Сайдуудын нэр тодорч, НИТХ даргаа сонгосон долоо хоног
Улирч буй долоо хоног улстөрийн шийдэл дүүрэн байв. Даваа гарагт УИХ- дахь намуудын бүлэг хуралдах ёстой байсан ч АН хуралдаж, харин МАН-ын бүлэг хуралдсангүй. АН-ын бүлэг 2018 оны төсвийн хуулиар тав хоногийн завсарлага авч, Хөгжлийн банкны асуудлыг хэлэлцсэн юм.
Монгол Улсын Ерөнхийлөгч даваа гарагт хоёр шийдвэр гаргаж томилгоо хийв. Үүнд УИХ-ын гишүүн асан Р.Бурмааг Үндсэн хуулийн цэцийн гишүүнээр томилуулах саналаа УИХ-д өргөн барьсан бол өмнөх Засгийн үед АМХЭГ-ын даргаар ажиллаж байсан Д.Үүрийнтуяаг орон тооны зөвлөхөөр томилсон юм. Тэр эрүүл мэнд, хүний хөгжил, нийгмийн бодлого, иргэний оролцооны асуудлаар Ерөнхийлөгчид зөвлөнө.
Энэ долоо хоногт УИХ-ын нэгдсэн хуралдаан болсонгүй. Харин Байнгын хороод хуваарь ёсоор хуралдаж асуудлуудаа хэлэлцсэн юм.
Олны хүлээлтийг дагуулаад байсан шинэ Засгийн газрын бүрэлдэхүүн лхагва гарагт үндсэндээ тодорхой болж үдээс хойш энэ асуудлаар МАН-ын бүлэг хуралдсан ч гурван сайдын томилгоон дээр санал нэгдэж чадалгүй хурлаа өндөрлүүлсэн. Харин пүрэв гарагт үдээс өмнө МАН-ын удирдах зөвлөл хуралдаж санал нэгдснээр У.Хүрэлсүхийн танхимын гишүүдийн нэрс үндсэндээ тодорхой болж, бүлгээрээ дэмжсэн.
Сайдуудын томилгоог хийхдээ У.Хүрэлсүхийн талаас 9, М.Энхболдын фракциас 6 сайдын нэрийг санал болгосон гэж байгаа ч Ерөнхий сайдын хувьд намын гишүүдээ ялгаварлахгүй, эв нэгдлийг хангах нь чухал гэсэн байр сууринаас томилгоондоо хандаж байгаа гэдгийг тодотгосон. Энэ удаагийн Засгийн газрын онцлог гэвэл 100 хувь парламентаас бүрдэхээр болов.
Шинэ сайд нарын нэрийг пүрэв гарагт АТГ-т ашиг сонирхолын зөрчилтэй эсэхийг тодруулахаар хандаж "зөрчилгүй” гэсэн хариуг өчигдөр өглөө аваад байгаа. Харин сайд нарын нэрийг Ерөнхийлөгчид танилцуулах журмын дагуу өргөн бариад байгаа ч Ерөнхийлөгч хариуг нь ирэх долоо хоногийн даваа гарагт өгнө гэсэн байр сууриа илэрхийлсэн гэх мэдээлэл байна.
Цаг хугацаа давчуу, өвөл хаяанд ирсэн энэ үед Засгийн газрын томилгоон дээр Ерөнхийлөгч ингэж алгуурлах шалтгаан юу байв гэдэг нь анхаарал татах асуудал. Дуулдаж буйгаар Засгийн газрын гишүүдийг 100 хувь парламентаас сонгож, давхар дээл өмсгөж байгаад таатай хандахгүй байгаа бололтой. Тэрбээр урьд нь эх орноо гэсэн сэтгэлтэй бол хэдэн ч дээлтэй байсан яахав гэсэн байр суурь илэрхийлж байсан юм. Хэрэв Ерөнхийлөгч Засгийн газрыг байгуулах асуудалд шуурхай хандсан бол өчигдөр буюу баасан гарагт УИХ-ын нэгдсэн хуралдаанаар сайдуудаа эцэслэн батламжлах боломжтой байлаа.
Нэгэнт танхим нь шинээр бүрэлдээгүй байгаа учир Засгийн газрын ээлжит хуралдаан энэ долоо хоногт хуралдсангүй.
Баасан гарагт Ерөнхийлөгч Х.Баттулга Р.Бурмааг ҮХЦ-ийн гишүүнээр томилуулахаар УИХ-д хүргүүлээд байсан саналаа эргүүлэн татах болсноо мэдэгдэв. МАН-ын бүлгийн хувьд Р.Бурмааг томилохыг дэмжихгүй байгаа, энэ асуудлаар Хууль зүйн Байнгын хороо 5 хоногийн завсарлага авсан, түүнчлэн олон нийтийн зүгээс ихээхэн шүүмжлэл өрнөсөн нь түүний нэрийг эргүүлэн татах шалтгаан болов бололтой.
Улстөрийн амьдралын хүрээнд Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх Азийн хөгжлийн банкны Захирлуудын зөвлөлд Монгол Улсыг төлөөлөх гүйцэтгэх захирал Мухаммад Сами Саеид тэргүүтэй төлөөлөгчдийг хүлээн авч уулзсан бөгөөд энэ үеэрээ Азийн хөгжлийн банк 2017-2020 онд 1.2 тэрбум ам.долларын санхүүжилт Монголд хийнэ гэдгээ илэрхийлэв.
Үйл явдлын товчоон:
-Даваа гарат хуралдсан НИТХ даргаараа С.Амарсайханыг сонгов. Тэрбээр нийслэлийн ИТХ дахь МАН-ын бүлгийг удирдаж байгаад ийнхүү Ц.Сануйгийн ажлыг хүлээж авч байгаа юм.
-Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч С.Батболд тэргүүтэй төлөөлөгчид ОХУ-ын нийслэл Москва хотод ажлын айлчлал хийв.
-Нийслэлийн Байгаль орчны газар, Монголын Бурхан шашинтны төв Гандантэгчэнлин хийд, Монголын Бөөгийн нэгдсэн эвлэл хамтран нийслэлийн ойр орчмын модноос уяж зүүсэн хадаг яндарыг цэвэрлэв. Цэвэрлэгээнд нийслэлийн Байгаль орчны газрын албан хаагч, лам хуврагуудаас бүрдсэн 41 хүн оролцож, 3 хорооны 13 га орчим талбайгаас 5 портер хадаг шашны эд хэрэглэлийг хураан устгалд оруулж цэвэрлэгээний ажлыг амжилттай зохион байгуулав.
-Эхний 9 сарын статистик мэдээгээр 2017 оны улсын төсвийн орлого нэг их наяд төгрөгөөр давж биелж байна. Ингэснээр төсвийн алдагдал өнгөрсөн оны мөн үеийнхээс 1,3 их наяд төгрөгөөр буурч 800 орчим тэрбум төгрөг болжээ.
-Энэ долоо хоногт эдийн засагт ирж буй сайн дохио гэвэл манай голлох экспортын бүтээгдэхүүн зэс сүүлийн гурван жилийн хамгийн дээд ханшийг тогтоогоод байна. Зэсийн үнэ энэ оны тавдугаар сарын эцсээс хойш 20 хувиар өсч Шанхайн бирж дээр арваннэгдүгээр сард нийлүүлэх нөхцөлтэйгээр худалдаж байгаа зэс нэг тонн нь 7830 ам.доллараар үнэлэгдэв.
http://www.zaluu.com/read/199330ge4