Хоёр дахь шатны санал хураалт мөн ирц, саналын босготой
Баримт 1. Өмнөх зургаан удаагийн Ерөнхийлөгчийн сонгуульд дахин санал хураалт болж байгаагүй. Харин энэ онд Ерөнхийлөгчийн сонгуулийн түүхэнд анх удаа дахин санал хураалт явуулахаар болж байна.
Баримт 2. Монгол Улсын Ерөнхийлөгчийн долоо дахь удаагийн сонгуулийн санал хураалтаар гурван нэр дэвшигчийн аль нь ч олонхийн санал аваагүй учраас хоёр дахь шатны санал хураалтыг явуулахаар болсон юм.
Баримт 3. Зургадугаар сарын 26-нд болсон Ерөнхийлөгчийн сонгуулийн санал хураалтаар Х.Баттулга 517478 санал буюу 38.11 хувь, М.Энхболд 411748 санал буюу 30.32 хувь, С.Ганбаатар 409899 санал буюу 30.19 хувийн санал авав.
Баримт 4. Тиймээс хуулийн дагуу хамгийн олон санал авсан нэр дэвшигч болох Х.Баттулга, М.Энхболд нар дахин санал хураалтад хүч үзнэ.
Баримт 5. Дахин санал хураалтыг СЕХ долдугаар сарын 7-ны баасан гарагт зохион байгуулахаар товлов.
Баримт 6. Эл өдөр бүх нийтээр амарна. Тиймээс СЕХ сонгогчдыг санал хураалтад идэвхтэй оролцохыг уриалаад байгаа.
Баримт 7. Харин гадаад буй иргэд өнөөдөр, маргааш хоёр буюу долдугаар сарын 4,5-ны өдөр саналаа өгөх юм.
Баримт 8. Манай улсын 140 орчим мянган иргэн хилийн чанадад амьдардаг гэсэн судалгаа байдаг ч Ерөнхийлөгчийн сонгуульд оролцохоор 7209 иргэн бүртгүүлсэн байна.
Баримт 10. Дахин санал хураалт тухайн орны цагаар 07.00-22.00 цагийн хооронд үргэлжилнэ.
Баримт 11. Өмнөх буюу зургадугаар сарын 26 нд болсон санал хураалтад гадаадад суугаа 4816 иргэн Ерөнхийлөгчийн сонгуульд саналаа өгсөн билээ.
Баримт 12. Сөүл, Бээжин, Вашингтон зэрэг 11 салбар комисс дээр МАН, АН-аас томилогдсон 19 ажиглагч санал хураах ажиллагаанд оролцжээ.
Баримт 13. Дахин санал хураалтыг 7,2 тэрбум төгрөгөөр явуулна. Энэхүү зардлыг Засгийн газар буюу улсын төсвөөс гаргана.
Баримт 14. Үндсэн хуулиар олгогдсон сонгох эрхээ эдлэхийн тулд иргэн та өмнө нь сонгууль өгсөн ч бай эс өгсөн ч бай энэ удаагийн сонгуульд бүгд оролцох эрхтэй.
Баримт 15. Сонгогч та саналаа өгөхдөө иргэний үнэмлэх эсвэл ТҮЦ машинаас лавлагаа авч очиж болно. Гэхдээ бичиг баримтаа баталгаажуулсан иргэд заавал иргэний үнэмлэх авч очих шаардлагагүй. Учир нь та хурууны хээгээ уншуулаад саналаа өгч болно.
Баримт 16. Үүнээс гадна өмнө нь саналаа өгөөгүй болон сонгогчдын нэрсийг жагсаалтад байгаа эсэхдээ эргэлзэж байгаа иргэд burtgel.mn сайт руу орж, өөрийн овог нэр, регистрээ кириллээр бичиж, баталгаажуулалт хийж болох юм.
Баримт 17. Дахин санал хураалттай холбоотойгоор иргэдийн шилжилт хөдөлгөөнийг зогсоосон. Тодруулбал зургадугаар сарын 27-ны өдрөөс эхлэн долдугаар сарын 9-ний өдөр хүртэл шилжилт хөдөлгөөнийг түр зогсоогоод байгаа.
Баримт 18. Хоёр дахь шатны санал хураалт мөн ирц, саналын босготой.
Баримт 19. Ирц 50 хувьдаа хүрсэн тохиолдолд нэр дэвшигч 50 хувьдаа хүртэл санал авсан эсэхийг харна.
Баримт 20. Ирц хүрсэн эсэхийг үзээд 50 хувийн ирц бүрдээгүй тохиолдолд тухайн хэсэгт санал өгөөгүй иргэдийн дунд нэмэлт санал хураалт явуулах юм.
Баримт 21. Эхлээд нэр дэвшигч хэдэн хувийн санал авсан гэхээс өмнө ирц хүрсэн үгүйг харах хэрэгтэй. Харин долоо хоногийн дотор нэмэлт санал хураалт болно.
Баримт 22. Дахин санал хураалт явагдах өдөр архи согтууруулах унааг худалдан борлуулах, түүгээр үйлчлэхийг хориглосон.
Баримт 23. Мөн санал авах өдөр аймаг сумдуудад наадам хийхгүй байхыг анхааруулж зарим аймгийн наадмыг хойшлуулахаар болсон.
Баримт 24. Анхан шатны санал хураалтаар нийт саналаа өгсөн 1.3 сая сонгогчийн 18 мянга нь "цагаан сонголт” хийсэн байсан.
24tsag.mn