Нангиадын түүх бичлэгт Хүннүгийн тухай

Нангиадын түүх бичлэгт Хүннүгийн тухайТэд гурван настайдаа морь унаж, таван настайдаа нум сумаар харваж сурдаг.
 
Нангиадын эртний түүх бичлэгээс
 
Хүмүн төрөлхтний тавны нэг нь болсон нангиад түмний эрт үеийн түүхийг тэрлэсэн Сыма Цянь мтө 145–85 оны үест аж төрж байсан юм. Мтө 107 онд Сыма Цянийг 38 настайд нь эцгийнх нь орыг эзлүүлэн ордны түүхчээр томилсон байна. Ордны түүх бичигч болоод тэрбээр хааны номын санд буй эртний ховор чухаг ном судруудыг олж үзэн, бүтээн туурвих таатай боломжтой болжээ. Түүнчлэн эзэн хаан, түүний шадар дэргэдийнхнийг дагалдан бараа болж, Хятад орноор хөндлөн гулд аялан явж, эрт өдгөөгийн түүхэн үйл явдлуудын гэрч болсон хөшөө дурсгалуудыг нүдээр үзэж, судар шашдирын хуудаснаа үлдээгүй арвин их домог үлгэр, хууч яриаг зон олны амнаас сонсч тэмдэглэж явжээ. 
 
Шаньдунгаас буцах замдаа дөнгөж саяхан боссон Түмэн газрын Цагаан хэрмийг  үзэж, умрын догшин нүүдэлчин Хүн нарын довтолгоон түрэмгийллээс хил хязгаараа бэхлэн бататган, хэрмийнхээ думд амгалан суух мэргэн санаа сэдсэн догшин эзэн хаан Цинши хуандийн их үйлийг хөхиүлэн сайшааж зогссон гэдэг. “Би бээр эгэх замын гудас эртний Цин улсын гарамгай жанжин Мэн Тяний захиран бариулсан их цагаан хэрмийн цамхаг суваргыг бараалан, ихэд биширч гүнээ хүндлэн мэхийн ёсловой” гэж бичсэн нь ийм учиртай ажээ.
Мтө 99 онд Сыма Цяний аж төрлийг орвонгоор нь хөмөрсөн гамшигт явдал үүджээ. Ли Лин гэгч жанжин таван мянган цэрэг удирдан Хүн нарын өөдөөс дайнд мордож, нэхэн тулалдсаар явтал Хүннүгийн шаньюйн морин цэрэг бүслэн авч арван өдөр шөнө зууралдан байлдсаар ялагдаж, Ли Лин жанжин өөрөө олзлогджээ. Хятадын эзэн хаан түүнд эчнээ ял оноож, түүнийг өмгөөлсөн Сыма Цянь ч хатуу гэсгээл хүртэн агтлуулж, тайган болжээ.
Насныхаа сүүлд тэрбээр эцгийнхээ эхлүүлсэн хөлгөн түүхийг үргэлжлүүлэн туурвисаар “Түүхаийн тэмдэглэл” хэмээх нангиад түмний эртний их түүх бичлэгийг бүтээсэн болой. Нийт 130 бүлэг бүхий энэ бүтээлийн 110 дугаар бүлэг нь тусгайлан Хүннүд зориулагдсаны дээр Хуандигийн намтарт Хүннүгийн гарал үүслийн талаар хамгийн эртний гэж хэлж болох мэдээ буйн дээр Ли Лин жанжин, Вэй Цин жанжин, Сү Ү-гийн намтар, Цинши хуанди, Хан улсын Лю Бан эзэн хаан, Мэн Тянь жанжны намтар зэрэг олон бүлэгт Хүннүгийн тухай мэдээ сэлт бий. Энд тус номын 110 дугаар бүлгийн эхнээс хэсэглэн орчуулж оруулав.
 
