амийг бүрэлгэсэнхэргийнилрүүлэлтийг санаатай будлиантуулсан  гэж үзсэн  байх.    Одоо тэгтэл дээрээс нь нэмээд  нэг  ноцтой баримт дуулдаж байна.  Тэр бол Бага нуурын 700 мегаваттын цахилгаан станц байгуулах талаарөмнөх засгийн   газрын  хийсэн  улс төрийн алдаатай гэгч  гэрээний асуудал өндөр авч байна.
Энэ хэдэн асуудал чинь  эх орноосоо урвасан, Үндсэн хууль ноцтой зөрчсөн,  хүний эрх, эрх чөлөө, шударга зарчмыг  үгүйсгэсэн, эцсийн дүндээ  1990 оны ардчилсан хувьсгалын язгуур  чанартай  эрс тэс  харшилж байгаа гэмт үйлдэл учраас л ард түмэн нийтээрээ  хилэгнэн буруушааж байх шиг байна. Эдгээр асуудлыг  Ардын намын эрх барьж байгаа  энэ төр засаг заавал шийдэж өгөх ёстой. Өөр найдах эзэн байхгүй. Энэ   хэдийг шийдээгүй цагт Ардын нам 2020 оны сонгуульд ялах учир  байхгүй. Яагаад гэвэл  дээрх гэмт хэргүүдийн  учир шалтгааны улмаас монголын ард түмний дотоод ертөнц гэдэг нь мөнөөх Отелло  гэдэг   муйхар   эр   Ягогийн   хорт явуулгаас болж өөрийн үнэнч хань Дездемондоо гомдож гутрахдаа түүний амийг хөнөөсөн шиг тиймэрхүү л  хар дарсан гомдол цөхрөл, итгэл алдарсан  уур хилэн  хуримтлаад  байх шиг байна.Тэгтэл эдгээр монгол төрийн  ёс зүйд  үндсээрээ харш хэрэг явдлыг   бүдгэрүүлэн замхруулах  гэсэн  эсэргүү  бодолтой этгээд цөөнгүй байна.
Энэ бүхний хаялгаар Монголын нийгмийг сэтгэл гутрал, гомдол цөхрөлийн  харанхуй манан бүрхээд байх шиг. Аягүй бол Ардын намыг хамтад нь  сугавчлаад явчихаж магадгүй  байна. Одоо бол улс төрийн гал түймэр унтраах төдий суудаг  цаг яавч биш. Унтарчих гээд байгаа Чингисийн Алтан төрийн гал голомтыг харин дүрэлзтэл сэргээх хэрэгтэй байна.
Өөрсдийгөө бурханы зиндаанд залж, бусдыг буг чөтгөрийн дансанд бичдэг цөвүүн цагийн зэврүүн салхи шуургыг  сөрөн зогсож, гэтлэн давахуйц удирдагч  хэрэгтэй.Жигүүртнээр жишиж үзвэл эдүгээ цаг гэдэг бол орлио цахлай, ховч шаазгай, дуучин хөхөө, шуналт элээ, гэлэн тас шувууд удирдаачийн саваагаар  дохиж суудаг цаг үе  огт биш. Өнөө цаг бол эр зоригт харцага шонхоруудын цаг.  Ардын намын шинэ дарга,  Ерөнхий сайд У.Хүрэлсүхийг эр бор харцага шиг зоригтой   бас хурдтай хүчтэй ажиллана  байх  гэж тус намын олон нийт    найданхарж, хүлээж байна.  Эдүгээ ямар ч атугай түүнийг УИХ-ын гишүүний суудалд  суулгах  шаардлагатай байна.Нэг сайн санаатай нь өөрөө сайн дураараасуудлаа өгнө биз. Тэглээ гэхэд сорнгогчид дургүйцэхгүй.
У.Хүрэлсүх гэдэг энэ хүн зургаан жилийн өмнө өөрийн  санаачилгаар УИХ-ын гишүүнийхээ суудлыг чөлөөлөн өгч байсан хүн.  Жаран таван суудалтай намын дарга хүн УИХ-ынхаа туурганы гадна   сууж байж таарахгүй. Түүнчлэн саяхан  чуулсан Ардын намын дэргэдэх ахмадын холбооны  Тавдугаар их хурал дээр  гавьяат нөхөр Г.Жамъянгийн хэлсэн санал шүүмжлэлийн  мөрөөр  ажиллаж,   түүний тавьсан асуудлыг нэг талд нь гаргах, хэрвээ шаардлага байгаа бол удирдлагын түвшинд зарим сэлгээ хийх хэрэгтэй байх.  Бас Ардын нам монгол хэлтэй, ярьдаг амтай, хэлдэг үгтэй, тэмцдэг зоригтой,  чадмаг улс төрчидтэй нам гэдгээ  тасралтгүй харуулж байгаасай гэж  эгэл гишүүд нь хүсэмжлэн байна.
 
Монгол Улсын соёлын гавьяат зүтгэлтэн, сэтгүүлч Хорлоогийн ЦЭВЛЭЭ
Хуваалцах:

Сэтгэгдэл

reload, if the code cannot be seen