​COP27: Уур амьсгалын өөрчлөлтөөс ухарч буй Монгол Улс

Хураангуй (үр дүн)

  • Дэлхийн дулаарал 1.1 хэмд хүрсэн ч цаашид 1.5-д тогтоон барихын төлөө хичээхээр болов

  • Алдагдал хохирлын санхүүжүүлэх сан байгуулахаар болов

  • Энэтхэг, Хятад дурамчхан байсан ч нүүрсийг “халах” ажлыг эрчимжүүлэхээр шийдэв

  • Монгол Улс уур амьсгалын өөрчлөлтийн зорилтоо COP28-аас өмнө шинэчлэнэ гэв

_______________________________________________________________________________________

 

Уур амьсгалын дипломат “нүүдэл”, ажил хэрэгч “шийдэл” нэхсэн 2000 гаруй уулзалт, яриа хэлэлцээрээр өрнүүн НҮБ-ын суурь конвенцын оролцогч талуудын  27-р бага хурал буюу COP27 улаан тэнгист болж өндөрлөлөө. Олон зуун хурал, хэлэлцүүлгийн эцэст COP27-ийн эцсийн шийдвэр гарах гэж хоёр өдөр дуншиж, байгалийн гамшгийн хохирогчид ялалт болсон ч байгалийн гаралтай түлш үйлдвэрлэгчидтэй тэр бүр хүчтэй тэмцэж чадсангүй. Гэсэн ч хэдийнэ 1.1 хэмээр халаад байгаа дэлхийн дулаарлыг 2030 он гэхэд 1.5 хэмд барих зорилтоо хэвээр хадгалж үлдлээ.

ХЭРЭГЖИЛТИЙН ТӨЛӨӨ ХАМТДАА ЯМАР ҮР ДҮНД ХҮРЭВ

Сүүлийн 30 жил хөгжингүй, баян улсууд хэлэлцэхээс дөлж ирсэн сэдэв “алдагдал, хохирлын санхүүжилт” байв. Харин энэ удаад ил асуудлыг анхаарлын төвд аваачиж чадлаа. Уур амьсгалын өөрчлөлт тойрсон олон асуудлаас Монголчууд овоо хараандаа байлгах ёстой хэдэн асуудлыг энд хөндье.

Анхаарах асуудал #1: Алдагдал хохирлын санхүүжилт

Амтай болгон ярьж байсан сэдэв бол яалт ч үгүй “алдагдал, хохирол” байв. Товчхондоо, энэ бол хүлэмжийн хийн ялгаруулалтад хумсны толион чинээ хувь нэмэр оруулдаг хэрнээ байгалийн гамшиг, цаг уурын өөрчлөлтөөс эдийн засгийн хохирол амсаж буй хөгжиж буй улсууд нөхөн төлбөр авах тухай асуудал юм.

Энэ удаагийн хурлаар хөгжиж буй улсуудад алдагдал хохирлын санхүүжилт олгох тусгай сан байгуулахыг зөвшөөрч, энэ асуудлаар техникийн туслалцаа үзүүлэх үндсэн нэгж нь Сантиогогийн Сүлжээ байхаар тохиролцов. Сантиогогийн сүлжээ нь 2019 онд Мадридад болсон COP25-ийн үеэр хөгжиж буй орнуудад алдагдал, хохирлыг арилгахад чиглэсэн үйл ажиллагааг хөнгөвчлөх зорилгоор байгуулсан юм. Мөн санхүүжилтийн хувьд хэн, хэрхэн төлөх вэ гэдэг нь ирэх жилийн ажил болж үлдэв. Европын холбоо, Герман, Дани, Шотланд зэрэг улсууд “алдагдал, хохирол”-ыг дэмжиж буйгаа илэрхийлсэн. Тухайлбал, ИX7-г тэргүүлж буй Герман улс гэхэд дангаараа 170 сая еврог байгалийн гамшгийн эрсдэлийн даатгалд олгоно гэлээ. Үүнийгээ “Global Shield” буюу “Дэлхийн бамбай” гэх нэрээр талуудын бага хурлаар танилцуулсан юм.