               “Түүхийн тэмдэглэл”
             “Хүннүгийн түүх” 110 дугаар бүлэг
 
Хүннүгийн өвөг дээдэс нь Ся улсын үртэс Шуньвэйгийн хойчис болой. Таншао, Юйсян нараас өмнө тэднийг Шаньрун, Сянюнь, Гуньи гэдэг байлугаа. Тэд умар зүгийн атар зэлүүд нутагт амьдарч, мал сүргээ даган нүүдэллэн аж төрөх бөлгөө. Тэдний мал сүрэг нь адуу, үхэр, хонь, ямаа голлох ба бас тэмээ, илжиг, луус, кэти, куайти зэрэг этгээд мал буй. Өвс, ус даган нүүдэллэн аж төрөх тул хот тосгон зэрэг суурин газар үгүй, газар тариалан эрхэлдэггүй. Гэвч хүмүүс нь тус тусын эзэмшил бэлчээр нутагтай. Бичиг үсэг, ном судар байхгүй, ам яриагаар үйл хэргээ гүйцэлдүүлдэг.
 Бага хүүхдүүд нь хонь ямаа унан хавчаахай нумаар шувуу, тарвага зурам агнадаг. Арай томхон нь үнэг, туулай намнан хоол хүнсэндээ нэмэрлэмүй. Эрчүүл нь бүгд ид хавт харваачид агаад бүгдээрээ ясны дайчин эрс болцгоодог. Тэдний хэв заншил гэвэл эгэл цагт дураараа мал маллан нүүдэллэж, ав хомрогоор ажил үйлээ болгон, бэрх самуун цагт дайтаж байлдан бусдыг уулгалан довтлох агаад энэ нь тэдний төрөлхийн араншин амуй. 
Тэдний том зэвсэг нь нум сум, жижиг зэвсэг нь хутга, илд, төмөр жад болой. Байлдахдаа байдал ашигтай бол дайран довтолж, ашиггүй ахул ухран холдох агаад ухран зугтаахыг ичгүүртэйд үл тооцмуй. Хэрэв  хэрэгтэй л гэж үзвэл харсан юмаа заавал авахыг хүсэх ба чингэхдээ ёс журам гэж юу байдгийг үл мэднэ. Эзэн ноёноос доогуур зиндааны хүмүүс нь малынхаа махыг идэж, малын арьсан хувцас, үстэй дээл өмсмүй. Хүдэр чийрэг эрчүүл нь сайн махан хоол идэж, настайчуул нь үлдсэнийг нь хүртэнэ. Чийрэг идэр, залуу хүнийг эрхэмлэн, өтөл настан, сул дорой хүнийг хөнгөнд үзнэ. Эцэг нь нас барвал хүү нь хойт эхтэйгээ сууна, хэн нэг нь нас барвал амьд үлдсэн ах дүү нь авааль эхнэрийг нь авч, эд хөрөнгийг нь өмчилнө. Тэдний ёсонд хүн бүр нэртэй авч авгайлах нэр, овог ба бичгийн алдар үгүй болой. 
...Түүнээс хойш хоёр зуун жилийн хойно Жоу улсын төр хямран доройтох үест Жоу улсын Му ван Нохойт Рун аймгийг довтлон дайлж дөрвөн цагаан чоно, дөрвөн цагаан буга олзлон авч буцжээ. Эл явдлаас хойш мөнөөх Рун, Ди нар дахин алба барихаар ирсэнгүй ээ. Түүнээс бас хоёр зуун жил илүүтэй өнгөрсний хойно Нохойт Рун нар Жоу улсын Юэ ванг довтлон Лишань ууланд түүнийг алаад улсынх нь Зяохүө нутгийг эзлэн авч Зиншуй гол, Вэйшуй голын орчмоор нутаглан сууж нангиадын төв нутаг руу уулгалан дайрах болчухуай. Зин улсын хойгуур Линху хэмээх Ойн Ху, Лоуфань зэрэг рун угсаатан, Янь улсын хойгуур Дунху хэмээх Зүүн Ху, Шаньрун хэмээх Уулын Рунчууд нутаглах бөлгөө. Тэд бүгд Сигу орчмын нутгаар нутаглах агаад тус тусдаа эзэн ноёнтой агаад байн байн нэгэн зуу гаруй рун угсаат овог аймаг нийлэн цугларах боловч эгнэгт нэгдэн төвлөрч байсангүй ээ. 
           
