Жижиг тойрогт жийгдэгсэд том тойрогт “торойх” болов уу
Бүтэн жилийн турш үргэлжилж байгаа сонгуулийн түрлэг энэ удаагийн Ерөнхийлөгчийн сонгуулиар өндөрлөх учиртай. Тэр хугацаа нь ирэх зургадугаар сарын 26-ны өдөр. Өмнөх парламентын үед буюу 2015 оны эцсээр Сонгуулийн хуулийг шинэчлэн баталсан. Ингэхдээ урьд нь байсан шат шатны сонгуулийн тус тусдаа хуулийг нэгтгэж нэгэн цогц болгоод буй. 2016 оны Улсын Их Хурлын сонгуулийг 76 жижгэрүүлсэн тойрог буюу мажоратор тогтолцоогоор явуулсан. Харин Ерөнхийлөгчийн сонгуулиар Монгол Улс бүхэлдээ нэг тойрог болж томорно. Тодруулбал, Сонгуулийн хуулийн 22.3. зүйлд "Ерөнхийлөгчийн сонгуульд Монгол Улсын нутаг дэвсгэр нэг тойрог болно” гэсэн заалт буй. Бүх ард түмнээрээ Ерөнхийлөгчөө сонгох нь газар нутаг болон тойргийн ийм нэгдмэл байдлыг бий болгож буй хэрэг.
Ерөнхийлөгчид нэр дэвшигчдээ улстөрийн намууд тодруулж, Сонгуулийн төв байгууллага батламжилж нийтэд зарлачихаад байгаа. Нэр дэвшигчид тэр бүрд таалагдахгүй байгаа, таалагдах ч албагүй байх. Яахав, ямар бурхны нэрийг дэвшүүлсэн биш. Мах цусанд төрсөн хүмүүс учраас алдаа оноо аль аль нь байж л таарна. Зарим нэг нь "Тоонон дээр хурга ишиг тоглодог цаг болсон юм байна” хэмээн ундууцсан байна билээ.
Ямартай ч намууд нэр дэвшигчээ түмний шүүлтүүрт авчирч байгаа болохоор иргэдийнхээ дунд хэр эерэг үнэлэмжтэй вэ гэдгийг нь бас бодолцож, хамгийн гол нь Монгол төрийн тэргүүн байж чадах чанарыг нь гол шалгуур болгож байгаа нь тодорхой. Угаас унах гэж барилддаггүйтэй адил.
Гурван нэр дэвшигчийн хувьд бүгд л улстөрийн болон удирдах ажлын зохих туршлага хуримтлуулсан хүмүүс. Энэ гурваас л нэгийг нь "Ард түмний хүү”-гээр сонгох учиртай. Харин тэр нь хэн байхыг хэлэхэд эрт байна.
Тэд гурвуулаа өнгөрөгч УИХ-ын сонгуулиар нэр дэвшиж байсан хүмүүс. Тэгэхээр нэр дэвшигчдийн хувьд хамгийн ойрын чансаа үнэлэмж гэвэл 2016 оны УИХ-ын сонгуулийн үр дүн л бидэнд байна. Түүнийг эргэн харъя.
МАН-ын нэр дэвшигч М.Энхболд нутагтаа очиж өрсөлдсөн. Ер нь тэрбээр нутагтаа бол босоо "бөх”. 2016 оны сонгуулиар Төв аймгийн 28 дугаар тойрогт нэр дэвшин өрсөлдөж 58 хувийн саналаар өрсөлдөгчдөө ялсан. Нэр дэвшээд очиход нутгийнхан түүнийг түшээд авдаг, гурав дахь удаагаа сонгосон нь энэ. Тэр өөртөө төдийгүй намдаа үнэмлэхүй ялалт авчирсан. Энэ амжилтаа орон нутгийн сонгуулиар бас баталгаажуулчихаад байгаа. Энэ утгаараа одоогоор орой дээр нь од гийж, туг дэрвүүлж яваа улстөрч гэвэл тэр байна.
Харин Ардчилсан Намын нэр дэвшигч Х.Баттулгын хувьд Баянхонгортоо дархан тойрогтоо хүн. Энэ нутгаар овоглож явдаг тэрбээр Баянхонгороос хэдэнтээ сонгогдсон. Бөх хүн бүдүүн өвсөнд гэдэг шиг юм 2016 оны сонгуулиар түүнд тохиолдчихоод буй. Тодруулбал, Баянхонгорын 9 дүгээр тойрогт МАН-аас нэр дэвшигч Л.Элдэв-Очиртой оноо таарч өвдөг шороодчихоод байгаа. Жижгэрүүлсэн тойргийн дэвжээнд жийгдчихнэ гэдэг Х.Баттулга шиг хашир улстөрчийн хувьд тун таагүй драм байлаа. Ялагдлын шалтгаанаа "царцаанаас боллоо” хэмээн тайбарлаж байсан ч унасан бөхөд шалтаг мундахгүй гэдэг шиг ихэнхдээ чихний хажуугаар өнгөрсөн байх.
