С.Амарбаяр: Замын-үүдийн чингэлэг тээвэр иргэдэд чирэгдэл учруулж байна
Засгийн газраас импортын гол боомт болох Замын-Үүд дээр өнгөрсөн нэгдүгээр сараас эхлэн гурван сарын хугацаатай онц дэглэм тогтоосон. Онц дэглэмийн хугацаа дуусаад сар гаруйн хугацаа болж байна. Гэвч ачаа тээвэр нэмэгдүүлэх зорилго биеллээ ололгүй явсаар өнөөдөртэй золгов.
Хилээр хангалттай хэмжээний бараа бүтээгдэхүүн нэвтрүүлэхгүй байгаатай холбоотойгоор чингэлэг тээвэр, ачааны тээврийн үнийн өсөлтийн асуудал хурцаар яригдаж байна. Үүнээс улбаалж дотоодын бараа бүтээгдэхүүний үнэ огцом өсч, иргэдийн амьжиргаанд дарамт үзүүлж байгаа юм. Нөгөө талд экспортын асуудал хөндөгдөөд удаж байна. Дотоод руу долларын урсгал татах нүүрс, зэсний экспорт удаашралтай байгаатай холбоотойгоор дотоодод валютын хомсдол үүсч үнэ нь тэнгэрт хадчихаад байгаа юм.
Замын-Үүдийн хил дээрх нөхцөл байдлыг сурвалжиллаа. Өчигдрийн байдлаар зөвхөн чингэлэг тээвэр л явж байгааг Замын-Үүд дэх бизнес эрхлэгчид онцолж байна.
Бизнес эрхлэгч С.Амарбаяртай холбогдож ачаа тээврийн нөхцөл байдлын талаар тодруулга авлаа.
-Замын-Үүдийн хил дээрх нөхцөл байдал ямар байна вэ. Хил дээр тогтоосон онц дэглэм дуусгавар болоод сар гаруйн хугацаа өнгөрлөө шүү дээ?
-Өнөөдрийн байдлаар чингэлэг тээвэр л явж байна. Өдөрт 60-70 чингэлэг тээвэр ачаа орж ирж байгаа. Саяхнаас 40 машиныг нэвтрүүлэх болсон. Гэхдээ энэ нь ачаа тээврийн эргэлтэд үр дүн үзүүлэхгүй байна л даа. Тээвэрлэлтийн асуудлыг төр зохицуулах л үүрэгтэй баймаар санагдах юм. Хувийн хэвшлийн бизнесийг булаадаг жишиг манайхаас өөр оронд байхгүй. Иргэдэд ачаа тээвэр хийх нөөц боломж нь бүрэн байна. Харин төрийн зүгээс иргэдийн амьжиргаагаа залгуулах боломжийг дээрэмдээд сууж байгаа нь харамсалтай санагдах юм. Бодит байдал дээр бол 40 машины шаардлага огт алга. Хилийн цэргийн дугаартай машинууд л явж байгаа харагддаг. Авто тээврийн үндэсний төвд бүртгэлтэй ч юм уу, үгүй ч юм уу.
Шуудхан хэлэхэд, чингэлэг тээвэр оновчтой шийдэл биш. Иргэдэд л чирэгдэл учруулж байна. Чингэлэг өргөх кран шаардлагатай. Хил хооронд зөөвөрлөнө. Энэ бүрт зардал гарна. Тээврийн ханш тэр хэрээр нэмэгдэнэ гэсэн үг. Тээвэрлэлтийн үнэ даруй 2-3 дахин нэмэгдээд байна шүү дээ. Энэ нь мөн иргэдэд чирэгдэл учруулж байгаа юм. Ийм хүнд цагт Засгийн газраас “Тээвэрлэлтийн үнэ өсөөгүй, иргэдийн амьдрал сайхан байна” гэх тайлбар хэлээд сууж байгаа нь харамсалтай.
-Та бүхний зүгээс задгай тээвэр хийхийг санал болгож байгаа. Ийм боломж байна уу?
