Хичээлийн "шинэ" хөтөлбөр монголын хөрсөнд буугаасай

Хичээлийн "шинэ" хөтөлбөр монголын хөрсөнд буугаасай

 

Өнөөдөр хичээлийн шинэ жилийн нээлт болж байна. Монголын бүх үрсдээ болон эрдэмтэн багш нартаа баярын мэнд хүргэж, сурах гэгээн үйлсэд нь  амжилтыг хүсье.

Одоогоос 10 жилийн өмнө Монгол улс Ерөнхий боловсролын сургалтын хөтөлбөртөө шинэчлэл хийсэн. Тухайн үед эцэг эхчүүд, сурагчид, багш нар гээд хаа хаанаа учраа ололцох гэж багагүй саадыг давсан юм. Тэгвэл өдгөө "Цөм" хөтөлбөрийн хэрэгжих хугацаа дуусаж байгааг албаны хүн онцлов.

БШУЯ-ны харьяа Ерөнхий боловсролын газрын дарга Т.Ням-Очир: “Цөм” хөтөлбөр 2013-2014 оны хичээлийн жилээс хэрэгжиж эхэлсэн. Ерөнхийдөө 10 жилийн хугацаа өнгөрч, бүрэн хэрэгжиж дуусч байгаа. Тиймээс хөтөлбөрийн хэрэгжилтэд олон талын мониторинг хийж, дараагийн хөтөлбөрийн үзэл баримтлалаа боловсруулж, Засгийн газраар батлуулахад бэлэн болсон. Яагаад гэхээр шинэ хуульд сургалтын хөтөлбөрийн үзэл баримтлалыг Засгийн газар батлахаар заасан. Шинэ хөтөлбөрийн үзэл баримтлал батлагдаж, хөтөлбөр боловсруулах ажил ирэх хичээлийн жилээс Боловсролын судалгааны хүрээлэнд зохион байгуулна. 

 

Ийнхүү олон шүүмжлэлийг араасаа дагуулсан "Цөм" хөтөлбөр дуусаж байгаад баяртай байна. Уг хөтөлбөрийг хэрэгжүүлж эхэлсэн цагаас сурах бичиг нь хүртэл асуудал дагуулсан. Мөн сурах бичгийн доторх агуулга тухайн хичээлтэйгээ утга авцалдаа тун тааруу байсныг багш нар болон эцэг эхчүүд хэлдэг. Хүүхдүүдийн уран яруу ярих, чөлөөтэй сэтгэхэд хэт явцуу агуулгатай байж сурах хөгжих үйлсийг дэндүү залхуу байдалд хүргэсэн гэх шүүмжийг эрдэмтэн багш нараас хэдэнтээ сонсож байв. Тухайлбал, Монгол хэлний хичээлийг Уран зохиолтойгоо уялдаа холбоотойгоор зааж сургадаг байсан. Ингэснээр хүүхдүүд монгол хэлний хичээлээрээ  зөв бичих дүрэм, онолын мэдлэгээ эзэмшдэг. Харин уран зохиолын хичээлээрээ уран яруу хэллэг, ном унших, зохион бичих чадвараа хөгжүүлдэг байв. Гэвч уг хөтөлбөр хэрэгжиж эхэлснээр уран зохиолын хичээл сургалтын хөтөлбөрөөс хасагдаж нэг өгүүлбэр ч зөв бичиж чадахгүй, яруу сайхан хэллэгийг  мэдэхгүй нэгэн үе бэлтгэгдэн гарч ирж буйд олон багш нар толгой сэгсэрч суухыг харсан. 

1990 оноос хойш  манай улс боловсролын салбарынхаа сургалтын  хөтөлбөрөө монголынхоо хөрсөнд буулгаж чадахгүй өнөөг хүргэлээ. Ихэвчлэн гадны хөтөлбөрийг хуулан өөрчлөн хэрэгжүүлсээр ирсэн билээ. Монгол хүүхдүүдийн оюуны чадамжинд тохируулан ШИНЭ хөтөлбөрөө батлаасай. 

 

Нэгэн ЕБС-ийн бидний хэлж заншсанаар юм үзэж нүд тайлсан настай багш өнгөрсөн хавар монголын хүүхдүүдэд тариаланчдын хөтөлбөр хэрэгггүй. Дандаа бэлэнчлэх, залхууралд хүргэсэн авах, сурах зүйл байхгүй хөтөлбөр баталчихсан. Бидний үед чинь геометр, алгебрь гээд толгойгоо ажиллуулж, ухаанаа уралдуулсан хичээлүүд ордог байлаа. Үүгээр тоог заавал зөв бодох аргыг биш оюуныхаа сэтгэх чадварыг хөгжүүлдэг байсан юм. Ингэснээрээ аливаа зүйлийг олон талаас нь сэтгэж тархи ч сайн хөгждөг. Гэтэл одоогийн хөтөлбөрт хүүхдүүдийн сэтгэх чадварыг хөгжүүлэх юу ч байхгүй хэмээн хуучилж байсан нь санаанд оров.

 

Тухайн үеийн сурах бичиг, хөтөлбөрийг боловсруулахад гар бие оролцсон эрдэмтэн багш нартай хүртэл уулзаж явахад бүгд л яамны тушаалын дагуу маш богино давчуу хугацаанд хөтөлбөрийг гүйцэтгэж, сурах бичгийг хянах боломжгүйгээр хэвлэлтэнд өгч байсан тухай ярьдаг.  "Цөм"хөтөлбөр хэрэгжсэн 10 жилийн хугацаанд боловсролын салбарын мэргэжилтнүүд, багш, эцэг эхчүүдэд олон бэрхшээл нэлээдгүй тулгарсан. Жишээ татахад, гэрийн даалгаврыг хийлгэхэд эцэг, эхчүүд хүчрэхгүй. Хичээлийн агуулга хүнд, заримдаа хэт хөнгөн байснаас үүдэн багш нар үндсэн сэдвүүдийг цагтаа зааж амждаггүй байсан гэх. Үүний хажуугаар хичээлийн хоцрогдолтой олон хүүхдүүд бий болсон гэж үзэж ч болно. 

Xичээлийн эхний өдрөөс "Шинэ" хөтөлбөрийг боловсруулах яам болон холбогдох хүмүүст нь өнгөрсөн хугацаанд гарсан алдаа болгоноос суралцаад, давтахгүй урт настай ажил хийхийг захия. 

Хуваалцах:

Сэтгэгдэл

reload, if the code cannot be seen