Ц.Мөнхцэцэг: Улс төрийг бохир мөнгөний урсгалаас цэвэрлэх цаг ирсэн
УИХ-ын ирэх хаврын чуулганаар Улс төрийн намын тухай хуулийн төслийг хэлэлцэх товтой байна. Энэ хуулийн шинэчлэлийн талаар УИХ-ын гишүүн Ц.Мөнхцэцэгтэй ярилцлаа.
-Улс төрийн намын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг боловсруулах ажлын хэсгийг та ахалж байна. Хэр ахицтай байна вэ?
-Улс төрийн намын гишүүдийн 50 гаруй хувийг эмэгтэйчүүд бүрдүүлдэг хэр нь шийдвэр гаргах түвшин буюу УИХ, Засгийн газар, ИТХ, улс төрийн намын удирдлагад тэдний төлөөлөл хангалтгүй байна. Ардчилсан хувьсгалаас хойш 32 жилийн хугацаанд энэ жил анх удаа аймгийн Засаг даргаар эмэгтэй хүн томилогдлоо.Улс төрийн намуудын удирдах бүтцэд ч эмэгтэйчүүдийн төлөөлөл хангалтгүй. Тийм болохоор л Дэлхийн эдийн засгийн форумаас эрхлэн гаргадаг Дэлхийн жендэрийн зөрүүтэй байдлын 2020 оны тайланд Монгол Улс 153 орноос 71 дугаар байранд орох жишээтэй. Манай улс эрүүл мэнд, амьдрах чадвар, эдийн засгийн оролцоо, боломж үзүүлэлтүүдээр эхний 40 улс дотор багтсан ч Улс төрийн эрх мэдэл гэсэн үзүүлэлт нь хамгийн тааруу, 120 дугаар байрт явж байгаа юм.
Улс төр судлаач Т.Ундарьяа “Өнгөрсөн 30 жилийн хугацаанд Монголын нийгэмд ерөөсөө эрх мэдэлд хүрсэн, мөнгөтэй эрчүүд л бодлого тодорхойлж ирсэн, тиймээс хүүхдийн, эмэгтэйчүүдийн, жендерийн, хүний эрхийн маш олон асуудал орхигдсон, гээгдсэн” хэмээж байсан. Би үүнтэй санал нэг байгаа.
Намууд улс орны хөгжлийн бодлогыг тодорхойлох институт байх ёстой.
Улс төрийн намын тухай хууль 2005 онд батлагдсан бөгөөд үүнээс хойш 20 орчим жил өнгөрч байна. Гэтэл өнөөдрийн түвшинд харахаар улс төрийн намын орчин өөрчлөгдөж, сонгууль дахь хөрөнгө, мөнгөний нөлөөлөл өсч, хөрөнгө мөнгөтэй хүмүүст улс төрийн нам нь гарааны давуу байдлыг үүсгэж байна. Үүнээс гадна улс төрийн нам нь ашиг хонжоо олох, албан тушаал ахих боломж гэж үзэх сэтгэлгээг бий болгосон байна. Нам дагасан бизнес, намыг дагаж төрийн эх сурвалжийг өөртөө ашигтай байдлаар ашиглах орчин бүрдсэн гэж үзэж байгаа. Тиймээс бид өнгөрсөн 30 жилийн алдаагаа засахын тулд нэн тэргүүнд улс төрийн намын орчныг олон улсын түвшинд хүргэх ёстой.
Энэ алдааг засаж залруулахгүйгээр яваад байх юм бол нийгэмд өөрчлөлт шинэчлэл ирэх хугацаа алсарсаар л байх болно. Улс төр зөвхөн мөнгөтэй эрчүүдийн өрсөлддөг талбар болчихвол мэдлэг чадвартай залуус, эмэгтэйчүүд, хөгжлийн бэрхшээлтэй иргэд гээд бусад төлөөллүүдийн орох үүд хаалга хаагдсаар л байна. Сонгуульд өрсөлдөх нь өндөр зардалтай байгаа өнөөгийн нөхцөлд эмэгтэй нэр дэвшигчдэд ихээхэн бэрхшээл тулгардаг нь нууц биш. Зарим улс төрийн намууд нэр дэвшигчээсээ дэнчин хэмээх мөнгө татдаг. Тухайлбал, 2020 оны УИХ-ын сонгуульд АН нэр дэвших хүсэлтэй хүмүүсээс 100 сая төгрөгийн дэнчин татсанаараа шүүмжлэлд өртөж, нэр дэвших хүсэлтэй, мэдлэг чадвартай залуучууд, эмэгтэйчүүдийнхээ боломжийг хаасан шүү дээ.
