ОХИН ҮРЭЭ ХАЙРЛА

 

Яруу найрагчийн зүрх сэтгэлд ямагт энэрэл ариуслын гэгээ оршин байдаг. Тиймээс нийгмийн амьдралын бүхий л зүйлсийг хайрлахуйн ухааны шүүлтүүрээр шүүж ярууслаар цэгнэж байдаг нь тэдний гол давуу тал нь юм. Бямбажавын Энхтуяагийн "Охин үрээ хайрла” шүлгээр жишээлэн бодохуйд таныг тал өгнө гэдэг итгэж байна.
Өнөөгийн нийгэм бухимдлаар дүүрэн. Ер нь амьдрал бухимдлын мананг гэтэлж л урагшилдаг юм шиг байна. Тэр мананг бүхнээс түрүүлэн нэвтрэгч нь яруу найрагч, сэтгэгчид байдаг нь тэдний уран бүтээлээс тодорхой харагдана. Тухайлбал гэр бүлийн хүчирхийлэл, жендерийн асуудал өнөөдөр нийгмийн тулгамдсан асуудал болтлоо гүнзгийрсэн байхад уг асуудлыг зохиолч, яруу найрагчид уран бүтээлээрээ аль хэдийнэ хөндөн тавьж байсныг төрийн бодлого боловсруулагчид хэр хүлээн авч байсан юм бол гэх бодол төрнө. Б. Энхтуяагийн "Охин үрээ хайрла” шүлэг гэхэд л хорь гаруй жилийн өмнө бичигдсэн гээд бод л доо. Тэр шүлэгт юу өгүүлж, ямар асуудлыг хөндөн тавьж байсан бэ?
Юуны өмнө "Охин үрээ хайрла” шүлэг бичигдсэн шалтгааныг зохиогчийн өөрийнх нь дурсамжаас сонирхоё.
"Манай бага охин тэр үед 9-р ангид сурч байлаа...Нэг орой кино үзье гэхээр нь тасалбарын мөнгө өгөнгөө ангийнхаа хүүхдээр хүргүүлж ирээрэй гээд явуулав аа. Төд удалгүй аав нь ороод ирлээ. Идэрмөрөн хаачсан гэж байна. Оройн кино үзэхээр явсан гэлтэй биш "Одоо ороод ирнэ ээ” гэлээ. Нэлээн орой бөөн баяр орж ирсэн охиноо аав нь "Хаачаад ирэв” гэж байна. Охин ч үнэнээ л хэллээ. Гэтэл Хүрлээ уурлаад "Чи яахаараа хар нялхаараа байж оройн кино үзэж явдаг юм. Замаа алдах нь уу” гээд л загнаж гарахгүй юу. Дэлхийн хамгийн муу охиноор тодруулж, мөнгө өгсөн би ч бас буруутлаа. Бид хоёрыг баахан загнаж, хоёуланг нь хүмүүжүүлчихлээ гэж тайвшраад өрөөндеө ороод унтаад өглөө. Охин уурлаад, уйлаад болдоггүй. Би ч бас гомдол төрөөд...Хүүхдүүд аавтайгаа ярихаас илүү надтай их санал бодлоо хуваалцана. Тэгээд л гомдол зангираад байхаар "Охин үрээ хайрла” гээд л бичиж эхэлсэн дээ”. 
Б. Энхтуяагийн дурсамжаас үзэхэд гэр бүлийн амьдралд тохиож л байдаг ерийн нэг явдал мэт боловч үнэндээ амгалан тайван амьдралын хэв маяг алдагдсанд зовиносон эцгийн бухимдал, охин үрээ өмөөрсөн эхийн гоморхол нь угтаа нийгмийн шинжтэй асуудлыг хөндсөнд үнэ цэн нь оршино. Гэр бүл бол бичил улс гүрэн юм. Охин үрээ хайрла гэдэг нь зөвхөн эцэг эхийн дотоод мэдрэмж, хүсэл бус нийгмийн хөгжлийн дээд босго болох аз жаргалант амьдралын амин сүнс юм. 