-Чингэлэг тээвэр дээгүүрээ задгай л орж ирж байгаа харагддаг. Үүнээс үзэхэд задгай тээвэр явах бүрэн боломжтой байгаа биз. Манайх Бүрэн эрхт улс юм бол БНХАУ-тай дипломат харилцааны хүрээнд хэлэлцээд энэ асуудлыг шийдэх бүрэн боломжтой гэж харж байгаа юм. Энд төрийнхний өөрсдийнх нь ашиг сонирхол байгаа болохоор задгай тээвэр явуулах сонирхол алга байна л даа. Хэлэлцээд ачаа тээвэрлэх ямар боломж байна, үүнийг судлаад иргэдэд боломжийг нь үлдээх хэрэгтэй. Үүнд төр оролцож улсын ачаа гэх байдлаар хувь иргэдийн ачааг булааж бизнес хийж байгаа нь зохимжгүй санагдаж байна. Хамгийн гол нь төр оролцоод ямар ч үр дүнгүй байна шүү дээ. Барааны эргэлт нэмэгдсэнгүй. Өнгөрсөн жил Монгол даяар зугаалж байхад зөвхөн Замын-Үүдэд хоёр сар орчим хөл хорьсон. Энэ шийдвэрийг Шадар сайд С.Амарсайханы тушаалаар гаргасан байдаг. Гаргасан тушаал захирамж нь иргэдийн амьжиргааны нөхцөл байдлыг дордуулахгүй байх ёстой биз дээ. Ажлын байрыг нь хамгаалж үлдэх тал дээр бодлого боловсруулах ёстой. Гэтэл эсрэгээрээ ковидыг далимдуулж хувийн хэвшлийн бизнесийг булааж байгаа нь зохимжгүй үйлдэл. Өнөөдөр Замын-Үүдийн олонх иргэдийн амьжиргаа ачаа тээвэртэй холбоотой байдаг. Үүнийг нь булаахаар амьжиргаа зогсчихож байна. Банкны барьцаанд тавьсан байраа хураалгах дээрээ тулсан хүмүүс энд олон байна. Энэ бол төрийн шуналтай шийдвэрийн үр дүн.
-Замын-Үүдэд экспортын асуудал ямар байна вэ. Урагшаа гарч буй нүүрс тээврийн эргэлт хэвийн байна уу?
-Нүүрс тээвэр одоогоор хэвийн гарч байна. Буцаж орж ирэхдээ иргэдийн ачааг аваад л орж ирж байгаа юм. Нүүрс тээвэр оруулсан бол хоосон буцаж орж ирэх ёстой биз дээ. Мөнгө харж багаа учраас л иргэдийн бизнесийг дээрэмдэж байгаа. Одоо задгай тээврийг нэн яаралтай явуулах хэрэгтэй байна. Төрийн зүгээс энэ зохицуулалтаар нь хангаад өгөхөд л зөөгөөд оруулаад ирэх 5000 машин бэлэн зогсож байгаа. Тээвэрлэлтийн үнэ ханш ч хэвийн болно. Дотоодын бараа бүтээгдэхүүний ханш ч буурна. Ганцхан боомт нээх асуудалд хойрго хандаж иргэдийн ачааг төр өөрсдөө зөөж байгаа нь цэвэр ашиг хонжоо хайсан л үйлдэл.
20 САЯАР ЯВЖ БАЙСАН ЗАДГАЙ ТЭЭВРИЙН ХЭМЖЭЭ ГУРАВ ДАХИН БАГАСЧ, ҮНЭ НЬ 90 САЯ ТӨГРӨГ БОЛСОН
Замын-Үүдийн боомт дээр ачаа тээврийн нөхцөл байдал ямар байгаа талаар Замын-Үүдийн тээвэрчдийн зөвлөлийн гишүүн, жолооч Д.Мөнхбатаас тодрууллаа.
-Замын-Үүдийн тээвэрчдийн зөвлөл АТГ-т хандсан гэж байсан. Ямар асуудлаар хандсан юм бэ?
