БНХАУ болон АНУ-ын худалдааны ээлжит хэлэлцээ Шанхайд болно

БНХАУ болон АНУ хоёр сар гаруй завсарласны эцэст худалдааны асуудлаарх хэлэлцээгээ сэргээж байна. Долдугаар сарын 30-31-нд Шанхай хотод болох 12 дахь удаагийн яриа хэлэлцээнд Америкийн талаас худалдааны хэлэлцээнд улсаа төлөөлж байгаа Роберт Лайтхайзер болон тус улсын Сангийн сайд Стивен Мнучин оролцох бол Хятадын талын төлөөлөгчдийг Төрийн зөвлөлийн шадар сайд Лю Хэ тэргүүлнэ.

БНХАУ-ын дарга Си Жиньпин, АНУ-ын төрийн тэргүүн Дональд Трамп нар Японы Осака хотод уулах үеэрээ хүрсэн тохиролцоог хэрэгжүүлэх зорилгоор хэлэлцээг сэргээж байгаа бөгөөд харилцан хүндэтгэх зарчмыг баримтлан тэгш эрхтэйгээр явуулна гэж БНХАУ-ын Худалдааны яамны төлөөлөгч Гао Фэн өнгөрсөн долоо хоногт мэдэгджээ. Албан ёсны хэлэлцэх асуудлыг Хятадын талаас мэдээлээгүй байна.

Вашингтон, Бээжингийн төлөөлөгчид энэ удаад ямар асуудлаар хэлэлцэхээр төлөвлөж байгаа тухай удахгүй болох хэлэлцээний талаарх Цагаан ордны мэдэгдэлд мөн тодорхой дурдаагүй байна. Хэлэлцээ нь хоёр улсын худалдааны харилцааг сайжруулахад чиглэнэ гэж л мэдээлжээ.

Гэсэн хэдий ч, яриа хэлэлцээний ерөнхий чиг баримжаа ба сүүлийн 11 удаагийн хэлэлцээний явцад тулгамдсан гол сэдвүүдийн талаарх санал бодол бараг өөрчлөгдөөгүй хэвээр байгаа аж. БНХАУ-тай хийж буй худалдааны тэнцвэргүй байдал, тус улсын зах зээлд нэвтрэхэд хэцүү байгаа, кибер аюулгүй байдлын салбарт тулгарч буй асуудлууд болон интернэт дэх гэмт хэрэгтэй хангалтгүй тэмцэж байна гэж АНУ-ын эрх баригчид мэдэгдэж байгаа юм. Вашингтон мөн Америкийн өндөр технологийн компаниудын оюуны өмчийг хулгайлсан гэж Хятад улсыг нэг бус удаа буруутгасан билээ.

Үүний улмаас хоёр улсын хооронд үндсэндээ худалдааны дайн өрнөсөн. Олон сарын турш Хятад, Америк харилцан бие биеэ буруутгаж, бараа бүтээгдэхүүнүүддээ ээлжлэн өндөр татвар ногдуулсан юм. Вашингтон ийм аргаар Хятадтай хийж буй худалдааны тэнцвэргүй байдлыг нөхөхийг оролдсон бол харин Бээжин энэхүү тарифын дайнаас болж компаниуддаа учрах хохирлыг багасгахыг хичээж байв.

Хэлэлцээ гацаанд орсон болон талуудын хийсэн буулт

Тавдугаар сарын дундуур АНУ-д болсон 11 дэх үе шатын дараа Америк-Хятадын худалдааны хэлэлцээ гацаанд орсон юм. Хоёр орон бараа бүтээгдэхүүнүүдийн татварыг харилцан нэмэгдүүлсэн нь байдлыг улам дордуулжээ.  Хятадын 200 тэрбум ам.долларын өртөг бүхий бараа бүтээгдэхүүнд ногдуулсан 10 хувийн татварыг АНУ тавдугаар сарын 10-наас эхлэн 25 хувь болж нэмэгдүүлсэн. Хятадын эрх баригчид үүний хариуд АНУ-аас импортлох 60 тэрбум ам.долларын өртөг бүхий 5000 гаруй бараа бүтээгдэхүүний татварыг зургадугаар сарын 1-нээс эхлэн нэмсэн билээ.

Үүнээс хойш талууд хэцүү байдлаас гарах гарц болон хэлэлцээний үйл явцыг сэргээх үндэслэлийг олохыг оролджээ. Талууд янз бүрийн сувгаар холбоо тогтоосоор байв. Яриа хэлэлцээг үргэлжлүүлэх болсон нь түгшүүртэй байдлыг намжаах, хэлэлцээний үйл явцыг урагшлуулахад туслах зарим гарцыг  Бээжин болон Вашингтон ямартаа ч олж чадсан гэдгийг харуулж байна. Гэсэн хэдий ч хэлэлцээний ээлжит үе шатанд тодорхой үр дүнд хүрэх эсэх нь тодорхойгүй хэвээр байна.

Хэлэлцээг яагаад Шанхайд хийх болов?

Америк-Хятадын худалдааны хэлэлцээний 12 дахь үе шатыг Шанхайд хийх болсон нь гэнэтийн зүйл байв. Хятадын нутаг дэвсгэрт хийсэн өмнөх бүх хэлэлцээ Бээжин хотод болсон билээ. Долдугаар сарын 25-нд хийсэн хэвлэлийн бага хурлын үеэр БНХАУ-ын Худалдааны яамны төлөөлөгч Гао Фэн холбогдох асуултад хариулахдаа, энэ бол энгийн л практик гэж мэдэгдээд, Шанхай хотод ийм зөвлөгөөн хийх таатай нөхцөлүүд бий гэжээ.

Ээлжит хэлэлцээ хийх газраар Шанхай хотыг санамсаргүй сонгоогүй гэж Хятадын шинжээчид үзэж байгаа аж. Уг хотыг сонгосноороо Хятадын Засгийн газар худалдааны хэлэлцээ бол улс төрөөс ангид бөгөөд худалдааны тодорхой асуудлуудыг шийдэхэд чиглэсэн гэдэг дохиог Вашингтон болон дэлхий дахинд өгөхийг оролдож байгаа бололтой. Энэ үүднээс авч үзвэл худалдаа, санхүүгийн олон улсын томоохон төв болох Шанхайг сонгох нь мэдээжийн хэрэг юм.

Д.Жаргал

Хуваалцах:

Сэтгэгдэл

reload, if the code cannot be seen