“Мазаалай” хиймэл дагуулын “дүү”-г бүтээнэ

Орчин үед технологийн чиг хандлага нано руу чиглэж байна. Бага хэмжээтэй атлаа хүчин чадал ихтэй хиймэл дагуул бүтээх сонирхол дэлхий нийтэд давамгайлж эхэллээ. Дэлхийн ихэнх орон, мөн тэргүүлэх их, дээд сургуулиуд нано хиймэл дагуул бүтээсээр байна. Тухайлбал, 1970 онд Токиогийн их сургууль Японы анхны хиймэл дагуулыг хөөргөж улсынхаа сансрын технологийн суурийг тавьсан түүхтэй. Мөн 1999 онд АНУ-ын анхны нано хиймэл дагуулыг Станфордын болон Калифорнийн политехникийн их сургуулиуд хамтран бүтээсэн бол 2004 онд БНХАУ-ын “Цинхуа” их сургууль өөрийн орны анхны хиймэл дагуулыг хийжээ. 2014 онд Сингапурын “Нянян” их сургууль Энэтхэгийн зөөгч пуужингаар анхны хиймэл дагуулаа сансрын тойрог замд гаргасан. Тэгвэл МУИС Монголын анхны хиймэл дагуулыг 2017 оны долоодугаар сарын 7-нд хөөргөж, тус хиймэл дагуул Олон улсын сансрын станц /ОУСС/-аас задгай сансарт чөлөөлөгдөн тойрог замд орж, үүрэг гүйцэтгэж эхэлсэн.

Тус хиймэл дагуулыг МУИС, Япон улсын Кюүшүгийн технологийн институттай хамтран “BIRDS” төслийн хүрээнд Монголынхоо анхны хиймэл дагуулыг хөөргөсөн түүхтэй. Уг төсөл нь ЮНЕСКО болон Япон улсын Засгийн газрын ивээл дор хэрэгжиж байгаа бөгөөд сансарт гарцгүй улсуудыг дэмжин анхны хиймэл дагуулаа бүтээж тойрог замд оруулахад нь туслах олон улсын төсөл байсан. Үүнд манай улсаас гадна Япон, Нигери, Гана, Бангладеш зэрэг орны хиймэл дагуулыг зөөгч пуужингаар тойрог замд оруулахаар болж байв.  Япон улсад докторантурт суралцаж буй МУИС-ийн гурван залуу эрдэмтэн Монголын анхны хиймэл дагуулыг гардан бүтээсэн юм. “Мазаалай” хиймээл дагуул зургаан даалгавар гүйцэтгэх үүрэг авч сансарт гарсанаас дөрвийг нь амжилттай гүйцэтгэсэн юм. Монгол хүн сансарт ниссэнээс хойш сансарт гарсан дараагийн “Монгол” гэх тодотголтой зүйл энэ байв. Тэгвэл “Мазаалай”-г бүтээсэн багийнхан дараагийн хиймэл дагуул буюу “Тэмүүлэл”-ийг сансарын тойрог замд оруулахаар ажиллаж байна. Өөрөөр хэлбэл, Монголчуудын бүтээсэн хоёр дахь хиймэл дагуул буюу "Мазаалай"-н "дүү"-г сансрын тойрог замд гаргахаар бэлдэж байна. 

Эх сурвалж: eagle.mn

 

Хуваалцах:

Сэтгэгдэл

reload, if the code cannot be seen