-Замын-Үүдэд гурван компани чингэлэг тээвэрлэлтийн үйл ажиллагаа явуулж байгаа. Тэрхүү гурван компани авлигын шинж чанартай байна уу гэдгийг шалгаж өгөөч гэдэг хүсэлт өгсөн.
-Ямар гурван компани юм бол?
-Тэр тухай мэдээллийг манай бичиг цаас хариуцсан хүмүүсээс авч болно.
-Одоо яг Замын-Үүдийн ачаа тээврийн нөхцөл байдал ямар байгаа вэ?
-Одоо өдөрт 60 гаруй машин тээвэр орж ирж байна. Түүнээс задгай тээвэр эхлээгүй. Төрийн 30 машин ороод ирсэн ачаа тээврээ хийгээд явж байгаа. Иргэдийн 30-40 машин 0 цэгээс ложистикийн талбай хүртэл тээвэрлэлтэд оролцдог. Ийм л нөхцөл байдалтай байна.
-60 чингэлэгтэй машин орж ирдэг гэхээр Замын-Үүдийн жолооч нар 30-ыг нь оруулж ирж байгаа гэсэн үг үү?
-Өдөрт орж ирж байгаа 60 машины 40-ийг нь зөөгөөд явж байна. 5-6 мянга гаруй жолоочоос өдөрт 40 хүн л ачаа тээвэрт оролцож байгаа гэсэн үг.
-30 машин нь таны гомдол гаргасан гурван компанийнх юм уу?
-Хилийн цэргүүд Замын-Үүдийн ачаа тээвэрт оролцож байгаа. 30 нь хилийн цэргийнх.
-Хятадын талаас хил гаалийн талаар ямар нэгэн мэдээлэл авсан уу?
-Бид тавдугаар сарын 23-ны өдөр Хятадын консулд бичиг өгсөн. Тэр нь чингэлэг тээврийн судалгаагаа хурдан хийгээд тээврээ эхлүүлээч, Хятад талд чингэлэг тээвэртэй холбоотой хүмүүсээ шалгаж өгөөч гэсэн хоёр бичиг өгсөн. Түүний хариу хэзээ ирэхийг нь сайн мэдэхгүй байна. Задгай тээвэр эхэлье гэсэн сураг ерөөсөө гарахгүй байгаа. Төмөр замаар нүүрс тээвэр явуулах асуудал хэвийн үргэлжилж байна. Манай энд өмнөх жилийн 9-10 сард цуваагаар ирээд зогсчихсон задгай нүүрс ачсан вагонууд бий. Түүнийг авъя гэсэн юм шиг байна лээ. Тийм л мэдээлэлтэй байна.
-Одоогоор машин тээврийн тоог нэмэгдүүлэх ямар нэгэн чиглэл байхгүй гэсэн үг үү?
-Ямар ч тийм зүйл алга. Бодит байдал дээр авто замаар өдөрт 60 чингэлэг орж ирж байгаа. Түүний 30 нь хилийн цэргийн жолооч нар.
-Чингэлэг тээвэр ямар асуудалтай болоод та бүхэн эсэргүүцээд байгаа вэ?
-Чингэлэг тээвэр гэдэг зүйл хуучин машинаар задгай тээвэрлэж оруулж ирж байснаас хэт бага ачаа орж ирж байгаа. Ачааны эргэлтэд маш сөргөөр нөлөөлж байна. Хуучин задгай тээврийн нэг машинд ачдаг ачааг одоо чингэлэг тээврээр гурван чингэлэг ачаа болгон ачиж байгаа. Тэгээд нэг тус бүрийнх нь үнэ 30 сая учраас гурван чингэлэг 90 сая төгрөгийн өртгөөр орж ирж байна. Бид 20 сая төгрөгөнд бүх хил гаалийн бичиг тээврийн зардалтайгаа оруулж ирдэг байсан бол одоо чингэлэг тээвэрлэснээр задгай нэг машин ачааны үнэ 90 сая төгрөг болж өссөн гэсэн үг. Энэ бол нэгдүгээр асуудал.