Эл шүлэгт хэдийвээр эх хүний сэтгэлийн өгүүлэмж үндсэн дэвсгэр хөгийг хөглөн хөтөлж байгаа боловч түүний цаана, наана эцэг хүний үггүй хэлэх үнэн хайр нэвт гэрэлтэж арга билгийн зохирол тодорч байгаа нь тохиолдын зүйл бус. Чухамдаа эмэгтэй найрагчийн л мэдэрч чадах охин ертөнцийн нууцлаг хийгээд нандин чанарыг нээж эх хүний зөн совин, туулж ирсэн амьдралын ухаарлыг нийгмийн амьдралын өргөн хүрээнд томж дүрсэлснээрээ "Охин үрээ хайрла” шүлэг монголын яруу найргийн амин мэдрэмжийн чухал нээлт болсон юм. Энэ шүлгийн дэвшүүлэн тавьсан хайрлахуйн үзэл санаа нь он жилүүд урсан өнгөрөх тутам улам өсч цаашдаа ч нийгмийн энэрэл гэгээрлийн нэгэн гэрэлт бамбар болон бадмалсаар байх болно.
"Охин үрээ хайрла” уран сайхны боловсруулалтын хувьд сонирхол татам шийдэл бүхий шүлэг юм. Мөр бүхэнд ухааны чагтага томж бадаг бүхэнд энэрэхүйн эрхин тарни шүншиглэжээ. Охин үр гэх дүр дүрслэл, хэлц хэллэг, нандин сэдвийг утга зохиолын дэвжээнд бренд болтол урласанд Б. Энхтуяагийн "Охин үрээ хайрла” шүлгийн уран сайхны нээлтийн утга учир оршино.
"Охин үрээ хайрла
Омогдож загнахдаа ч хайрла” гэж шүлгийн оршил эхэлж байна. Алтан заадал салж ачит эх болох охин үр бол онцгой хувь тавилантан юм. Эх болох энэ хувь заяатны алтан мөчлөг нь төрөлх гэртээ амьдарч буй охин нас нь билээ. Чухамдаа охин насны хүмүүжил, амьдралын дадал заншил нь гэр бүлийн орчинд голлон бүрэлдэж нийгмийн тэгш харилцааг үүсгэн сайн сайхан амьдралын үүтгэл болдог байна. 
"Нар ханын толгойд буухад хааяа нэг сэрэг, бүү зэмлэ
Насаараа тэр чинь өглөө босох хүн, төрсөн гэртээ л нойр аваг” гэж шүлгийн үндсэн бадаг эхэлж байгаа нь монгол ахуйгаас энэ бүхэн үүдэлтэйг сануулж буй хэрэг. Охиндоо "насаараа уухгүй амтат цай, амсахгүй жаргал”-ыг нялх багад нь тоонотод нь эдлүүлж "насаараа сонсохгүй энхрий үгийг гамнахгүй хэлэх” нь хувь хүний хандлага гэхээсээ эх хүнийг амьдралд бэлдэж буй монгол гэр бүлийн ухаан юм. Ер нь "энхрий гарын нь хурууг чилтэл гэр зуураа зарахдаа ээжийн цай уулгаж, аавын үгээр энхрийлэх”, "зөөлөн булбарай хурууг нь зүү утастай, зөөлөн хонгор аашийг нь зүйр үгтэй шадарлуулах” нь зөвхөн монголд л байх ухааны ахуй орчин мөн байх. "Охин үрээ хайрла” шүлгийн нандин нь урган төлжих үед бие болоод сэтгэлийн төрөлх чанарыг тарнидах мэт яруусан хамгаалж ухаарлын өндөр босгыг монгол ахуй, зан заншил, сэтгэлгээний хэв шинжээс тодлон дүр болгосонд оршино. Энэ бол монгол найргийн монгол сэтгэлгээ мөн учраас эл шүлгийг монгол туургатан зон олон ямар ч хаалт хашлагагүйгээр хурайлан хүлээн авч байна.