 
Түүнээс нэг зуу илүү жилийн хойно Зин улсын Дао гүнтэн элч илгээн Рун, Ди нартай эе эв хэлэлцсэнд тэд хариуд нь Зин улсад айлчлав. Мөн нэг зуун жил өнгөрөхөд Жао улсын Нан вангийн хойчис Дайди нутгийг дайлан эзэлж Ху нартай хөрш суух болжээ. Улмаар Вэй улс Хэси, Шанзун нутгийг эзлэн Рунчуудтай хаяа залгах болов. Цин улс Лунси, Бэйди, Шан нутгийг эзлээд хэрэм бэхлэлт байгуулан Хүннүг эсэргүүцэн тэмцэвэй. Энэ үед мөн Жао улсын Үлин ван ёс заншилдаа шинэчлэл хийж Ху нарын хувцад өмсч, морь унан, нум сумаар харвалдаж сураад улмаар умар зүгт Ойн Ху, Лоуфань нарыг довтлон дайлав. Чингээд Дайди-гаас Иншань уулын өмнө хормойг тойруулан Гаоцюэ хүртэл Түмэн газрын урт Цагаан хэрэмийг байгуулж олон боомт бэхлэлт барьсан болой.
Хожим нь Янь улсын Цин Кай хэмээх нэгэн номтой хүмүн Хүннүд барьцаа данжийн хүн болон очиж суусанд Хүннүчүүд түүнд ихэд дотно талтай болчухуай. Түүнийг буцаж ирсний дараа Зүүн Ху-г довтлон дайрч мянганы газарт дутаалган холтгов. Тэгээд Янь улс бас Заоянгаас Ранпин хүртэл их хэрэм бэхлэлт байгуулавай. Энэ үед Хятадад хэв ёст соёлжсон долоон ханлиг улс байсны гурав нь ийнхүү Хүннүтэй хил нийлэн хөрш суух болжээ. Сүүлд Жао улсын их цэргийн жанжнаар Ли Му гэгч томилогдсон тэр цагт Хүннү нар Жао улсын хил хязгаарт довтлон түрэмгийлж зүрхлэхгүй болсон авай. 
Хожим нь Цин улс бусад зургаан улсаа мөхөөн эзэлж аваад Цин улсын Анхдугаар хуандий Шихуан эзэн хаан, Мэн Тянь жанжинд нэг буман цэрэг өгч умар зүгт илгээн Хүннүтэй байлдаж, Хэнань(өнөөгийн Өвөр Монголын Хатан голын Бор тохой орчим нутаг) зэрэг нутгийг булаан авчээ. Тэгээд Хатан голоор хил хязгаар болгон дөчин дөрвөн боомт бэхлэлт байгуулж, гэмт хэрэг үйлдэн ял гэсгээл хүлээсэн хоригдол боол хүмүүсийг олноор нь тийш илгээн суулгажээ. 