Хоёрдугаарт, энд өчнөөн олон жил ажлын байраа хадгалаад ажлаа хийж явсан хүмүүсийг ковид гэдэг юмаар далимдуулаад төрийн нэр барьсан хэсэг бүлэг нөхөд ажлын байрыг нь булаачихлаа. Одоо 5000 гаруй машин дугаарлаад зогсоход бэлэн зогсож байна. Тэгэхэд энэ чингэлэг тээвэр гэдэг зүйлийг оруулж ирээд тэрхүү 5000 машиныг зогсоож байгаад дуртай машинаа явуулах гэсэн ийм зүйл яваад байна. Энэ нь ачаа тээврийг булаах сонирхолтой хэсэг бүлэг нөхөд ороод ирчихсэн асуудал юм. Ачааны үнэ өссөнөөр АТҮТ-ийн дарга нартай ойрхон байсан нөхөд компани байгуулж, хятад компаниуд хажуудаа байгуулаад орж ирсэн. Түүнийг л бид яриад байгаа шүү дээ. Хуучин 20 сая төгрөгөөр нэг задгай машин бараа орж ирдэг байсан бол тэрийг гурав хувааж, чингэлэг хийгээд 90 сая төгрөг болгочихоод байна. Түүгээрээ л ялгаатай байгаа.
-Энэ асуудлаар та бүхэн АТГ-аас өөр хаана хаана хандсан бэ. Ямар нэгэн хариу албан бичиг ирсэн үү?
-Бид бүх газар хандаж үзсэн. Шадар сайдын хэмжээнд хүртэл хандсан. Элчин сайдад бид өөрсдөө очиж бичиг өгсөн. Ерөнхий сайдад ч хандсан. Үүнийгээ нөхдүүд Ковидын тухай хуультай холбож тайлбарлаад Хятадын талаас ийм санал тавьсан, үүнийг хэрэгжүүлэхгүй бол болохгүй. Ингэж байж бага ч гэсэн ачаагаа оруулж ирнэ гэдэг л тайлбар тавьдаг. Гэтэл Хятадын талаас санал тавиагүй. Манай нөхдүүд өөрсдөө санаачилж, санал тавьсан. Хэвлэл мэдээллээр Хятадын Хөх хотын Төмөр замын газрын дарга, хил гаалийн дарга нар нь бүгд баригдаж байна л гээд байх юм. Хятадууд тодорхой хэмжээгээр судлаад авлигатайгаа тэмцэж чадаад байна шүү дээ. Гэтэл манайхан хаацайлаад Ковидын тухай хууль руугаа чихээд байна.
-Ачаа тээврийн үнэ жолооч нараас болоод нэмэгдээд байна гэсэн мэдээлэл нэг хэсэг явсан шүү дээ?
-Үүний ялгааг та бүхэн гаргаж өгөөрэй. Хуучин 3-4 сая төгрөгөөр Улаанбаатар ордог зардал хил гаалийн хязгаарлалттай холбоотойгоор 20 сая төгрөг хүртэл хөөрөгдсөн. Бид урагшаа гарахгүй эндээс машинаа урагшаа өгч явуулдаг шүү дээ. Машинаа өгч явуулаад хоёр жил болж байна. Бид өөрсдөө хил гараад үнээ хэлэх ямар ч боломжгүй. Машинаа өгөөд явуулчихлаар урд ачаа ачдаг хятадууд үнэ цохиж хөөрөгдөөд 20 сая төгрөг болгочиж байгаа юм. 20 сая төгрөг болсныг жолооч нар үнэ хөөрөгдлөө гэж маш ихээр пи-ар хийсэн.
Гэтэл 20 саяар явж байсан задгай тээвэр чинь хэмжээ нь гурав дахин бага болоод 90 сая төгрөг болчихоод байна шүү дээ. Дотор нь ороод судлахаар ийм л их ялгаатай байгаа. Бүр муугаар бодоход Улаанбаатар руу 5 сая төгрөгөөр зөөдөг байсан ачаа тээврийг 20 сая төгрөг болгосон гэж жолоочид руу чихэж болж байна. Гэтэл 20 сая төгрөгөөр явж байсан ачааг нөхдүүд орж ирээд 90 сая болгочихоод байна. Түүнийг нь яагаад ярихгүй байгаа юм бэ гэв.
