ХАЙРЛА ... гэхдээ учиртайхан шүү!

 

"Дэлгээтэй ном"

Хайртаасаа уяатай мэт байх болжээ та. Түүнээс зуун метр холдов уу, үгүй юу аймшигтай ганцаардан, учиргүй ихээр үгүйлж эхэлнэ. Инээдтэй зүйлтэй учирлаа гэхэд зөвхөн түүнд л ярихыг яарна. Шинэ, сонин хачинаас хуваалцах гэсэн тэвчээргүй зангаараа утасны дугаар эргүүлэх тоолонд түүний утас хангинаж, бүр залхааж эхэлдэг. Харин таны хайр ид буцалж, түүнийг чанга тэврэхийн хүсэлд автдаг. Та ч түүнтэй уулзав уу, үгүй юу хаана байсан, юу хийсэн, дэлгүүрт юм ямар үнэтэй байсан, найз бүсгүйтэйгээ юу ярьсан гээд бүгдийг амьсгаа авах ч завгүй ярьж гарна л даа. Ийм нээлттэй, илэн далангүй гэнэ зан таны бүр хүүхэд ахуй үеийнх. Юуг, хэнээс, яагаад нуух гэж? Хэрвээ утасдмаар бол утасд, хов ярьмаар бол ярь. Харин үр дүн нь ямар болохыг та сонирхож байсан уу? Итгэх нь мэдээж магтууштай тун сайн хэрэг ч дэлгээтэй ном сонирхол татдаггүй гэдэг шүү дээ.

 

"Толгойгоо мэдүүлэх"

Тэр таны удаан хайсан хүн мөн үү! Хаана ч, хэзээ ч ямагт хамтдаа. Ийм үед хайртдаа "барьцаалагдах" өндөр магадлалтай гэдгээ мэдэж байна уу. Хоолох, наргиж хөгжилдөх гээд бүх зөвхөн түүний сонголт, түүний сонирхол давамгайлна. Магадгүй чи хайрттайгаа учрахаас өмнө шар айраг амсдаггүй, хөл бөмбөгийг ч тоож сонирхдоггүй байсан бол харин одоо хар шар айраг уухаар захиалж, хөл бөмбөгийн багийг алийг нь дэмжихээ сайн мэддэг болжээ. Нэг үгээр хэлбэл та хоёр яг "нэг хүн" шиг болж. Байдал танд таагүй байдлаар эргэснийг хэзээ мэдэрч болох гээч. "Ямар хөгжим сонсмоор байна" хэмээн асуухад "Чинийхтэй нэг ижлийг. Хайрт минь" хэмээн та хариулах яг тэр үед... Ижилхэн сэтгэдэг "Хоёр ихэрт" зориулагдсан ийм арал удаан оршиж чадахгүй гэж хэлмээр байна. Учир нь тун удахгүй тэдний хэн нэг нь уйдан залхаж, бусдын сонирхолд автах болно. Ахуй амьдралын асуудалд зорилго нэг байгаа бол бухимдалд хүргэдэг торгон хил заагийг мэдэрдэг л байх хэрэгтэй. Найз бүсгүй, түүний үерхдэг залуутай хоолонд орж, ховоор "хачир" хийн суунгаа хөл бөмбөг үзэхэд хайрт чинь "галзуурчихалгүй" хүлээж чадна шүү дээ. Чамайг эзгүйд уйтгарлах боломжийг хаяа ч болов түүнд олгож бай л даа.

 

"Би бүгдийг шийднэ"

Хайр сэтгэлээс эрч хүчийг мэдэрсэн танд эргэн тойрны бүх л хүмүүст туслах хүсэл төрж эхэлдэг. Магадгүй, нөхөргүй ганц бие найз бүсгүйдээ засвар хийхэд нь тусална. Ингэхдээ хайртаараа тавилгыг нь зөөлгөн, шалыг нь будуулж, бүлтэй чадалтайн "ид шидийг" үзүүлж гарна. Та бас тав дахь өдрийн орой хэнтэй хамт, хаана хооллохыг нь хүртэл хэлж, зохион байгуулж өгнө. Харин үр дүн нь ямар байхыг та тооцож үзээгүй л болов уу. Эрчүүд, хэн нэгэн урдуур нь орж асуудлыг нь шийдэхэд тун дургүй байдаг юм. Тэр тусмаа хайртай хүмүүсийн дунд хувийн орон зайгаа хадгалах нь зайлшгүй байх зүйл. Энэ зуунд жендерийн асуудал тийм чухал биш ч эрчүүд ямагт "Байлдан дагуулагч" байдгийг битгий л мартаарай. Та хоёрын харилцаанд байнга тэргүүлэгч байхаасаа залхах үед харамсахгүй байхын баталгаа бий юу? "Мохоод мөлийчихсэн" хайртыгаа бүх л амьдралынхаа туршид зоригжуулж, учирлах болвол яах вэ?

 

"Тэр хамгийн шилдэг нь"

Та хайртыгаа хамгийн хамгийн гэдгээр төсөөлдөг. Түүнийг хамгийн ухаантай, хүчтэй, зөөлөн сэтгэлтэй... гэхчилэн үнэлнэ. Үүний үр дүн ямар байх бол. Таны энэ төсөөлөл бодит хүнтэйгээ зөрчилдөх болно. Түүнтэй сайн танилцаж амжаагүй байлаа ч танд танилцаад зуун жил болчихсон мэт санагддаг. Түүнд огт байхгүй зан чанарыг ч түүнд "бий болгон", сул талыг нь хүлээн зөвшөөрч чаддаггүй. Хайр дурлалд "буцалж" байх үед түүний таагүй авир, сул талыг огт анзаардаггүй. Харин хожим л урхагтай асуудал үүсдэг юм. Түүний орой бүр "хүртэх" хоёр шил шар айрганд таны хайр уусан замхарч ч магад. "Би юуг ч нуугаагүй" хэмээх түүний үгэнд хариулт олдохгүй л болов уу. Тиймээс тэр танд тохирох эсэхийг өөрөөсөө асуу. Хэрэв сөрөг хариулт гарвал ямар ч тохиолдолд түүнтэй эвлэрэх хэрэггүй шүү.

 

"Хайр сэтгэл бүгдийг хийнэ"

"Бие биенээ ухаангүй хайрлах нь бүхнээс чухал. Ингэсэн тохиолдолд бүх зүйл аяндаа болно" хэмээн гэгээлгээр итгэдэг хүмүүс цөөнгүй байдаг. Тэгээд ямар нэг зүйл санаснаар нь болохгүй бол "Бид бие биеийгээ хангалттай хайрлаж чадсангүй" гэж буруутгадаг. Хайр сэтгэл - энэ бол байнга шинээр хийхийг шаарддаг хөдөлмөр. Номонд хайр дурлалыг зөвхөн гүн ухаан, сэтгэл зүйн талаас нь хөндөн бичдэг. Хэн ч алдаа гаргалаа гээд даатгуулдаггүй шүү дээ. Хэрвээ ийм даатгал байдаг бол та даатгуулахыг хүсэх л байсан. Хайрлахын зэрэгцээ итгэх, уйдах, алдах гэдэг нь эрүүл саруул ойлголт юм.

Хуваалцах:

Сэтгэгдэл

reload, if the code cannot be seen