Өнөөдөр бид туулж ирсэн нийгмээ эргэн харж, эргэлтийн шинэчлэл хийх цаг иржээ. Тиймээс хууль эрх зүйн шинэчлэлийг хойш таталгүй, цаг алдалгүй хийж, эрүүл “хөрс” бүрдүүлэх нь чухал байна. Үүнд Улс төрийн намын тухай хууль, Сонгуулийн тухай хууль, цаашлаад Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийн асуудал зэрэг хамаарна.
Улс төрийн намуудыг хариуцлагажуулах, үйл ажиллагаа нь хууль дээдлэх зарчимд суурилсан байх, тэдгээрийн хөрөнгө, орлогын эх үүсвэр, зарцуулалт олон нийтэд ил тод байх эрх зүйн орчныг бүрдүүлэх нэн чухал.
Улс төрийн намын тухай хуулийн шинэчлэл анх удаа ч яригдаж байгаа юм биш. Бараг 15 жилийн өмнөөс яригдаж ирсэн ч улс төрийн намуудын удирдлага, хууль тогтоогчид зориг гаргаж хийхгүй хойшлуулсаар ирсэн. 2012 онд Төрийн байгуулалтын байнгын хорооны даргаар ажиллаж байсан С.Баярцогтоор ахлуулсан ажлын хэсэг Улс төрийн намын тухай хуулийн шинэчлэл хийхээр төсөл боловсруулж, миний бие эрдэмтэн, судлаачдын хамтаар дэд ажлын хэсэгт нь орж ажиллаж байсан ч батлагдаагүй. 2016 онд Төрийн байгуулалтын байнгын хорооны даргаар ахлуулсан ажлын хэсэгт бидний хэдэн улс төр судлаачид судалгаа хийгээд л өгсөн, бас л батлагдаагүй.
Ингээд 2020 онд өөрөө УИХ-ын гишүүн болж сонгогдож орж ирээд Улс төрийн намын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг хэлэлцэүүлэгт бэлтгэх ажлын хэсгийг ахалж ажиллаж байна.
Монгол Улсын Ерөнхийлөгч хуулийн төслийг удахгүй УИХ-д өргөн барьж, Улс төрийн намын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг УИХ-ын ирэх хаврын чуулганаар хэлэлцэх байх гэж найдаж байгаа.
–Одоогийн мөрдөгдөж байгаа хуулийн хүрээнд улс төрийн намууд сонгуулийн хуультайгаа яаж зохицож байгаа вэ. Ялангуяа УИХ-ын сонгуулийн үеэр намуудын санхүүжилт шилэн байж чаддаггүй шүү дээ. Авлига, хууль бус орлоготой холбоотой асуудлууд сүүлд нь яригддаг болоод удаж байгаа?
-Энэ чиглэлд Европын хамтын ажиллагааны байгууллага, Венецийн комисс зэрэг олон байгууллагууд дээрх хуулийн төсөл дээр зөвлөмжүүд өгсөн. Одоо бэлэн болчихсон байгаа төсөл дээр Олон улсын байгууллагууд эерэг үнэлгээ өгч байгаа.
Улс төрийн намын тухай хуультай Сонгуулийн тогтолцоо бол яах аргагүй хоорондоо уялдана. Намын тухай хуулийн шинэчлэлийн гол концепци бол сонгуулийн хуулийг дагаж зохицуулагдах ёстой.
Тухайлбал, Монголын сонгуульд хөрөнгө, мөнгөний нөлөө асар өндөр байдаг. Эсвэл сонгуулийн жил эхлэхээс өмнө тухайн “тойргоо услах” нэрээр их хэмжээний мөнгийг сонгогчдын санал авахад заруулдаг энэ жишгийг эвдэх ёстой. Тиймээс намын тухай хуульд нэг заалт болж орж ирж байгаа. УИХ-ын гишүүд сонгуулийн болон сонгуулийн бус бүх үед ямар нэгэн байдлаар сонгогчдын саналыг урвуулан авах, сонгогчдод материаллаг болон бусад дэмжлэг үзүүлэх асуудлуудыг бол хязгаарлаж байгаа.
Сонгогчдод мөнгө төгрөг, бэлэг сэлт тараадаг байдлыг хуулиар хориглож байгаа. Тэгэхээр 2024 оны УИХ-ын сонгуулиас нэг жилийн өмнө энэ хууль, сонгуулийн хуультайгаа зэрэгцэн хэлэлцэгдэж явах байх гэж бодож байна.