Ч.Эрдэнэбат: ХИЛ ХААХ АСУУДЛЫГ ЗОХИОН БАЙГУУЛАЛТТАЙ ХИЙСЭН ГЭЖ БИД ХАРДАЖ БАЙГАА
Энэ талаар Борхойн тал авто тээвэрчдийн холбооны удирдах зөвлөлийн гишүүн Ч.Эрдэнэбат ярихдаа “Монголын эрчит чингэлэг гэж компани 2021 оны есдүгээр сарын 22-нд байгуулагдсан. АТҮТ-ийн дарга асан Ж.Пунцаг гэдэг хүний компани. Тэр хүн хил хаахаас өмнө баахан машин оруулж ирээд, хил хаагдангуут түүгээрээ тээвэр хийгээд байгаа. Зам тээвэр, хөгжлийн сайдтай нэг нутгийн хүн.
Хятадын зам тээвэр хариуцсан хүмүүстэй нийлээд чингэлэг тээвэр гэдгийг зохион байгуулалттайгаар хийсэн. Хил хаах асуудлыг өөрсдөө бараг зохион байгуулалттай хийсэн гэж бид хардаж байгаа. Яагаад гэвэл энэ гурван компани гурвуулаа хятад эзэнтэй. Улсын бүртгэл дэх нэрээр нь ороод харахаар бүгдээрээ өнгөрсөн оны намар зэрэг шахуу байгуулагдсан. Эзэмшигч нь дандаа хятад хүмүүс. Үүн дээр Монголын барааны өсөлт, эдийн засгийн уналт бүгд орооцолдож байгаа. Өөр юун дээр ч ийм зүйл байхгүй. Нэг нь “Говийн хан транс”, нөгөө нь “Их говь ложистик транс” гэж компани бий. Гурвуулаа Хятадын хөрөнгө оруулалттай, гурвуулаа хятад эзэнтэй. Гурвуулаа өнгөрсөн жил машинуудаа оруулж ирсэн. Энэ гурван компани нэг талдаа нүүрс гаргаад, нөгөө талдаа бараа бүтээгдэхүүн оруулж ирдэг. Зөвхөн Замын-Үүд дээр чингэлэг тээврээс мөнгө угаагаад байгаа асуудал юм. Засгийн газрын гэрээгээр урд талдаа Синотран гэдэг компани хариуцна гэж байсан боловч эд нар Эрээн талдаа машинаа үлдээчихсэн. Түүгээрээ мөнгө олж байгаа. Хамгийн үнэтэй хэсэг нь Эрээн талдаа явж байгаа шүү дээ. Нэг чингэлэг 40-50 мянган юань хүрсэн. Түүнийг чинь энэ гурван компани урд 20 машин үлдээчихсэн түүгээрээ хийж байгаа. Тэр талаар бид АТГ-т хандсан боловч авч хэлэлцсэнгүй л дээ. Үндэслэл шаардлага хангахгүй гэсэн байна лээ. Нэг ёсондоо хил хооронд машин явуулахын тулд ЗТХЯ-наас тендер явуулах ёстой шүү дээ. Монголын маш олон тээвэрчид, өчнөөн олон компани байхад тэр гурван компани зохион байгуулалттайгаар орж ирсэн. Урд талынх нь хамсаатнуудыг хятадууд ихэнхийг нь баривчилж байх шиг байна. Манай монгол талд үндэслэлээ гаргаад өгч байхад авч хэлэлцэхгүй юм. Ер нь бол наадуул чинь Зам, тээвэр хөгжлийн сайдын аль 2020 оноос хийж бэлдсэн ажил” хэмээв.
С.ОТГОНБАЯР
О.ДАШНЯМ