Хаврын чуулганы нээлтээс хойш иргэдийн УИХ-д итгэх итгэл илт сэргэжээ

Хаврын чуулганы нээлтээс хойш иргэдийн УИХ-д итгэх итгэл илт сэргэжээ

 

УИХ-ын хаврын чуулган эхэлснээс хойш  иргэдийн хууль тогтоох дээд байгууллагад итгэх итгэл сэргэсэн гэх судалгаа байгаа юм.  Тухайлбал, судалгааны “МЭК” ХХК  ийм дүгнэлт хийжээ. Тус компанийн хувьд аль нэг нам эвсэл, хувь хүнээс  хараат бус бие даасан үйл ажиллагаа явуулдаг гэдгээрээ хамгийн бодит үнэн зөв үнэлгээг гаргадаг  хэмээн  үнэлэгддэг. 
“МЭК”  компани энэ судалгааг явуулахдаа  хэн нэгний захиалгаар бус дан ганц өөрийн санхүүжилтээр гүйцэтгэсэн бөгөөд санамсаргүй түүврийн аргаар  нийслэл хотын 1070 иргэнээс авчээ. Судалгааг энэ сарын 07-оос 18-ны өдрүүдэд квотчилсон санамсаргүй түүврийн аргаар  түүвэрлэсэн байна.  Ингэхэд судалгаанд ороцогчдын дийлэнхи нь УИХ-ын хаврын чуулганы нээлтээс хойшхи үйл ажиллагаанд эерэг  үнэлэлт өгсөн бөгөөд энэ нь өмнөх гуравдугаар сарынхаас даруй 2.5-аас 3.5 пункт болж өссөн үзүүлэлт юм.
Энэ дүнгээс иргэдийн төрд итгэх итгэл сэргэж байна гэсэн дүгнэлтийг хийж болно. УИХ-д итгэх иргэдийн итгэл өсөх шалтгаан бас бий.  Ерөнхийдөө энэ хаврын чуулганыг “Сахилга, хариуцлага, хуулийн засаглал” гэсэн хураангуй утгаар тодорхойлж болох байх.
УИХ-ын дарга Г.Занданшатар “Нийгмийн анхаарлыг татсан олон асуудлыг энэ хаврын чуулганаар хэлэлцэх болно”   хэмээн  хаврын чуулганы нээлт дээр онцолсон нь учиртай.  Тэдгээр анхаарал татсан асуудлуудын хүрээнд  хуулийн байгууллагуудын удирдлагын томилгоог шуурхай  хэлэлцснээс гадна  энэ томилгоондоо анх удаа  Нээлттэй хэлэлцүүлэг явуулсан нь улс төрд шинэ жишиг болсон. Өөрөөр хэлбэл томилгоонд иргэд болон Иргэний нийгмийн байгууллын төлөөллийн санал бодлыг сонсдог болж байгаа нь улс төрийн том соёл юм. 
Г.Занданшатар мөн үгэндээ  “Энэ хаврын чуулганаас эхлээд Монгол Улс дахь хүний эрх, эрх чөлөөний тухай илтгэлийг УИХ-ын нэгдсэн чуулганаар заавал хэлэлцдэг болж байна” гэдгийг тодотгосон. УИХ-ын үйл ажиллагаанд орж ирж байгаа бас нэг шинэ хандлага энэ. Ингэснээр мөнөөх хүний эрхийг дээдэлсэн нийгмийн мөн чанарыг бодит амьдралд бий болгож,  Монголд хүний эрх жинхэнэ утгаараа хэрэгжих боломж бүрдэнэ.
Хаврын чуулганы хараа тавин хүлээх хүлээлт бол Үндсэн хуульд оруулах нэмэлт өөрчлөлт бөгөөд энэ нь Монголын улс төрийн тогтолцоог төгөлдөржүүлэх,  Засаглалын тэнцвэртэй байдлыг хангах, Засгийн газрыг тогтвортой ажиллуулах боломжийг бүрдүүлэх учиртай.
УИХ-ын дарга “Улсын Их Хурлыг хяналттай, хариуцлагатай, Засгийн газрыг хариуцлагатай тогтвортой, шүүх эрх мэдлийг хараат бус хариуцлагатай болгох зорилготой Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлт хийх зайлшгүй шаардлагатай болжээ” гэдгийг онцолж байгаа  билээ.
УИХ-ын даргын ““Бид хуулиар халхавчилсан зүй бус тогтолцоог халах шаардлага зүй ёсоор гарч ирж байна. Сахилга хариуцлагыг дээрээсээ эхлүүлнэ, мөрдөнө” гэдгээ илэрхийлсэн. Спикерийн энэ үг өнөөгийн нийгмийн хувьд хүлээлт байсан байж мэднэ.  
УИХ-ын үйл ажиллагаанд  саналыг хурууны хээгээр авдаг  шинэ журам, технологи  нэвтэрлээ. Эрхэм гишүүдийг хариуцлагажуулах, саналын бодит байдлыг хангах, шударга ёсыг тогтоох нэг алхам энэ болж байна. Үүнд иргэд  ихэд талархалтай хандаж байгаа бөгөөд ингэснээр бусдын өмнөөс санал өгдөг явдал үгүй боллоо.
Гэхдээ хаврын чуулган эхлээд хагас  сар л болж байна. Үлдэж буй хугацаанд  олон хүлээлт байгаа.  Энэ чуулганы хугацаанд Үндсэн хуулиас гадна хэлэлцэх олон чухал хууль бий. Тухайлбал, Улс төрийн намуудын тухай хууль, Сонгуулийн тухай хууль болон УИХ-ын дэгийн  тухай хуульд өөрчлөлт оруулна.  Энэ мэт улс төр, нийгмийн   амьдралтай шууд холбоотой хуульд  шинэчлэл хийж өөрчилж чадвал Их Хурлынхаа үйл ажиллагааг иргэд дэмжээд л явах болно.
 Г.Хантулга
Хуваалцах:

Сэтгэгдэл

reload, if the code cannot be seen