Сонирхуулахад, Монгол Улс байгалийн гамшгаас үүдэн 1.6 их наяд төгрөгийн эдийн засгийн шууд хохирол хүлээсэн гэж ОБЕГ-аас мэдээлсэн нь бий. Энэ удаагийн талуудын бага хурлаар соёлын өв, шилжилт хөдөлгөөнөөс үүдэлтэй сөрөг нөлөөлөл зэрэг эдийн засгийн бус алдагдлуудыг ч бас тооцоолох хэрэгтэйг мөн онцолж байв. 

 

Анхаарах асуудал #2: Шударга шилжилт

Just Transition буюу “Шударга шилжилт”-д Монгол Улс хэрхэн хамрагдахаа одооноос тодорхойлж эхлэх хэрэгтэй болж байна. COP27-ын үеэр сэргээгдэх эрчим хүчний хэрэглээг нэмэгдүүлэхийг уриалж, нүүрсний эрчим хүчийг үе шаттайгаар бууруулж, зогсоох хүртэлх арга хэмжээг эрчимжүүлэхийг талууд зөвшөөрлөө. Энэ хүрээнд жил бүр сайд нарын дугуй ширээний уулзалтыг зохион байгуулахаар болж, “Шударга шилжилт”-ийг хэрэгжүүлэх хөтөлбөр, арга замыг хэлэлцэхээр болов. 

Дэлхий нийт ийнхүү нүүрснээс алхам алхмаар татгалзаж, ногоон эрчим хүч рүү шилжихдээ хэнийг ч хохироохгүй хэрхэн шударгаар, эрх тэгш байдлаар шилжих тухай нарийн төлөвлөгөө боловсруулан ажиллаж байна. Гаргасан төлөвлөгөөгөө уур амьсгалын томоохон сангуудад танилцуулж “Шударга шилжилт” хийх гэж буй төлөө Индонез улс л гэхэд 20 тэрбум ам.долларын санхүүжилт татаж чадлаа. 

Харин бид “нүүрс”-ээ идэж амьдарсан хэвээр. Өнөөдөр Монгол Улсын эрчим хүчний 90 гаруй хувь нь нүүрсээр ажилладаг цахилгаан станцууд бүрдүүлдэг. Дулааны цахилгаан станцуудаас гадна гэр хорооллын 220 мянган өрх “нүүрс” түлж, өвлийг “өнтэй” давдаг. Мөн 30 орчим нүүрсний уурхай, дулааны цахилгаан станц, хөдөө аж ахуй, сэргээгдэх эрчим хүчний станц барихад нөлөөллийн бүсэд хамрагдаж буй малчин өрхүүд гээд “Шударга шилжилт” хийхэд хэчнээн хүн өртөхөөр байгааг нарийн тооцоолж, төлөвлөж эхлэхгүй бол бид уур амьсгалын өөрчлөлт гэсэн энэ сэдвээс улам бүр холдсоор л байна.

Анхаарах асуудал #3: Үндэсний тодорхойлсон хувь нэмрээ улам тодорхой болгох

Өнөөдөр Монгол Улс дэлхийн нийт хүлэмжийн хийн ялгарлын ердөө мянганы нэгийг л бүрдүүлдэг. Гэвч нэг хүн ногдох хүлэмжийн хийн ялгарлаараа АНУ, БНХАУ, Энэтхэг зэрэг хүлэмжийн хийн ялгарлаар дэлхийд тэргүүлэгч улс орноос дээгүүр буюу 23-рт бичигддэг. Мөн бид саяхан “Даян дэлхийн метаны амлалт”-д нэгдсэн. Ингэснээр хүлэмжийн хийн ялгарлын тооллогоо дахин хийх шаардлагатай болж байна. Өөрөөр хэлбэл, бид өмнөх тооцоололдоо метан хийг тооцоогүй. Хэрэв нүүрс, эрчим хүч, хөдөө аж ахуйн салбараас ялгарах метан хийг тооцвол энэ үзүүлэлт ахиад ч нэмэгдэж мэднэ. Тэгэхээр энэ бүх тооцоог хийдэг аргачлалыг үндсэний тодорхойлсон  хувь нэмэр буюу уур амьсгалын өөрчлөлтөд Монгол Улс ямар хувь нэмэртэй оролцох вэ гэсэн үндэсний амлалт юм.

