ЛА ГҮН
... Нэгэн удаа би сайхан хурдан морь унаад Монголын талаар давхиж явтал бөгтийгөөд аргал түүж яваа нэг ядарсан өрөвдмөөр эмгэнтэй тааралдсан. Эмгэн намайг харангуутаа нуруугаа тэгшлэн хатан лугаа сүрлэг ихэмсэг харцаар над руу харж “За харь нутгийн хүү хаанаас хаа хүрч явна даа. Аль нутгийн хүү вэ. Аян замдаа сайн явж байна уу” гэж мэндчиллээ. Зорьсон газар, төрсөн нутгаа хэлээд амар мэндийг нь асуухад, “Монгол нутагт төрөх аз чамд дутсан ч амьд яваа насандаа энэ нутгийн хөрс шороон дээр хөлөө тавих завшааныг бурхан чамд заяажээ” гэж хэлсэн юм. Энэ бол Монгол хүн эх орноороо ихэд бахархдаг жишээ юм ... хэмээн Шведийн иргэн Франс Август Ларсон “өөрийн дурсамж тэмдэглэл”-дээ бичсэн байдаг.
Тэрбээр эгэл харц ард, чинээлэг язгууртнууд, баян худалдаачид, төрийн сайд түшмэд, хутагт хувилгаад, гадаадын элчин консул, YIII Богд хаан, Хятадын ерөнхийлөгч зэрэг олон хүнтэй харилцаж, заримтай нь дотно нөхөрлөж явсан түүхтэй Монгол төрийн ГҮН цолтон юм.
Монголд ИРЭВ. Ф.А.Ларсон (1870 – 1957) Шведийн Вестмэнланд муж дахь эдлэнд жижиг газар түрээслэн амь зуудаг ядуу тарчиг айлын отгон буюу 11 дэх хүүхэд байсан ба 3 настайдаа эцгээсээ, 9 настайдаа эхээсээ хагацжээ. Газрын эзний туслах, цэцэрлэгч, малчин, адуу маллагч хийж байгаад уран барилгачны мэргэжил дадлага эзэмшиж байхдаа Христийн номлогчийн сургалтуудыг төгсөж Швед, Америкийн “Христийн нийгэмлэг”-т ажилласнаар Хойд Хятад, Халх Монголд хөл тавих санамсаргүй боломжтой учирсан гэдэг. Шанхай, Бээжингээр дамжин 1893 онд Их Хүрээнд хөл тавьсан тэрбээр амьдралынхаа 46 жилийг Монголд өнгөрүүлсэн юм.
МОНГОЛ ХЭЛ СУРАВ. Ордосын Дэмчигноров вангаар монгол хэл заалгаж, 1897 онд Нью-Йоркоос ирсэн христийн номлогч Мари Рожерстай гэр бүл болж, Хаалган (Жанчхүү) хотод орон гэрээ төвхнүүлж, Их Хүрээнд албан газраа нээж, Английн “Библийн нийгэмлэг”-ийн номлогчоор 12 жилийн турш ажиллан библийн судрыг монголчуудад тарааж, “Швед-англи-монгол” хэлний толь бичиг зохиож, Богд хаанд “Т” загварын форд машин өргөн барьсан гэдэг.
ЗӨВЛӨХ, БИЕ ТӨЛӨӨЛӨГЧ: 1911 онд Хятадын ерөнхийлөгч Ян Шикай-гийн хүсэлтээр “Монголын асуудал хариуцсан зөвлөх”-өөр томилогдож, мөн үе үе Богд хааны бие төлөөлөгчөөр залагдан Хятадтай хурцадсан асуудлуудыг аль болох Монголын талд шийдвэрлүүлэхэд хүчин зүтгэж, Ар Монголын тусгаар улсын асуудал, Өвөр Монголын хил орчмын мөргөлдөөнийг эвээр зохицуулах гэж оролдсон ч амжилт олоогүй юм. Үгийг нь сонсдоггүй Хятадын талд “үүрэгт ажлаасаа чөлөөлөгдөх” хүсэлт гаргахад Хятадын ерөнхийлөгч 3 жилийн цалинтай тэнцэх хэмжээний 36 мянган ам доллараар урамшуулсан гэдэг. Харин Монголын талаас Богд хааны зарлигаар 1919.12.30-нд “Гүн” цол олгож, “Эрдэнийн очир” одонгоор шагнажээ. Тэр цагаас эхлэн “Ла гүн” хэмээн алдаршиж, монголчуудын хүндэтгэлийг улам ихээр хүлээх болсон гэдэг.