Энэ үед Зүүн Ху, Юэжи аймаг хүчирхэг байлугаа. Хүннүгийн шаньюйг Түмэн гэх бөгөөд тэрбээр Цин улсыг дийлэхгүй болохоороо умар зүгт холдон нүүжээ. Арав гаруй он улирсны хойно Мэн Тянь жанжин бие барж, Цин улсын олон ноёд түшмэд төрдөө тэрслэн шударга бус үйлд автсаны тул Нангиад орон ихэд самууран үймцэх зуур мөнөөхөн умар зүгт хөөн аваачсан олон боол хоригдол, хязгаараас нутгийн гүн рүү эргэн тэмүүлцгээх болсон нь Хүннүчүүд  хязгаар нутагт өнгөлзөх боломж олгож, тэд Хатан голыг гатлан мөрний өмнөдөд хүрч боомт бэхлэлтүүдийг эзлэн аваад улмаар нутгийн гүн рүү түрэмгийлэх болвой. 
Түмэн шаньюй Моодун хэмээх хүүтэй. Бас сүүлд түүний хайртай яньжи хатнаас нэгэн хөвгүүн төрсөнд ууган хүү Моодунгаа биш, мөнөөх бага хүүгээ хунтайж болгохыг хүсч Моодунгаа юэжи нарт барьцааны хүн болгон илгээчүхүэй. Түүнийг Юэжи аймагт очсоны хойно Түмэн шаньюй юэжи нарыг уулгалан довтлохоор зэхэж байлаа. Юэжи нар ч Моодунг алах гэж байхад нь Моодун тэдний аргамаг сайн хүлгийг хулуун авч унаад нутагтаа дутаан иржээ. 
Чингэсэнд Түмэн шаньюй хүүгийнхээ эрэлхэг зоригтойд бахдан бахархаж түүнд нэг түмэн морьтон баатад өгч захируулсан болой. Моодун дуут сум үйлдэж, цэргээ харваж намнахад сургангаа зарлиг болруун: “Миний дуут сум шунгинан харвасан зүгт бүгдээр нэгэн зэрэг харваж байгтун! Хэн эс харванав, түүнийг цаазаар аваачму!” хэмээжээ. Ингээд нэгэнтээ хээр ав гөрөө хийж яваад дуут сумаар харвасанд дагаж харвалгүй үлдсэн хүнийг даруй цаазлан хороожээ. Бас хойно нь Моодун өөрийн аргамаг хүлгийг дуут сумаар харвасанд ойр дэргэд нь байсан шадар нөхдийнх нь зарим нь харваж эс зүрхэлсэн тул тэднийг тэр даруйд цаазлан хороочухуай. Бас хойно нь өөрийн хайртай хатнаа дуут сумаар харвахул аанай л хэдэн хүн эс зүрхлэн гэлмэсэнд Моодун тэднийг хайргүй цаазлан шийтгэвэй. 
Энэ бүхний эцэст тэрбээр дайчин нөхдөө одоо л юунд ч хэрэглэж болох болсныг ойлгожээ. Тэгээд эцэг шаньюйг ав хомрогод мордоход нь дагалдан яваад дуут сумаараа эцгийн зүг гэнэт шунгинуулан харвасанд түүний дайчин нөхөд нь бүгд дагалдан Түмэн шаньюйг харвацгаавай. Моодун шаньюй хойт эх, дүүгээ тийн адил хороогоод бас өөрийг нь дагахыг эс хүссэн ноёд түшмэдийг ч үгүй хийв. Моодун баатар, шаньюй болсон түүх ийм бөлгөө. 
 