"Охин үрээ хайрла” шүлгийн гэгээн санаа нь төрөлх чанарын дархлаажилт юм. Дархлаажсан төрөлх чанарын бэлгэдэл нь "охин үрээ хайрла” гэсэн титэм санаа болой. "Арван жил зэмлээд ч ухааруулж амжаагүй үгийг”, "хорин жил дуудаад сэрээж чадаагүй нойрыг” "анхны үр нь төрөөд үдшийн шөнөдөө ухааруулах”-ын нандин учиг нь төрөлх гэрийн амар амгалан байдал, аз жаргалын амин орчин болохыг тодолж байгаа нь учиртай. Тиймээс охин үрээ охин насанд нь төрөлх гэрт нь амжиж хайрла гэж яруу найрагч маань эцэг эхээр нь улбаалж нийгэмд хандан залбиран гуйж байна. Үнэхээр "зүйдэл оёдол... зөвлөх хэлцэхийн хорвоод” төрсөн охин үр чинь "хүний гэргий болох гэж гангар шаазан шиг хагарч”, "үрийн эх болох гэж алтан заадал салах”-ын зовлон жаргалыг "хүй орчлонгийн жамтай тэнцүүлэн” эдлэхийн тухайтад "үйл нь дуусдаггүй хорвоод балчирт нь амжиж жаргаах”-ын агуу хайрыг монгол ахуй, зан заншил, сэтгэлгээнд нийцүүлэн өгүүлснээрээ энэ шүлэг жин дарж байна.
"Охин үрээ хайрла” шүлгийн бас нэг далд шугам нь одоо цагийн буй байдлыг ирэх цагт учирч болох хатуу үнэнээр зөөллөж тэнцвэржүүлэх гэсэн сэтгэлгээ юм. Энэ нь эцэг эхийн энэрэл хайрыг охины өөрийнх нь ухаарах хожмын орчны тухай төсөөлөл болон тэмтрэгдэж байна. Зохиогч үүнийг "эцгийн гэрээс гармагц эрийн гарт нухлагдана, харийн газар одож хадмын нүүрийг царайчилна” хэмээн ахуйд буулган дүрсэлсэн боловч үнэндээ "огшуун нулимсандаа живэх... орчлонгийн зовлонд цадах” өнөөгийн нийгмийн хатуу ширүүн, бухимдалт орчин бөгөөд тиймээс "эргүүлэгт орчлон харин охин үрийг чинь хайрлахгүй” гэж шууд хэлж байна. Энэ нь "хатуугаас хатуу үгийг ханатлаа сонсох...хүний л эрхэнд жаргах...тэнгэрлиг охин үрийг чинь жаргал ч тосно, зовлон ч тосох” тул "хөөрхий түүнийг нялхад нь жаргаа” гэх яруу найрагчийн үзэл бодлын илэрхийлэл юм. Нэгэн цагт аавын гэрт жаргасанаа, ээжийн өвөрт эрхэлсэнээ эрхгүй санан уужрах тэр орчин охин үрийн хувьд төрөлх гэр орны хүрээ мөн болох тул үүнийг эдүгээ нийгмийн сайн сайхан орчинг бүрдүүлсэн хөгжлийн зөв бодлогын түвшинд хүртэл гүнзгийрэн яривал зохих тулгамдсан асуудал болоод байна. 
Б. Энхтуяа бол зөөлөн хатуугийн зөрлөг болсон найрагч. Хатуу үнэнийг зөөллөн билүүдэх тусам ган төмөр мэт улам ирлэгдэх бөгөөд тэр нь түүний бичлэгийн үндсэн арга барил нь юм. Тэр ямагт хурц асуудлыг үл тойрч, үл төөрч дайран өнгөрдөг өөрийн гэх үзэл бодол, арга барил, хэв маяг бүхий хүчирхэг уран бүтээлч учраас охин үрийг "хясаа сувдаа нуудаг шиг...үүл усаа хураадаг шиг...уул эрдэнээ нуудаг шиг...ус загасаа цэнгүүлдэг шиг” хайрлахын утга учрыг яруу найргаар нээж байна. Тэр нь зөвхөн гэр бүлийн хүрээн дэх эцэг эхийн хайрын тухай бус байгаль нийгмийн өргөн хүрээнд уг асуудлыг дэлгэн тавьж "орчлон түүний багш” гэснээрээ анхаарал татаж байна.