Монголын улс төрд "поп”, "босоо” гэхчлэн олон тодотголтой С.Ганбаатар үнэхээр том амбицтай явна. Браво. Харин юманд учир, суманд гичир гэж бий. Түүний Ерөнхийлөгч болох итгэлийн галыг асааж буй нь "масс түүнд хайртай хэвээрээ байна” гэсэн зарим нэг судалгааны байгууллагын дүн болсон байж мэдэх юм. Эсвэл түүнийг МАХН-ынхан "Оргүйгээс охинтой” гэгчээр нэрийг нь дэвшүүлж "сор залахаар” шийдэв үү.
Тэр 2016 оны сонгуулиар "дассан газрын даавуу зөөлөн” гээд Дархандаа очиж тоосоо өргөсөн. Гэсэн ч ердөө 28 хувийн санал авч ялагдсан билээ. Тэгэхээр тэр "масс түүнд хайртай хэвээр” гэсэн мессеж хэр үнэн болж таарах вэ. Зүгээр л тайвшруулах тариа байсныг мань эр мэдэхгүй явна уу. Гэнэт л Ерөнхийлөгчид нэр дэвших юм болоод явчихлаа. Энэ ажиллагаа жинхэнэ экспресс маягаар явагдав бололтой. Өдөр нь МАХН-д элсээд, үдээс хойш нэр дэвшээд орой нь СЕХ-д бүртгүүлээд.
Тойрог нь хэдийгээр өөр өөр ч Х.Баттулга, С.Ганбаатар нар хоёулаа Баянхонгор аймгаар овоглодог улстөрчид. Мэдээж нутгийнхан тэднийг ёстой л "Тугалыг нь тураахгүй, эхийг нь эцээхгүй” гэсэн байдлаар хандах биз. Гэхдээ С.Ганбаатарын хувьд Баянхонгор гэхээсээ илүүтэй Дархан-Уулынхантай ойр дотно байх. Тэгэхээр тэндээс чамгүй оноо цуглуулна гэсэн тооцоо толгой цээжинд нь явж таарна.
Ерөнхийлөгчийн дэвжээн дээр зодоглох гэж байгаа нутгийн хоёр "бөх”-ийн боловсрол мэргэжлийн тал дээр иргэд тийм ч ам сайтай биш байгаа. Х.Баттулга зураач, С.Ганбаатар эдийн засагч гэсэн тодотголтой. Гэхдээ хуурамч дипломын асуудлаар нүүрээ улалзуулж байсан удаа бий. Ерөнхийлөгчид нэр дэвшүүлж нэгээр нь зураг зуруулж, нөгөөгөөр нь төрийн ордон дотор тоо бодуулах гэж байгаа биш болохоор гол нь улстөрийн ноён нуруу, төрийн хүний зангараг, зөв сэтгэл чухал.
Тэднийг бид нэр мэдэх, зүс таних төдий. Намтар түүхийг нь уншсан. Мөн чанар, сэтгэл зүрх рүү нь өнгийж хараагүй. Харин дэмжиж, тулж тойрон хүрээлж байсан тойргийнхон нь илүү сайн мэдэрч таньсан байх нь гарцаагүй. Харамсалтай нь хэн хэнийхэн нь сонгогчид 2016 оны сонгуулиар итгэл хүлээлгэсэнгүй. Ийм л жирийн үнэн байна.
Энэ хоёр нэр дэвшигчийн хувьд одоогоор ялагдлын гороо эдэлж, олны ярьдагаар "лааз өшиглөж” яваа хоёр. Жирийн хэмжүүрээр бол ийм түвшингээс Монгол Төрийн ноён оргилд хүрэхэд уг нь их хол зайтай баймаар.
Жижиг тойрогт ялагдсан нэр дэвшигчид маань Монгол Улс гэсэн ганц том тойрогт тодорч чадах уу. Ийм нэг хариу нэхсэн асуулт бидний өмнө байна даа.
М.Нэргүй
http://www.zaluu.com/read/12dg4c9ca