 
Энэ үед Зүүн Ху нар ихэд хүчирхэг агаад Моодунг эцгийгээ хороож шаньюйн ор суусныг олж сонсоод түүнд элч зарж хэлрүүн: ”Түмэн шаньюйн мянганы газрыг туулдаг аргамаг сайн хүлгийг авахыг хүсч байна!” хэмээжээ. Моодун ноёд жанждынхаа саналыг сонсоход тэд хэлрүүн: “Мянганы газрыг туулдаг аргамаг сайн хүлэг бол Хүннүгийн эрдэнэ болой. Яахин өгч болно!” гэцгээв. Харин Моодун: “Бусадтай айл хөрш байж, нэгэн агт морийг яахин харамлаж болох билээ?” хэмээгээд аргамаг сайн хүлгээ Зүүн Ху-д өгч явуулжээ. 
Зүүн Ху нар Моодунг хулчгар гэж бодоод дахин элч илгээж шаньюйн хайртай яньжи хатанг авахыг хүсч байгаагаа дуулгавай. Моодун дахин дэргэдийн хүмүүсийнхээ санаа бодлыг сонсохул тэд ихэд хилэгнэн өгүүлрүүн: “Зүүн Ху нар ёсгүй аашилж байна! Байтлаан бүр яньжи хатанг авах гэнэ ээ!” хэмээгээд Зүүн Ху-г байлдан дайлах санал хэлцгээв. Моодун хариу хэлрүүн: “Бусадтай айл хөрш сууж байж нэгэн эм хүнийг юунд харамлана?” гээд хайртай яньжи хатнаа өгч явуулвай. 
Зүүн Ху-гийн эзэн ван бүр ч бардамнан омогшиж баруун зүгтээ хаяа тэлэхийг хүсчээ. Хүннү болоод Зүүн Ху-гийн хооронд мянга илүү газар хүн амьтан нутагладаггүй орхигдсон газар байх агаад аль аль нь энэ завсрын нутгийн хоёр талаар харуул хайчийн овоогоо босгодог бөлгөө. Зүүн Ху нар Моодунд элч илгээн: “Манай хоёр улсын хооронд хүн нутагладаггүй газар буй. Та нар тэнд очих ёсгүй. Тиймээс бид тэр газрыг авсугай!” хэмээжээ. 
Моодун дэргэдийн хүмүүсээ цуглуулан хэрхэхийг асуусанд сайд ноёд өгүүлрүүн: “Энэ бол хэн ч суудаггүй эзгүй хээр тал. Өгсөн ч яахав, өгөөгүй ч яахав!” гэцгээжээ. Чингэхүй Моодун ихэд хилэгнэж: “Газар бол улсын үндэс мөн! Түүнийг яахин бусдад өгч болмуй!” хэмээгээд тэднийг бүгдийг нь цаазаар аваачивай. Чингээд мориндоо мордож: “Үлдэж хоцрогсдыг үтэр цаазаар авна!” хэмээн зарлиг буулгаад дорно этгээдэд Зүүн Ху-г дайлаар хөдөлсөн гэдэг. Зүүн Ху нар Моодунг үл тоон хөнгөнд үзсэний тул ямарч бэлтгэлгүй байсаар Хүннүд ихэд дийлдэн дарагдаж, эзэн ван, албат ард, мал сүрэг нь цөмөөр Хүннүгийн олз хишиг болвой. 
Тэндээс эгэж ирээд Моодун өрнө зүгт довтлон Юэжи аймгийг дагуулаад, өмнө зүгт дайлж Лоуфань, Баян аймгийн Хэнань ванг дагуулан нэгтгэсэн авай. Бас Цин улсын Мэн Тянь жанжны булааж авсан Хүннүгийн газар нутгийг эгүүлэн авч Хан улсын нутгаар хил хязгаараа болгон Чаона, Фуди газар хүрч, улмаар Янь улсын Дайжун нутаг руу түрэмгийлэх болов. Энэ үед Нангиад газар аанай л самуунтай байсан нь Моодунд хүчирхэгжих боломж олгож, түүний нум сумт цэрэг дайчид гурван бум илүүд хүрсэн болой. 
Шуньвэйгээс Түмэн шаньюй хүртэл мянга илүү жилийн туршид Хүннүчүүд нэг үе хүчирхэн мандаж, нөгөө үед бууран доройтож, тарж бутран асаар он удсан тул тэдний түүх цадигийг эмхлэн тэрлэх боломжгүй байвай. Харин Моодунгийн үед Хүннү нар ихэд хүчирхэн мандаж умрын бүх нүүдэлчин ард түмнийг хураан нэгтгээд өмнө зүгт Нангиад улстай сөргөлдөн тэмцэлдэх болсон нь тэдний намтар үйл, төр улсын байгуулал, түшмэд ноёдын нэр цолыг сая тэмдэглэн тэрлэх боломжтой болсон бөлгөө...  
Бүхэлдээ Төв Азийн нүүдэлчин ард түмнүүд, тэдний өвөг дээдэс болсон Хүн нар, Өвөг хүн нартай нэгэн цаг үед зэрэгцэн аж төрж, тэдний тухай нүдээр үзэж, чихээр сонсч мэдсэн, сурвалжилж судалсан мэдээ баримтуудыг эмхэтгэн нэгтгэж бичсэнээрээ энэ түүхэн судрын үнэ цэн маш их нь дамжиггүй. Тэгж үзвэл өдгөөгөөс даруй 2 мянганы тэртээд аж төрж асан их түүхч бээр өөрөөсөө чанагш бас 2 мянга шахам жилийн тэртээх мэдээ зангийг хамран бичсэн байдаг. Өмнөх дугаарт би Европод хүрч очсон Хүн нарын тухай европын түүхчийн бичсэн тэмдэглэлийг толилуулсан билээ. Энэ хоёр тэмдэглэлд өгүүлэн буй зүйлс агаар нэгэн адилхан буй нь эрхгүй анхаарал татдаг агаад аль аль нь түүхийн асар их үнэ цэнтэй бичлэг мөн. Эл өгүүллийнхээ төгсгөлд их түүхч сударчид зориулсан хандал шүлгээн толилуулсу:
 
