”Хас”-ын Ч.Ганхуяг уриалга гаргажээ


”Хас”-ын Ч.Ганхуяг уриалга гаргажээ

МАН-ын Удирдах Зөвлөл, Бага хурал, нийт гишүүд дэмжигчдэд

 

Сайн байна уу? Сайхан наадав уу, эрхэм журмын анд нөхдөө!

 

Би МАН-ын жирийн гишүүний хувьд та бүхэндээ хандаж нэгэн уриалгыг хүргүүлж байна.

 

2017 оны Ерөнхийлөгчийн сонгуулиар эрх барьсан гарааны нэг жилийн ажилдаа бид ард түмнээрээ дүнгээ тавиуллаа. Байдаг бүх хүчээрээ зүтгээд нийт сонгогчдын 25 хувь хүрэхгүй санал авна гэдэг нь зөвхөн нэр дэвшигчид тавьсан дүн биш гэдэгтэй маргах хүн гарахгүй байх. Намын рейтинг, удирдлагын чансаа, төр засгийн бодлого, өнөөгийн нийт тогтолцоонд өгсөн сонгогч олон түмний үнэлгээ гэж бид хүлээн авах ёстой гэж бодож байна.

 

Нэг үгээр дүгнээд хэлэхэд өрсөлдөгч маань сайндаа биш бид муудаа ялагдлаа2016 оны сонгуульд тухайн үеийн эрх баригчид дүнгээ яг ингэж тавиулсан. Ард түмнээс эрх барьж буй улстөрийн хүчинд тавьдаг дүн сонгуулиар ингэж гарч ирдэг.  

 

Тиймээ, бид сайн байсангүй ээ. Тод манлайлал үгүйлэгдлээ. Өнгөн дээрээ болж, бүтэж байгаа хэдхэн зүйлээр МАН-ын эгэл жирийн гишүүд энэхүү сонгуульд зэвсэглэж, улаан нүүрээрээ оролцсон. Тэдний итгэл талаар боллоо.

 

2016 оны сонгуульд барьж орсон мөрийн хөтөлбөрөөсөө бид томилгоо хийх эхний мөчөөсөө эхлээд яагаад буцсан юм бэ? Бид энэ сонгуулийн өмнө яагаад татвар, шимтгэлийг нэмэв ээ? Заавал яагаад амлалтнаасаа ухран байж дунд ангийн татварыг нэмж, олон түмний унаалга, алаг үрсийн мөнгө, ахмад насны тэтгэврийг бид оролдох болсон юм бэ? Баг, сум, хороонд яагаад бид алдаад байна? Аймаг, дүүрэг, хотын иргэд бидэнд яагаад итгэхгүй байна? Бид яагаад ялагдав? Өнгөтэй, өөдтэй бүхнээ явуулаад, эрх мэдэл бүхэл боломжоо дайчлаад, мөнгө, амлалтыг цацаад, хараар, элдвээр будаад бид иргэдийнхээ итгэлийг яаж ингэж алдав аа? 60 тэрбумын асуудлыг бид хэзээ нэг тийш нь болгох юм? Намын гишүүд болоод анхан шатны байгууллагын итгэл, идэвхи, сахилга, хариуцлага ямар түвшинд байгаа вэ? Бодож, хэлэлцэж, шийдэх ёстой асуудал ингээд л хөврөөд эхэлнэ.

 

Манай намын хувьд сонгуулийн дүнгээ хэлэлцэж, бүх шатанд хариуцлага ярих цаг одоо ирлээ гэж би итгэж байна. Намын даргыг нийт гишүүдээсээ сонгож, энэ намын удирдлагыг жирийн гишүүдэд бариулан урам, зоригийг нь сэргээж, намын дотоод эв нэгдлийг хангах сайхан боломж бидэнд гарч ирлээ. Намын, сонгуулийн санхүүжилтийг хүний, өөрийн гэлгүй нэгмөр цэгцлэх цаг нь болжээ.

 

Эвтэй байх нэрийдлээр хариуцлагаас бултаж болохгүй ээ. Цаахан нь энэ улсын, наана нь энэ намын хамт олны ирээдүй гэж байгаа. Бид эрх баригч улстөрийн цул хүчин байж оршин тогтноход, хүчирхэгжин цааш бэхжихэд, 20 оны сонгуульд нэр төртэй орохын тулд өөрчлөлт хийх цаг нь мөн. Нийгэм, эдийн засаг, улстөр, хууль эрхзүйн тогтолцоондоо дорвитой өөрчлөлтийг хийх шаардлагатай болсныг хараас хар энэ сонгууль бидэнд харуулаад өгсөн. Одоо хөдөө дүрэлзэж буй гал түймэр төр засагт хариуцлагын ган зуд учирсныг бэлхнээ бидэнд илтгэх мэт.

 

Үндсэн хуулийн өөрчлөлтийг хийж байж, парламентын засаглалтай бүгд найрамдах улсаа тунхаглах ажил МАН-ын өмнө тулаад ирлээ. Эрх мэдэл нь байна. Олон түмний хүсэл, хүлээлт нь байна. Хийх түүхэн боломж нь байна. Сөрөг хүчин доторх шударга, эрүүл хэсэг нь бидний зөв зүйтэй бодлогыг, улс орныхоо ирээдүйг харсан алхмуудыг дэмжээд ажиллах нь дамжиггүй.

 

Энэхүү өөрчлөлтийг хийхийн тулд эрх барьж байгаа нам эхлээд өөрөө, дотроосоо шинэчлэгдэх ёстой. Шинэ манлайллын туган дор шинэ арга барилаар, шинэ баг бүрэлдэхүүн, нам, засгаа эмхлэх цаг иржээ. Энэхүү өөрчлөлт, шинэчлэлийг намын гишүүд, та бүхэндээ дэмжиж ажиллахыг уриалж байна.

 

Хутагт овгийн Чулууны Ганхуяг,

МАН-ын Бага хурлын гишүүн

Хуваалцах:

Сэтгэгдэл

reload, if the code cannot be seen