Австри дахь лалын шашинтнуудын хүүхдийн цэцэрлэгийг хаах нь зүйтэй гэв
Австрийн нийслэл Вена хотод үйл ажиллагаа явуулж буй лалын шашинтнуудын хүүхдийн цэцэрлэгийг хаах хэрэгтэй, яагаад гэвэл ийм цэцэрлэгүүд нь хүүхдүүдийг нийгэмшихэд нь саад болж байгаа аж. Энэ тухай Австрийн Гадаад хэргийн сайд бөгөөд Европын Аюулгүй байдал хамтын ажиллагааны байгууллагын дарга Себастьян Курц мэдэгджээ.
"Цэцэрлэг нь хүүхдийг сургуульд орох үедээ герман хэлээр ярьж чаддаг болгох ёстой, гэтэл лалын шашинтнуудын хүүхдийн цэцэрлэгүүд нь угсаатны болон хэлний хувьд ялгаатай байна. Ийм цэцэрлэгүүд бидэнд хэрэггүй. Мусульман шашинтнуудын хүүхдийн цэцэрлэг манайд байх ёсгүй” гэж С.Курц хэлжээ. Тэрбээр "Kurier” сониноос зохион байгуулсан Венийн мэтгэлцээний клубт "Цагаачлалын ирээдүй” сэдвээр илтгэл тавихдаа ийм дүгнэлт хийсэн байна.
Сайдын хэлснээр, ийм хүүхдийн цэцэрлэгүүд нь хэл яриа, соёлын тал дээр нийгмээс тусгаарлагддаг хэдий ч санхүүжилтээ татвар төлөгчдөөс авдаг байна. Ийм хандлага байж болохгүй, тийм болохоор хүүхдийг нийгэмшүүлэх хамгийн сайн арга бол герман хэл заах явдал, хүүхэд бүр бага наснаасаа герман хэлийг сурах ёстой гэж сайд нэмж хэлжээ.
Одоогийн байдлаар, зөвхөн Вена хотод гэхэд 10 000 орчим хүүхэд лалын шашинтнуудын цэцэрлэгт явдаг байна. Үүнтэй холбоотойгоор хүүхдийг сайн сургаж хүмүүжүүлэхийн тулд хүүхэд асрагч, багш нарт тавигдах герман хэлний мэдлэгийн түвшний шаардлагыг чангатгахыг Гадаад хэргийн яам санал болгож байгаа аж.