Их бичээч сударчид хүргэх үг
 
Сыма өвгөний
“Судар тэмдэглэл”-ийг барин үзсээр
Сар жил хэчнээн улирсныг тоолсонгүй ээ.
Сая үзэхүл санчигны үсэнд хяруу буугаад 
Насны намар залгасныг нангиадын үгээр хэлэхүл
“Санаа сэтгэл ертөнцийн явдалд эргэлзээн үгүй болж
Сая би тогтанигсан байчухуай.”
Бодрол нимгэн, бясалгал гүехэн бага наснаасаан
Бичээч сударчийн замыг сонгон шуудран замнаад
Буман үеийн буурал түүхийг тэмтрэн тэмтчин үзэхүйеэ
“Нангиадын түүхийн эцэг” хэмээсэн алдрыг тань хэмжнэм,
Нэгэн үеийн хүмүн төрөлтний түүхийг бүтээхдээн Та
Нүүдэлчин түмнүүдийн намтар цадигийг багтаасанд тань талархнам.
Миний өвөг дээдэс – догшин Хүн нартай 
Нэгэн үед аж төрсөнд тань атаархнам,
Нүдээр үзэж чихээр сонссоноо бичиглэсэнд тань баярланам.
Түүх хэрхэн бүтээдгийг хожмын олон мэргэд 
Танаас л сурсан гэх, магад үнэн буй заа...
Гэвч нэг л юм Танаас асуумаар байх юм,
Гэрч болгож Та хожим маны үеийнхэнд 
Цагаан дээр хараар, цаасан дээр бэхээр 
Олон ч үгүй ганц л удаа  
Онцлон цохож дурдчихгүй яав даа:
Таны хэлээр Сюнну гэлцэж,
Маны хэлээр Хүннү гэлцдэг энэ нэр
Миний өвөг дээдсийн өөртөөн оноосон нэр үү,
Таны өвөг дээдсээс “хайрласан” догшин алдар уу?
Чухам энэ л учрыг тайлах гэсээр Мянган он улирсан байнам, 
Мянга мянган мэргэд цэцэрхсэн анам.Мартаж орхиж дээ гэж Танд зөв өгмөөр ч
Мартахын аргагүй чухаг юм даа энэ нэр.
Магад Та үг эс гээе хэмээгсэн ч байж мэднэ, 
Мадаггүй юмыг сөхөж ам алдахаас халгасан ч байж мэднэ ээ!...
Хүннү гэдэг нэрийг хятадаар Сюнну гэдэг. Энэ нь Догшин боол гэсэн утгатай. Бас Ху хэмээх илүү өргөн утгатай нэр бий бөгөөд энэ нь Төв Азийн нүүдэлчин ард түмнүүдийн нийтлэг нэр. Эртний хятадын түүхийн сурвалжид энэ үгийг хүннү үг, үндсэн дуудлага нь хүн хэмээх агаад мөн хүн гэсэн утгатай гэж тайлбарласан байдаг. Күнзийн сургаалд: Арван тавтайдаан би номын далайд умбаж, Гуч хүрээд сая би тогтоньюу... гэсэн байдаг. Энд дурдаж буй тогтнох гэдэг үг хүн болох утгыг зааж буй. Одооныхоор бол имижээ бүрдүүлэх гэдэгтэй ч таарах мэт. 
 
