Тэвчээр тасарлаа, Л.Халтар сайд аа

Тэвчээр тасарлаа, Л.Халтар сайд аа

 

Цар тахлын хүндрэлийг даван туулах гэж төр нь иргэдтэйгээ эрвийх, дэрвийхээ зүтгэж байна. Өдрөөс өдөрт нэмэгдэх цар тахлын халдвар, нас баралтын тоо айдаст автуулж байхын зэрэгцээ үнийн хөөрөгдөл иргэдийг туйлдуулж байна. Аргаа барсан иргэд өчигдөр Төв талбайдаа “Тэвчээр тасарлаа” хэмээн жагсаж байх вэ дээ. Манайхан аливаа зүйлийг хэн нэгэнд нялзааж санаа нь амардаг хүмүүс. Үнийн хэт хөөрөгдлийн гол буруутан нь Зам тээврийн хөгжлийн сайд Л.Халтар болоод байгаа юм. Гэтэл тус яамны зүгээс хариуцлагагүй, бодогын алдаа шийдвэрээ Гадаад харилцааны яам, урд хөршдөө наагаад сууж байгаа нь эмгэнэл.

Уг нь Монгол Улсын Засгийн газар үнийн хэт хөөрөгдлөөс сэргийлж ам.долларын ханшийг барьж, гол нэрийн бүтээгдэхүүн болох нефтийн бүтээгдэхүүний үнийн талаар аж ахуйн нэгжүүдтэйгээ хэлэлцээрийн ширээний ард суун огт нэмэлгүй жил тойрч байна. Нефть импортлогч компаниуд “Тэвчээр тасарч” байгаагаа мэдэгдэн үнэ нэмнэ гэсэн ч иргэдийн нуруунд ачаа үүрүүлэхгүй хэмээн бүсээ чангалсаар өдийг хүрлээ. Гэвч Л.Халтар сайдын ажлын анхиагүй байдлын улмаас импортын бараа бүтээгдэхүүний үнэ 10-70 хувь өссөн байгааг статистикийн тоон мэдээллээс харж болно.

Орлогогүй иргэдийн нуруун дээр үнийн дарамт жинхэнэ утгаараа одоо нүүрлэж байна. БНХАУ-ын Тяньжин боомтод зургаан сарын өмнөөс иргэд, аж ахуйн нэгжүүдийн чингэлэг бөөгнөрч эхэлсэн. Гэтэл Гадаад харилцааны яаманд буруугуу чихэж суугаа Зам тээврийн хөгжлийн яамны хамт олон үүнээсээ ичих хэрэгтэй.

ШӨХТГ-ын дарга Б.Бат-Эрдэнэ өчигдөр мэдээлэл хийх үеэрээ “Тээврийн асуудал Зам тээврийн хөгжлийн яамны асуудал. Буруугаа бие бие рүүгээ чихдэг байдал ний нуугүй хэлэхэд газар авлаа” гэдгийг тодотгосон юм. Тэр бүү хэл иргэд, аж ахуйн нэгжийн ачаа барааг тээвэрлэх явцад авлигын асуудал үүссэнийг АТГ-т шалгуулахаар өгсөн гэж байв. Салбарын сайд нь олигтойхон ажлаа хийсэн бол Тяньжин боомт, Эрээнд Монголын ачаа бараа хэдэн сараар ингэж гацахгүй байв. Хамгийн ойрын жишээ дурдахад нэг удаагийн хэрэглэл нийлүүлдэг компаниуд 3 сар ачаагаа татаж авч чадаагүйн улмаас өнөөдөр агуулах нь хоосон бизнес нь зогсоод байна. Да хүрээ авто захын ченж нар “Импортын машинууд Тяньжин боомтод гацаад хоёроос таван сар болж байгаа учраас машин орж чадахгүй байна. Тиймээс машины үнэ өссөн. Монголд явж байсан хуучин машин орж ирээд ганц хоёр цагийн дотор шууд зарагдаж байна” гэж байлаа. Энэ мэтчилэн барилгын салбарын бүхий л түүхий эдийн үнэ хаданд гарлаа. Мөн л татан авалт хийж чадахгүй байгаатай шууд холбоотой юм.

Чингэлэг ачаа бөөгнөрөх нь тээвэр зуучийн цөөн хэдэн компанийн хэтэвчийг зузаалж байна гэдгийг тээвэрчид хэлж байгаа юм. Зам тээврийн хөгжлийн сайд Л.Халтарын гэргий Ц.Ганзулын хувь эзэмшдэг, хүү болох Халтарын Нямдоржийн Гүйцэтгэх захирлаар нь ажилладаг, гадаад худалдааны чиглэлийн “Ай Ти Би” компаний хилээр орж ирэх тээврүүдийн асуудлыг шийдэж байгаа талаар тээвэрчид ярьж, цахим орчинд бичиж байгаа юм. Ингэж л чингэлэгийн бөөгнөрлөөс чилийсэн хэтэвчээ түнтийлгэж байгаа сайдыг яав ч зөвтгөх арга алга.

Хоёрдугаарт, Зам тээврийн хөгжлийн яамны Төрийн нарийн бичгийн дарга С.Батболдын “Жигүүр транс” ХХК, “Рэска” ХХК, С.Батболдын төрсөн дүү С.Эрдэнээгийн нэр дээр бүртгэлтэй “Ричлэденг транс” ХХК 2010 оноос ачаа тээврийн үйл ажиллаа эрхэлж байгаа юм.

Тэд зөвхөн өөрсдийн хамаарал бүхий компанид давуу эрхийг эрх мэдэл албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, хясан боогдуулах замаар олгож байна уу гэдгийг АТГ газар шалгах цаг ирлээ. Иргэдийн бухимдал, үнийн хөөрөгдөл дээр тэд нугалаа гаргаж болохгүй. Эрээн, Тяньжиний боомтоор дүүрэн хөглөрсөн ачаа барааг хараад үнийн хөөрөгдөлд дарлуулж суугаа иргэдээ яагаад бодож болдоггүй юм бэ. Харамсалтай нь хилийн цаана гацсан ачаа барааг оруулж ирэх тал дээр анхаарах ёстой Л.Халтар тэргүүтэн ямар ч шийдэл танилцуулсангүй. Цар тахлын хүндрэлийг даван туулахад иргэддээ нэмэр болдоггүй юм бол ядаж нэрмээс битгий болно уу. Хийж чадахгүй ажил байна гэвэл хийж чаддаг нэгэнд нь ажлаа өгөөд холдоно уу. Тэвчээр тасарлаа, Л.Халтар сайд аа.

 

ЭХ СУРВАЛЖ: zindaa.mn

Хуваалцах:

Сэтгэгдэл

reload, if the code cannot be seen