Н.Алтанхуяг, Х.Баттулга хоёр л тунана

Н.Алтанхуяг, Х.Баттулга хоёр л тунана

 

АН-аас Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуульд өрсөлдөхөөр горилогчид өчигдөр намынхаа Дотоод сонгуулийн хороонд бүртгүүллээ.

Морин цаг жаргахтай хамт хаасан бүртгэлийн хугацаанд Р.Амаржаргал, Н.Алтанхуяг, Х.Баттулга, Б.Жаргалсайхан, Д.Дорлигжав, Лу.Болд нарын зургаан хүн нэр дэвшихээр хандав.

 

Р.Амаржаргал "...Миний бие Монгол Улсын Ерөнхийлөгчид нэрээ дэвшүүлэх нам доторх санал асуулгад олонхийн санал авч, нэр дэвших эрхээ авбал хийж хэрэгжүүлэх хөтөлбөрөө ард түмэндээ танилцуулж, улс төрийн эрх баригч хүчний нэр дэвшигчтэй зөвхөн бодлогоор өрсөлдөж амжилт гаргана гэдэгтээ итгэлтэй байна” гэсэн юм.

 

Н.Алтанхуяг "Би Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших болсон шалтгаанаа зургаан сар ярьж байна. Монголчууд бид улс шиг улс, хүн шиг хүн болмоор байна. Монголчууд хүчирхэг ард түмэн болохын тулд ерөнхийлөгчийн оролцоо маш чухал. Зодоонтой сонгууль битгий болоосой” гэв.

 

Х.Баттулга "...Ардчилсан нам бол том нам. Дотоод дүрмийн дагуу ерөнхийлөгчид нэр дэвших хүмүүсээ сунгаагаар зарлаж байгаа. Энэхүү сунгаанд оролцох гэж өөрийн өргөдлийг гаргасан. Дэмжлэг сайн авах байх гэсэн бодолтой байна. УИХ-д гурван удаа сонгогдсон, Засгийн газарт хоёр удаа орж ажилласан зэрэг туршлагатай. Хөгжлийн томоохон бодлогуудыг судлаж, хөндөж тавьж байсан учраас надад давуу тал байгаа” гэлээ.

 

Лу.Болд "...Ардчилсан нам өнөөдөр хямрал, шинэчлэлийн дундах адармаатай цаг үеийг туулж байна. Үүнтэй зэрэгцээд хяналтгүй болсон төрийн бодлого гажуудан иргэнээ биш даргыг ачилж, ардчиллын үнэт зүйлс гундаж байна. Энэхүү эгзэгтэй мөчид Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуульд манай нам зөв хүнээ дэвшүүлж нэгдэн нягтарч чадвал намдаа төдийгүй ард түмэндээ ялалт авчрах үндэс болно” гэсэн юм.

 

Д.Дорлигжав "...Улстөрч хүний хувьд, энэ намыг байгуулалцаж, удирдаж явсан хүний хувьд миний бие зорьсон хэргээ биелүүлэхийн тулд Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшиж байна” гэв.

 

Б.Жаргалсайхан "...Сүүлийн 20 жилд төрийн албан хаагчид асар их эрүүгийн гэмт хэрэгт өртөж байгаа. Энэ асуудлыг таслан зогсоохгүй бол Монгол Улс нийгэм, эдийн засгийн гүн гүнзгий хямралд унахаар байна. Энэ асуудлыг шийдэхийн тулд Ерөнхийлөгчийн сонгуульд чөтгөртэй ч хамаагүй нийлж өрсөлдөх ажлыг сонгож явна” гэв.

 

АН-ын нийт гишүүд өнөөдрийн 22:00 цагаас өмнө дээрх зургаан нэр дэвшигчийн нэгийг Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуульд АН-аас нэр дэвшүүлэн өрсөлдүүлэхээр сонгож, нэрийг нь дугуйлна. Эндээс тодорсон хүнээ энэ сарын 6-нд болох АН-ын VIII Их хуралд оруулж хэлэлцүүлэх ажээ.

 

Гэхдээ АН-ын дүрэм гэж тун ойлгомжгүй эд бий. Мань мэт байтугай намынх нь гишүүд ч тун тааруухан ойлголтой байна. Дээрх Их хурлаас гадна АН-ын Үндсэний бодлогын хорооны гишүүд бас нэр дэвшигчийг сонгох ажилд оролцоно. Хэдийд нь яаж оролцох нь бүү мэд. Тэгэхээр дээрх зургаагийн хэн нэг нь энэ бүхнийг даваад дэмжлэг авч чадвал СЕХ-нд бүртгүүлснээр албан ёсны нэр дэвшигч болно гэсэн үг.

 

Нэр дэвшигчдийг бүртгэхтэй зэрэгцэн нэгэн мэдээлэл дуулдав. Эдгээр зургаан нэр дэвшигчээс хэн хэн тодорч, томрох нь тодорхой болсон гэж байна. Эх сурвалжийн мэдээллээр бол ард түмний дунд чамгүй нэр хүндтэй байгаа нь Р.Амаржаргал юм байна. Гэхдээ тэр намынхаа дотоод сунгаанаас гарахгүй байх магадлал өндөр. Харин АН-ын дотоод "зохицуулалт”-аас харахад Ерөнхий сайд асан Н.Алтанхуяг, УИХ-ын гишүүн асан Х.Баттулга хоёр тунаж үлдэж магадгүй гэж байна. Ийм мэдээлэл маш олон талаас гарч байгаа юм.

 

Дахиад хэлэхэд, АН-ын дүрмээр сунгаанаас нэг хүн гарах уу, хоёр хүн гарах уу гэдэг тун ойлгомжгүй байгаа юм байна. Өрсөлдөөнийг сонирхолтой болгоё гэвэл хоёр хүн үлдээх хэрэгтэй гэсэн санал дийлж яваа дуулдаж байна. Ингээд үзэхээр АН-ын сунгаанаас Н.Алтанхуяг, Х.Баттулга хоёр л тунаж үлдэх магадал маш өндөр байна гэсэн үг.


Б.ДАМДИН-ОЧИР

Эх сурвалж: "Зууны мэдээ” сонин


Хуваалцах:

Сэтгэгдэл

reload, if the code cannot be seen