Үүнээс гадна уур амьсгалын өөрчлөлтийн чиглэлээр мэргэшсэн боловсон хүчин дутмаг байдгаас НҮБ-ын суурь конвенцын өмнө хүлээсэн үүргээ биелүүлж, олон бичиг баримт, суурь судалгааны материалууддаа цаг тухайд нь өгч амждаггүй гэх бэрхшээл Монголтой ижил олон оронд тохиолдож байгааг тус хурлаар онцолж байлаа. Энэ нь COP27 үеэр танилцуулсан “Ялгарлын зөрүүгийн тайлан”, “Уур амьсгалын эмзэг байдлын хяналт” “Уур амьсгалын ажиглагч” зэрэг олон судалгаанд Монголын дата мэдээлэл дутмаг байснаас бэлхэн харагдаж байсан юм.

 

Уур амьсгалын өөрчлөлтөд эмзэг байдлын мониторын ахлах судлаач, finres-ийн үүсгэн байгуулагч Флорент Баарш:  Бид уур амьсгалын их хэмжээний санхүүжилтуудыг уламжлалт, хуучин салбаруудаас шинэ салбар руу чиглүүлэхийг хэрэгтэй. Монгол Улс үүний тод жишээ болов уу гэж бодож байнa… Бид хийж чадах зүйлсдээ маш прагматик хандах хэрэгтэй. Дасан зохицох нь чухал төдийгүй манай гаригийн аль ч эдийн засагт зориулж хийгдэж буй шинэ хөрөнгө оруулалт. Мөн [уур амьсгалын өөрчлөлтийг] тэсвэрлэх, ялангуяа сааруулахад [санхүүжилт] зөв чиглэлд явж байгаа эсэхийг шалгаж байх хэрэгтэй.


COP27 буюу “ИХ МӨНГӨ”-ний хэлэлцээ

Уур амьсгалын өөрчлөлт. Энэ сэдвийг дагаж, их мөнгө эргэлддэг. Харин уур амьсгалын өөрчлөлт, түүнийг дагасан яриа хэлэлцээрээс Монгол Улс алсуур алхалсаар, тойргийн гадна үлдэхэд тун ойрхон иржээ.

Уур амьсгалын Бодлогын Санаачлагаас танилцуулсан хамгийн сүүлийн үеийн нэгтгэл датанаас харахад нийт санхүүжилтийн 90 хувь нь уур амьсгалын өөрчлөлтийг сааруулахад зарцуулагджээ. Хэдий сүүлийн арван жилд уур амьсгалын санхүүжилт хоёр дахин нэмэгдэж, 4.8 их наяд ам.долларт хүрсэн ч 2030 он хүртэл жил бүр энэ хэмжээний санхүүжилт шаардлагатай гэж үзэж байна. Өөрөөр хэлбэл, дэлхийн дулаарлыг 1.5 хэмд барих зорилтоо биелүүлэхийн тулд ирэх найман жилд жил бүр дэлхийн эдийн засгийн 5 орчим хувьтэй тэнцэхүйц буюу 4.3 их наяд ам.долларыг уур амьсгалын санхүүжилтэд зарцуулах шаардлагатай ажээ.


Гэхдээ нийт мөнгөний 80 хувийг гаргадаг хөгжингүй улсууд урьдын адил уур амьсгалын өөрчлөлтийг сааруулах нэрийдлээр өөрсдөдөө “ашиг”-тай байдлаар бялуу хуваасаар байна. Уур амьсгалын санхүүжилтийн ердөө 10 хувь нь хөгжиж буй улсуудад хуваарлагдаж байгааг Эдийн Засгийн Хамтын Ажиллагаа ба Хөгжлийн байгууллагаас танилцуулсан нь бий. Тиймээс Глазгоус эхлэн нийт санхүүжилтийнхээ 50 хувийг уур амьсгалын өөрчлөлтөд дасан зохицоход зарцуулна гэх амлалтыг талууд өгөөд байгаа юм.