Б. Энхтуяа бол уянгын зөөлөн шиврээ бороо юм. Тэр бол цахилгаан цахиулан цахилаад өнгөрдөг завсрын бороо огт биш. Тэр бол хуурай сайрыг дүүртэл мэлтэлзэх хурын ус, амьдралыг тэтгэх яруу найргийн ярууслын ундрага сайт ухаарлын баян бүрд юм. "Охин үрээ хайрла” шүлгээрээ тэр энэрэхүйн үзлийг илэрхийлэх эх үрийн нандин холбоог сэтгэлийн мянган утсыг хөвөрдөн имэрдэх мэт зөөлөн хатуугийн зөрлөг дээр дэлгэн тавилаа. 
"Охин үрээ хайрла” гэсэн энэ титэм санаа хүний хайрлах энэрэхүйн дээд үзлийн үндсийн үндэс, язгуур цэг нь байж болох юм. Б.Энхтуяагийн "Охин үрээ хайрла” шүлэг монголын яруу найргийн нийгмийн үр нөлөөг ёс зүйн эрэмбэ болтол нь өндөрт өргөсөн нь яавч үүнтэй холбоотой гэж бодож байна. Тиймээс "Охин үрээ хайрла” гэсэн үг одоо ардын аман зохиолын билэг сургаал мэт түгж эргэлзсэн тээнэгэлзсэн, үл анзаарсан хичнээн хүнд амь мэт ухаарал өгч, амьдралын алдаа онооны дэнсэнд зөвийн ариусал болж тэгш дүүрэн заяа бэлэглэснийг тооцоход бэрх юм.
Б. Энхтуяа бол эрхэмсэг найрагч. Түүний эрхэмсэг гоо сэтгэлгээ, эр бяр сорьсон эргэцүүлэл, өндөр дээд уран чадвар, түүхэн зүйн шинжилгээ нь ямагт зөөлөн баринтагт оршивч хатуу чанд баримтлалд хайрцаглагдсан байдаг нь үнэнд ойр зарчим юм. Тиймээс шинжлэх ухааны доктор Л. Түдэв "хурц асуудлыг хүмүүс голдуу хатуу ширүүн үгээр, уурласан мэт өнгөөр ярьдаг бичдэг бол, Энхтуяа зөөлөн шингэн дуугаар, сэтгэлд хоногшим үгээр ярьдаг нь өөр хэн ч сэдээгүй, хэрэглээгүй арга маяг болон үлдсэн юм” хэмээн дүгнэж Ардын уран зохиолч Ш. Дулмаа "Энхтуяагийн "Охин үрээ хайрла” шүлгийг мэдэхгүй хүн ар өвөр монголд байхгүй” хэмээн дуу алдсан буй за.
Хүмүүн заяа гэгч агуу атлаа яггүй хээнцэр ажээ. Тэд хайрыг л хүсдэг юм байна. Хайр гэдэг нь үг үйлдэл, бодол санаа, хүсэл мөрөөдлөөр илрэх хүн санаа юм. Өөрт тохиолдсон нэгэн нялх гоморхолыг хүмүүн төрөлхтний хайрлах энэрэхүйн өргөн цар хүрээнд яруусан хүүрнэх нь билгүүн авъяаст яруу найрагчийн л яруусал юм. Үе үеийн сэтгэгчид, яруу найрагчид хайрыг дуулсаар ирсний утга учир нь түүний мөн чанарт, залгамж сэтгэлгээнд нь байна. Т. Очирхүүгийн "Урам хайрла” /1978/, О. Дашбалбарын "Амьддаа бие биеэ хайрла” /1980/ шүлгийн гурав дахь давалгааг үүсгэсэн нь Б. Энхтуяагийн "Охин үрээ хайрла” /1994/ шүлэг гэж ам бардам хэлж болно. 
Б. Энхтуяагийн яруу найргийн сэдвийн давтагдашгүй онцлог нь эх хүний дотоод сэтгэхүй, сэрэл мэдрэмж, эмэгтэй хүний гоо сайхан, энэрэнгүй үзлийг тунхагласанд орших бөгөөд түүнийг төлөөлөх гол бүтээл нь "Охин үрээ хайрла” шүлэг болох нь маргаангүй юм. Сэтгэлийн гүнд ургасан мөнхийн цэцэг мэт ухаарахуйн шидэт долгис цаашид ч хэдэн үеийг туулан мөнхрөхийг цагийн саалт мэдэх буй за. Тиймээс тэр "Охин үрээ хайрла” утгат үйлээ төгөлдөржүүлж "Шинэ мянганыг угтах үг” шүлэгтээ "хөрст дэлхийд амгаланг хайрла” гэсэн билээ.