-Санхүүгийн хяналтыг ямар байдлаар зохицуулах заалт хуулийн төсөлд тусгасан бэ?
-Улс төрийн намын санхүүжилтийг шилэн болгох асуудал энэ хуулийн төслийн гол концепци гэж хэлж болно. Олон улсын жишгээр улс төрийн намууд жилд хоёр удаа санхүүгийн тайлангаа СЕХ-нд хүргэнэ. Тухайн тайлан олон нийтэд ил байна. Тайлан дотор тухайн намд төсвөөс олгож байгаа санхүүжилт, намын гишүүдийн цуглуулсан хандив, дэмжлэг татварын орлого, зарлага, болоод иргэд, ААН-с өгсөн хандивын хэмжээ зэргүүдийг бүхэлд нь тайлагнана.
ААН-үүдийн хандив тусламжийн мөнгөн хэмжээг нэлээн бууруулж оруулж байна.
Хэрвээ намын санхүү хариуцсан ажилтнууд ямар нэгэн байдлаар тайлангаа дутуу мэдээлсэн, эсвэл санаатай алдаа гаргасан байх юм бол тухайн намд санхүүгийн болон улс төрийн хариуцлага хүлээлгэхээр мөн хуульд өөрчлөлт оруулж байгаа.
Өөрөөр хэлбэл, нам удаа дараа санхүүгийн тайлан, тооцоотой холбоотой алдаа гаргасан тохиолдолд тухайн намд олгох төсвийн санхүүжилтийг хязгаарлах, зогсоох, сонгуульд оролцох эрхийг нь түдгэлзүүлэх хүртэл арга хэмжээ авах заалтыг тусгасан. Мөн намын эд хөрөнгийн эх үүсвэрийг болон зарцуулалтыг нуун дарагдуулсан тохиолдолд мөнгөн торгууль ногтуулах, эсхүл тухайн санхүүгийн зөрчил нь эрүүгийн хэрэгт дүйцэхүйц ноцтой байвал эрүүгийн хариуцлага хүлээлгэх хатуу шийтгэлийн зохицуулалтыг хуулийн төсөлд шинээр оруулж өгсөн байгаа.
-Мөн өөр ямар шинэ зохицуулалт хуулийн төсөлд тусгасан бэ?
– Улс төрийн намын тухай хуулийн шинэчилсэн найруулгад жендэрийн болон хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн оролцоог дэмжих үүргийг намд хуульчлан ногдуулж байгаа. Намын бүтэц, шийдвэр гаргах үйл ажиллагаанд жендэрийн тэгш байдлыг хангах зарчмыг хуульчилна. Нам бодлого, үйл ажиллагаандаа эмэгтэй, ахмад, залуу, хөгжлийн бэрхшээлтэй иргэд зэрэг нийгмийн сонирхлын бүлгүүдийн төлөөлөл, оролцоог хангаж ажиллана. Нам үйл ажиллагаа дахь жендэрийн эрх тэгш байдлын талаарх тайланг Жендэрийн үндэсний хороонд жил бүр хүргүүлнэ.
Эмэгтэйчүүд болон хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн УИХ дахь төлөөллийг нэмэгдүүлэхийн тулд төрийн санхүүжилтийн тодорхой хувийг энэхүү зорилтот бүлэг рүү чиглүүлэх зарчмын өөрчлөлтүүдийг тусгасан. Төрийн санхүүжилтийн 30-аас доошгүй хувийг гишүүд болон иргэдийн улс төрийн боловсролыг дээшлүүлэхэд, 20-иос доошгүй хувийг эмэгтэй, ахмад, залуу, хөгжлийн бэрхшээлтэй иргэд, нийгмийн сонирхлын бүлгүүдийн улстөрийн оролцоог хангахад тус тус зарцуулна.
Намын төлөөллийн төв байгууллага, гүйцэтгэх төв байгууллагын бүрэлдэхүүнд жендэрийн тэгш байдлыг хангана. Нэр дэвшигчийн хүйсийн квотоос илүү нэр дэвшүүлсэн эмэгтэй улстөрчийн тоо болон хөгжлийн бэрхшээлтэй нэр дэвшигчийн тоо, УИХ-д тухайн намаас нэр дэвшиж сонгогдсон эмэгтэй гишүүд болон хөгжлийн бэрхшээлтэй гишүүний тоонд дүйцүүлэн төрийн санхүүжилт нэмж олгохоор тусгасан байгаа.
Д.Доржпагма