Өнөөдөр зарим улс, үндэстэн эртний угшилт их түүхтэй болох гэсэн хэтийн зорилго агуулахдаа Монголын түүхийг булаах гэж улайм цайм зүтгэж, монголчуудын өндөр дээд өвөг дээдсийн намтар цадигийг эрээгүй үгүйсгэн өөрийн болгох гэж оролдох боллоо. Тэр бүхнийг тоочихын аргагүй. Харин бид тэр бүхний өөдөөс хатуу зогсч монгол үндэстний мөнхийн гал голомт болсон энэ газар нутаг дээр болж өнгөрсөн, энэ газар нутаг дээр аж төрж асан өвөг дээдсийнхээ бичиж үлдээсэн агуу их түүхийн эзэн байхын төлөө нэгэн үзүүрт сэтгэлээр зүтгэх учиртай болж байнам. Ганцхан жишээ хэлэхэд, 13 дугаар зууны үеийн монголчууд бол өнөөгийн монголчууд биш, эдний хооронд ямарч холбоо байхгүй, хоёр өөр ард түмэн байсан, бараг л европ маягийн хүмүүс байсан, Чингис хаан бол орос, казах, түрэг, солонгос... гэх мэт зориудын яриа өгүүлэл, дүгнэлт таамаглал үзэгдэх болжээ. 
 
Жижиг улс, үндэстэнд маш хүчтэй дархлаа байх ёстой. Тэгж байж даяаршлын энэ эрин үед олон сая, олон зуун сая, тэрбум хүн амтай улс гүрнүүдийн хүрээлэлд, тэдний хүчтэй нөлөөлөл дор тэсч үлдэж, оршин тогтноно. Тэдгээр дархлааны дотор хүн амын тоо, хөгжлийн түвшин, баялгийн эзэмшил, сан хөмрөгийн нөөц хадгаламж, соёл иргэншлийн онцлог багтдагийн нэг нь өнгөрсөн түүх юм. Эхний үзүүлэлтүүд нь Монголд бараг байхгүй. Бид хүн ам цөөхөн, тийм болохоор 3 сая гэдэг энэ тоо үндэстний хувьд аюулгүй байдал, оршин тогтнохуйн баталгаа, дархлаа болж чадахгүй. Зуун сая хүн амтай улс хүн амын өсөлт зогслоо, төрөлтийг хөхиүлэн дэмжье гэсэн бодлого хэрэгжүүлж байхад Монгол Улс өнгөрсөн зууны ерээд онд үр хөндөлтийг чөлөөтэй болгосноор наад зах нь 1 сая хүнээ “егүүтгэсэн” гэх тооцоо бий. Хүн нэмбэл хүнс нэмнэ гэж үг байдаг. Уг нь монголчууд хэчнээн ядарлаа ядарлаа гэхэд төрүүлсэн үр хүүхдээ тэжээж өсгөх чадалтай. 
 
Хөгжлийн түвшин дэлхийн хөгжингүй улс орнуудаас хол хоцорсныг илтгэдэг. Баялгийн эзэмшлийн хувьд Монгол орон асар их баялагтай боловч дам утгаар нь авч үзвэл монголчууд, Монгол Улс баялагтаа эзэн нь биш. Бид баялгаа дангаараа боловсруулан эзэмшиж чадахгүй, тийм болохоор гадныхан манай баялагт эзэн суудаг. Алт, валютын нөөц гэх юмгүй. Бидэнд ганцхан түүх л байна. Гэтэл ганцхан дархлааг маань бусад хүн булаах гэж оролдох боллоо. Үүнд бид анхаарахгүй бол өөр хэн анхаарах юм бэ? Төр засаг бодлогоор анхаарахгүй бол бусдын төр засаг бодлогоор булаах нь байна.  
 
Монгол Улсын Соёлын гавьяат зүтгэлтэн, доктор Я.Ганбаатар
Хуваалцах:

Сэтгэгдэл

reload, if the code cannot be seen