Хашлага давсан автобусны жолооч эмнэлэгт эмчлүүлж байна
Тээврийн цагдаагийн албанаас өгсөн мэдээллээр өнгөрсөн долоо хоногт нийслэл Улаанбаатар хотод 10156 автомашин, 20517 иргэн орж ирсэн бол 11257 автомашин, 22503 хүн нийслэлээс гарах хөдөлгөөнд оролцжээ.
Зам тээврийн осол хэргийн шинжтэй дуудлага 464 гарч, өнгөрсөн оны мөн үеэс 8.4 хувиар өссөн дүнтэй гарчээ. Зорчигч өртсөн ослын тоо Баянзүрх, Сонгинохайрхан дүүрэгт нэмэгдсэн бол бусад дүүрэгт буурсан байна.
Түүнчлэн өнгөрсөн долоо хоногийн баасан гарагт Энхтайваны гүүрний хажуу руу нийтийн тээврийн автобус хашлага даван унасан хэрэг байсан. Уг автобус нь зорчигчгүй байсан бөгөөд жолоочийн биед гэмтэл учирснаас эмнэлэгт эмчлүүлж буй ажээ.
Урьдчилсан дүгнэлтээр автобусны урдаас жижиг тэрэг урсгал сөрөн орж ирснээс осол гарсан байх магадлалтайг Тээврийн цагдаагийн албанаас тодотгож байлаа.