ХУДАЛДААЧИН: Их Хүрээнээс нүүж Хаалган хотноо ирж “уралдааны морь үржүүлгийн газар” байгуулж Бээжин, Шанхай, Тяньжины морин тойруулгад нийлүүлж, 1917 онд Америк – Данийн хамтарсан компаний хувьцаа эзэмшигч, менежерээр ажиллаж 1919 онд 3 сая ам долларын ноос, тарваганы арьс экспортолж, Америкаас цахилгаан машин, автомашин, керосин, шатахуун, лаазалсан хүнс, чихэр, тамхи, гэр ахуйн металл хэрэглэл, хөвөн, сэлбэг зэргийг оруулж ирдэг байжээ. Ларсон 1923 онд Их Хүрээ болон Хаалган хотод салбартай “Ларсон энд Ко” нэрээр өөрийн компаниа байгуулж ажилласан нь багагүй амжилтыг олсон байдаг.
ХЭЛМЭРЧ: Бээжин дэх Английн консул У.Кемпилийн 1902 онд санаачилсан судалгааны экспедициийн аялал, 1923 онд Америкийн судлаач Р.Ч.Эндрюсийн судалгааны баг, 1927 онд Свен Хедин ба Ларсоны хамтарсан томоохон экспедицийн аялалд зөвлөгч, газарч, хэлмэрч, ачаа хөсөг, уналгын морь, тэмээ, хоол хүнсний хангамж зэргийг хариуцан ажилласан байдаг. 300 хүртэл тэмээ, 26 майхан, 65 хүний хоол хүнс гэх мэт нэлээд томоохон бэлтгэл ажлуудыг хангажээ. Р.Ч.Эндрюсийн судалгааны баг Монголд судалгаа хийх зөвшөөрөлтэй холбоотой Засгийн газрын түвшний харилцаанд зуучлагчаар оролцож албан ёсоор Монголын төрөөс зөвшөөрөл авч өгсөн гэдэг. Мөн Ларсон гүн Нью-Йоркийн “Байгалийн түүхийн музей”-н хүндэт гишүүнээр 1923.11.23-нд сонгогджээ.
АЛБАН ЁСНЫ ОРЧУУЛАГЧ: Монгол, хятад, англи хэлийг сайтар сурсан байсан учраас Монголын тусгаар улс байх улс төрийн байр суурь, Монголд Америкийн консулын газар болон худалдааны төлөөлөгчийн газруудыг нээх тухай асуудал, эрдэмтэн судлаачдын албан уулзалтууд, Монгол-Орос-Хятадтай холбоотой төр, засгийн хэмжээний олон нууц хэлэлцээрүүдийн үндсэн орчуулагчаар ажилласан байдаг. Мөн Монгол, Орос, Хятад дахь хувьсгал, үймээн самуун, япончуудын түрэмгийллийн үед шахагдаж хавчигдсан олон гадаад, дотоод иргэдэд тусалж, амь насыг нь аврахын тулд яриа тохиролцоо хийж явсан хүнлэг нэгэн эрхэм байжээ.
НУТАГ БУЦСАН НЬ: Япончууд 1939 онд Хятадыг түрэмгийлснээр Ларсон байгуулсан бүхнээ орхиход хүрч, Америкт буй эхнэр дээрээ ирж, улмаар Швед эх орондоо “булганы аж ахуй” эрхэлжээ. Дэлхийн II дайн эхэлснээр аж ахуй нь явуургүй болсноор Америк руу буцсан гэдэг. Эхнэр нь 1950 онд нас барсан учраас өөрийн төрөлх эх орон Шведдээ эргэн ирж Монгол, Хятадад өнгөрүүлсэн 46 жилийн амьдралын дурсамжаа бичиж ном болгон хэвлүүлжээ. Ф.А.Ларсон 1957 онд 87 насандаа таалал төгссөн юм.
Хожим зээ хүү Роберт Симзмэн, зээ охин Барбараа Симзмэн нар өвөөгийнхөө 46 жилийн амьдралтай холбоотой Монгол оронд Д.Ариунаа захиралтай “Бүүжим экспедишн” аяллын компаниар дамжин ирж 2007.07.18-30-нд Ларсон гүний амьдралд холбогдох түүхэн газруудаар аялжээ.
Ф.А.Ларсон болон түүнтэй харилцаатай байсан бүхий л хүмүүсийн захидал тэмдэглэлээс үзэхэд Ларсон гүн монголчуудад маш элэгтэй, тэднийг үнэлж хүндэлдэг, тухайн үеийн америкчууд Монгол улс болон монголчуудын талаархи дүгнэлт, сэтгэгдэл нэлээд эерэг хандлагатай байсан нь нотлогддог.
Жич: Ларсон гүний намтар түүх нь бүхэл бүтэн ном болон бичигдсэн байдаг. Энд маш товч хэдхэн үгээр дурдав.
Эх сурвалж: facebook.com