Хэл бичгийн ухааны доктор /Ph.D/ Ү. ХҮРЭЛБААТАР

2016 оны аравдугаар сарын 15-ны өдөр
"Өнөөдөр” 2016.10.21. №242 /5935/

Бямбажавын Энхтуяа
ОХИН ҮРЭЭ ХАЙРЛА
Охин үрээ хайрла! 
Омогдож загнахдаа ч хайрла! 
Охин үрээ хайрла! 
Ойворгон зэмлэхдээ ч хайрла!

Нар ханын толгойд буухад хааяа нэг сэрэг, бүү зэмлэ 
Насаараа тэр чинь өглөө босох хүн, төрсөн гэртээ л нойр аваг 
Нар шингэж үдшийн хар чийг унатал найз нартайгаа дууладдаг 
Насаараа тэр чинь айлын голомт манаж морин төвөргөөн хүлээнэ
Энхрий гарын нь хурууг чилтэл гэр зуураа зарахдаа 
Ээжийн цай уулгаж, аавын үгээр энхрийл
Эцгийн гэрээс гармагц эрийн гарт нухлагдана 
Харийн газар одож хадмын нүүрийг царайчилна
Насаараа уухгүй амтат цайг нялх багад нь гэрт нь уулга 
Насаараа амсахгүй жаргалыг нялх багад нь тоонотод нь эдлүүл 
Насаараа сонсохгүй энхрий үгийг нялх багад нь гамнахгүй хэл 
Насаараа нууж урсгах гашуун нулимсыг нь бодож цөөн уйлуул, охин үрээ!
Хүний гэргий болох гэж гангар шаазан шиг хагарна 
Хүүхэн хонгор үрээ гарын алгандаа энхрийл 
Хүй орчлонгийн жамтай тэнцүүлж түүнээ хайрла 
Хөөрхөн хонгор аалинд нь эрхлүүлж түүнээ хайрла
Үрийн эх болох гэж алтан заадал сална 
Үүлэн хонгор үрээ тэнгэрийн мандалдаа эрхлүүл 
Үйл нь дуусдаггүй хорвоод балчирт нь амжиж жаргаа 
Үс гэзгээ цайтал өнөд шаналахыг нь болгоо
Зөөлөн булбарай хурууг нь зүү утастай шадарлуул 
Зүйдэл оёдлын хорвоод охин үр чинь төрснийг сана 
Зөөлөн хонгор аашийг нь зүйр үгтэй шадарлуул 
Зөвлөх хэлцэхийн хорвоод охин үр чинь төрснийг сана
Арван жил зэмлээд ч ухааруулж амжаагүй үгийг чинь 
Анхны үр ньтөрөөд үдшийн шөнөдөө ухааруулна 
Хорин жил дуудаад сэрээж чадаагүй нойрыг нь 
Хонгор үр нь төрөөд үүрийн жавраар ч хулжаана
Охин үрээ энхрийл, орчлонгийн зовлонд цадахын цагтаа 
Огшуун нулимсандаа живэхийн цагтаа хожмоо нэг дурсана 
Аавын гэрт жаргасан даа гэж хэзээд нэг тайтгарна 
Ээжийн өвөрт эрхэлсэн дээ гэж эрхгүй нэг уужирна
Охин үрээ хайрла
Хясаа сувдаа нуудаг шиг хайрла
Охин үрээ хайрла
Үүл усаа хураадаг шиг хайрла
Охин үрээ хайрла
Уул эрдэнээ нуудаг шиг хайрла 
Охин үрээ хайрла
Ус загасаа цэнгүүлдэг шиг хайрла
Хатуугаас хатуу үгийг ханатлаа үр чинь сонсоно 
Хавраас намар хүртэл төрхөмдөө очиж хэлэх үү? 
Хайртай охиноо зэмлэхдээ харцаараа ч болов энхрийл 
Хаврын шувууд шиг намрын жимс шиг үгийг охиндоо хэл
Бусдыг хайрлах л гэж төрсөн юм охин үрээ энхрийл
Буцаж урсдаг ус байхгүй, эргэж та нарыг хайрлахгүй 
Эргүүлэгт орчлон харин охин үрийг чинь хайрлахгүй 
Энгэсэгт хацраар гэрэлтэвч зовлон нь та нарт харагдахгүй
Үндэс нь газарт цэцэг нь тэнгэрт 
Үүн лүгээ адил санаж охин үрээ хайрла 
Тэнгэрт чинь нар ч бий хур ч бий аянга ч бий
Тэнгэрлиг охин үрийг чинь жаргал ч тосно зовлон ч тосно
Хөөрхий түүнийг нялхад нь жаргаа 
Хүүрнэн сургаад яах вэ дээ орчлон түүний багш юм 
Хүний л гарт очих бүсгүй түүнийг энхрийл 
Хүний л эрхэнд жаргах охин үрээ хайрла

Хуваалцах:

Сэтгэгдэл

reload, if the code cannot be seen