Харин Монгол Улсад уур амьсгалын өөрчлөлтийн асуудлаар дэлхий нийтийн өмнө хүлээсэн амлалтаа биелүүлэхийн тулд 11 тэрбум ам.долларын санхүүжилт шаардлагатай байна. Энэ мөнгөнийхөө 10 хувийг дотоод эх үүсвэрээ санхүүжүүлэх амлалт авсан гэж салбарын сайд хэлсэн юм. Одоогоор Уур амьсгалын ногоон сангаас Монгол Улсад хамгийн олон буюу нийт 19 төсөл хэрэгжүүлж байна. Үүнээс Азийн хөгжлийн банкаар дамжуулан Монгол Улсын бэлчээрийн менежментийг сайжруулах олгож буй 175 сая ам.долларын санхүүжилт хамгийн томд тооцогдож байна. Мөн Даян дэлхийн байгаль орчны сан Монгол улсын биологийн олон янз байдал, газрын доройтлын эсрэг үйл ажиллагаанд 10 сая ам.доллар зарцуулахаар болоод байгаа. Харин Дэлхийн банкны хувьд дасан зохицоход зарцуулж буй санхүүжилтээ нэмэгдүүлж буйгаа илэрхийлсэн юм.

COP27-Д МОНГОЛ УЛС ХЭРХЭН ОРОЛЦОВ

Уур амьсгалын өөрчлөлтийн асуудлаар талуудын бага хурал манайд шинэ зүйл огт биш. Магадгүй сүүлийн хоёр жил Ерөнхийлөгч болон сайдын түвшинд оролцож буй учир олны анхааралд багахан ч атугай өртөж буй байх. “Уур амьсгалын өөрчлөлтийн хүрээнд үүсэж байгаа болон үүсэж болзошгүй асуудлыг бид үндэсний хэмжээнд ярихаас гадна олон улсын хэмжээнд ямар түвшинд, хэнтэй хамтарч ажиллах, хаанаас дэмжлэг авах ёстой вэ гэдгийг ярьж байх хэрэгтэй” гэж Уур амьсгалын өөрчлөлтийн НҮБ-ын суурь конвенцийн үндэсний зохицуулагч З.Батжаргал онцолж байсан юм. 

 

Уур амьсгалын өөрчлөлт тойрсон олон улсын энэ яриа хэлэлцээнд өөрийн байр сууриа идэвхтэй илэрхийлэхийн тулд АНУ л гэхэд 600 гаруй, Япон 100 гаруй уур амьсгалын мэргэшсэн хэлэлцэгч нартай ирдэг. Эдгээр хүмүүс гол үндсэн хэлэлцээнүүдэд орж, улс орныхоо байр суурийг идэвхтэй илэрхийлж, уур амьсгалын санхүүжилтээс “мөнгө” татахад голлох үүрэг гүйцэтгэдэг.  

Монгол Улсын хувьд энэ удаагийн COP27-д түүхэндээ байгаагүй олон буюу нийт 56 төлөөлөгчтэй оролцсон. Үүний гурваны нэг нь Ерөнхийлөгчийн айлчлалын багт багтсан хэвлэлийнхэн байсан бол 20 хувь нь эмч, хамгаалагч, элчингийн төлөөлөгчид, орчуулагч байсан юм. Харин яг улс орноо төлөөлж олон улсын тавцанд “шатар” нүүх буюу хэлэлцээрт оролцох хүмүүс нь гарын таван хуруунд багтахуйц цөөхөн байсныг онцлох хэрэгтэй болов уу.

МОНГОЛ УЛС ЦААШИД ЮУГ ХЭЛЭЛЦЭХЭЭР ЗЭХЭЖ БУЙ ВЭ

Талуудын бага хурлын хүрээнд Монгол Улс манай урд хөршийн ахалдаг G77 буюу Азийн орнуудыг хамарсан лобби группийн гишүүн. Мөн уур амьсгалын эмзэг улсуудын нэгдэл буюу V20-ийн гишүүн юм. Уур амьсгалын өөрчлөлт дагасан хэлэлцээнд ажиглагчийн байр суурьтай оролцож ирсэн манай улс бүс нутгийн болон олон улсын тавцан тэр бүр идэвхтэй дуу хоолойгоо илэрхийлдэггүй. Харин олны анхааралд өртөх “том” боломж, дөрвөн жилийн бэлтгэл ажлын хамт хүлээж буй нь НҮБ-ын Цөлжилттэй тэмцэх суурь конвенцод нэгдэн орсон талуудын 17 дугаар бага хурал юм. Тус хурлыг 2026 онд Улаанбаатар хотод зохион байгуулна. Олон улсын тавцанд гаргаж тавих асуудлаа бид одооноос тодорхойлж, бэлтгэлээ базаах хэрэгтэй болж байна.

