Монгол Улс атар газар эзэмшсэний 60 жилийн ойг ОХУ-тай хамтран тэмдэглэнэ
Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд Ч.Улаан ОХУ-аас Монгол Улсад суугаа Худалдааны төлөөлөгчийн газрын тэргүүн Максим Викторович Васильевийг хүлээн авч уулзлаа.
Худалдааны төлөөлөгч уулзалтын эхэнд ОХУ-ын Шадар сайд А.В.Гордеев, Хөдөө аж ахуйн сайд Д.Н.Патрушев нар Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайдаар томилогдсонд нь баяр хүргэснийг Ч.Улаан сайдад уламжлав.
Монгол Улсад атар газар эзэмшиж, газар тариаланг бие даасан салбар болгон хөгжүүлсний 60 жилийн ой энэ онд тохиож байна. Уулзалтаар уг тэмдэглэлт ойг манай хоёр орон хамтран өргөн хүрээнд тэмдэглэн өнгөрүүлэх талаар тохиролцлоо.
Хөдөө аж ахуйн салбарт хоёр улс хамтран ажиллаж ирсэн туршлагатай. Тухайлбал, сүүлийн хоёр жилд "Мал эрүүлжүүлэх хөтөлбөрийн 2 дугаар үе шат", "Газар тариалангийн техникийн шинэчлэл" зэрэг хөтөлбөрийг хамтран үр дүнтэй хэрэгжүүлсэн юм.
"Мал эрүүлжүүлэх хөтөлбөрийн 2 дугаар үе шат"-нд ОХУ-аас 95 сая рублийн өртөг бүхий 4,2 сая тун шүлхийн вакциныг хүмүүнлэгийн тусламжаар нийлүүлж байв.
Түүнчлэн Монгол Улсын Хөгжлийн банк, ОХУ-ын Внешэконом банк хооронд байгуулсан хөнгөлөлттэй зээлийн гэрээний дагуу "Газар тариалангийн техникийн шинэчлэл" төслийн хүрээнд 2017 онд 10 сая ам.доллар, 2018 онд 8.4 сая еврогийн өртөг бүхий техник, тоног төхөөрөмжүүдийг ОХУ-аас авч, тариаланчдад хөнгөлөлттэй нөхцөлөөр олгож байсан юм.
Манай улсад газар тариалангийн салбарыг бие даан хөгжүүлэхэд хойд хөршөөс хүн хүч, техник, тоног төхөөрөмжийн туслалцаа үзүүлэн, хамтран ажиллаж ирснийг ХХААХҮ-ийн сайд Ч.Улаан тэмдэглээд, дээр дурдсан хөтөлбөрүүдийг цаашид үргэлжлүүлэх саналтай байгаагаа ОХУ-ын талд илэрхийлэв.
Худалдааны төлөөлөгчийн газрын тэргүүн М.В.Васильев манай хоёр орон хөдөө аж ахуйн салбарт хамтран ажиллах өргөн боломж байгаа гэдгийг онцоллоо.