Монгол Улс дэлхийн дулаарлын голомтод байрладаг учраас агаарын дундаж хэм дэлхийн дунджаас 2.5 дахин өндөр байдаг. Үүний үр дүнд баруун аймгуудын мөнх цаст уулсын мөс хайлж, тал нь харласан. Улмаар эдгээр уулсаас эх авдаг гол, горхи эрчимтэй ширгэж байна. Мөн манай орны нийт нутгийн 70 хувь цөлжилтөд өртсөн. Мөнх цэвдэг бараг хоёр дахин хайлж, одоо нийт нутгийн 40 хүрэхгүй хувьд нь мөнх цэвдэгтэй байна гэх судалгааг “Уур амьсгалын өөрчлөлт - Хөгжил” академийн тэргүүн, доктор (Ph.D) Д.Дагвадорж танилцуулсан. Хөрсний чийгийг барьж байдаг цэвдэг хайлснаар хуурайшилт эрчимтэй явагдаж, шар шороон шуурганы давтамж эрс нэмэгдэж байгаа. Тиймээс шар шороон шуурганы асуудлаар бүс нутгийн хүрээнд хамтран ажиллахаар БНСУ, Япон, БНХАУ-ын сайд нарын түвшний анхан шатны яриа хэлэлцээг эхлүүлсэн гэдгээ Байгаль орчин, аялал жуулчлалын сайд Б.Бат-Эрдэнэ мэдээлсэн юм. Түүнчлэн өргөн уудам газар нутагтаа мод тарьж, хүлэмжийн хийг шингээснийхээ төлөө карбон зах зээлээс санхүүжилт босгох боломж байгааг ч салбарын сайд онцолж байлаа.

Гэхдээ урт хугацаанд бэлтгэл ажил шаардах эдгээр ажлаас илүүтэй ирэх жил Дубайд болох COP28-аас өмнө үндэсний тодорхойлсон хувь нэмрээ шинэчилж, механизмаа тодорхой болгох хэрэгтэй. Үүнд Сингапур улсаас дэмжлэг авахаар хамтын ажиллагааны санамж бичиг байгуулахаар тохиролцсон байна. Мөн уур амьсгалын өөрчлөлтийн аргачлалаа 3-р шатлал руу оруулах, урт хугацааны төлөвлөгөөгөө нарийвчлан боловсруулах гээд олон ажил, “гэрийн даалгавар” биднийг хүлээж байна.

Арабын Нэгдсэн Египет улсын Шарм Эль-Шейх хотоос Дэлхийн Сэтгүүлчдийн Сүлжээний #CCMP хөтөлбөрийн хүрээнд COP27-г чөлөөт сэтгүүлч Э.Нарантунгалаг мэдээллээ.

Холбоотой нэмэлт эх сурвалжууд: 

  1. https://unfccc.int/santiago-network

  2. https://www.v-20.org/v20-and-g7-jointly-launch-global-shield-against-climate-risks-at-cop27

  3. https://climatejusticealliance.org/just-transition/

  4. https://www.newschainonline.com/news/world-news/indonesia-signs-20-billion-dollar-deal-to-accelerate-clean-energy-transition-304611

  5. https://ourworldindata.org/grapher/co-emissions-per-capita?tab=chart&country=MNG~USA~CHN~IND~GBR~RUS~OWID_WRL

  6. https://www.globalmethanepledge.org

  7. https://www.unep.org/resources/emissions-gap-report-2022

  8. https://www.v-20.org/climatevulnerabilitymonitor

  9. https://climateactiontracker.org/countries/

  10. https://www.v-20.org/climatevulnerabilitymonitor

  11. https://climateactiontracker.org/countries/

  12. https://www.climatepolicyinitiative.org/publication/global-landscape-of-climate-finance-a-decade-of-data/

  13. https://www.oecd.org/newsroom/statement-from-oecd-secretary-general-mathias-cormann-on-climate-finance-in-2019.htm

  14. https://updown.mn/150674.html

  15. http://isee.mn/n/42317

  16. https://unfccc.int/documents/622327

  17. https://unfccc.int/documents/623381

  18. https://newswall.mn/?p=20651

Хуваалцах:

Сэтгэгдэл

reload, if the code cannot be seen