Тоон үзүүлэлтүүд унаж, таагүй ирээдүйг зөгнөж эхэллээ

Шинэ коронавирусийн COVID-19 халдвар Монголын эдийн засаг, бизнесийн орчинд хэрхэн нөлөөлж байгааг тодорхойлох нэг хүчин зүйл нь гадаад худалдааны эргэлтийн тоон үзүүлэлт юм. Үүнийг экспорт, импортын хэмжээ өнгөрсөн оны мөн үеийнхээс ямар ялгаатай байгаагаар тодорхойлж болно. 2019 оны хоёрдугаар сарын гаалийн статистик мэдээллийг энэ оны мөн үеийнхтэй харьцуулахад бараа эргэлтийн бүх үзүүлэлт буурсан нь илт мэдэгдэж байна. Өнгөрсөн жилийн хоёрдугаар сард гадаад худалдааны нийт бараа эргэлт эхний хоёр сарын гүйцэтгэлээр 1.9 тэрбум ам.долларт хүрч, өмнөх оныхоос 23.4 хувиар өссөн үзүүлэлттэй байжээ. Бүр экспорт импортоос давж, гадаад худалдаа 256.1 сая ам.долларын ашигтай гарч байсан аж. Тэгвэл энэ оны эхний хоёр сарын гүйцэтгэлээр нийт эргэлт 1.5 тэрбум ам.доллар болж, 21.3 хувиар буураад байна. Нийт бараа эргэлт ийн буурсны гол “цохилт” улсын төсөвт гэхээсээ бизнес эрхлэгч, хувийн аж ахуй нэгжүүдэд хүндээр тусаж, ашиг орлогод муугаар нөлөөлж буй нь ойлгомжтой. Улсын төсвийн дийлэнхийг бүрдүүлдэг уул уурхайн бүтээгдэхүүний экспортын алдагдлыг нөхөх төлөвлөгөөг холбогдох яам гаргаж, тээвэрлэлтийг эхлүүлсэн учраас алдагдалд орох магадлалыг багасгасан. Харин хувийн сектор дахь гадаад худалдааны эргэлтэд ахиц гарахгүй байгаа нь дотоодын эдийн засагт муугаар нөлөөлөх нь гарцаагүй. 

Хүнсний бүтээгдэхүүн, мал амьтны гаралтай бүтээгдэхүүний экспорт огцом хумигджээ

Экспортын бууралтад мал, амьтны гаралтай бүтээгдэхүүнээс гадна хүнсний бэлэн бүтээгдэхүүний экспортын огцом бууралт анхаарал татаж байна. Тухайлбал, хүнсний бэлэн бүтээгдэхүүний экспорт 2018 оноос тогтмол өсөж 15.8 сая ам.долларт хүрч байсан ч хорио цээрээс болж 4.7 сая болтлоо буураад байна. Мөн амьд мал, мал, амьтны гаралтай түүхий эдийн экспорт өнгөрсөн оны хоёрдугаар сарынхаас 8.2 сая, ноос ноолуур болон нэхмэл эдлэл 5.7 сая ам.доллараар буурчээ. Үүний цаана үндэсний үйлдвэрлэгч, малчдын гарт очих орлого төдий хэмжээгээр буурсан гэсэн үг. Ноолуурын салбарт монголчууд гол тоглогч хэвээр байгаа ч өмнөд хөршид байдал хэвийн болтол хүлээх шаардлага тулгарч байна. Жилдээ 10 мянган тонн ноолуур бэлтгэдэг манай орны хувьд угаасан, самнасан ноолуурын 70 гаруй хувийг БНХАУ-д худалддаг. Харин дотоодын үйлдвэрүүд 2700 тонныг хэрэглэдэг юм. Энэ жил ноолуур болон нэхмэл эдлэлийн экспорт 5.7 сая ам.доллараар буурсан нь үндэсний үйлдвэрүүдийн орлогод шууд сөргөөр нөлөөлж эхэллээ. Мал, махны тухайд 2019 оны хоёрдугаар сард хонь, ямааны мах 544.6 тонныг гадагшаа гаргаж байсан бол энэ оны мөн үед 309.2 тонныг экспортолжээ. Ингэснээр махны экспорт 43 хувиар буурсан байна. Хэдийгээр БНХАУ халдвар гарсантай холбоотойгоор импортоо багасгасан нь ойлгомжтой боловч ийм хэмжээний алдагдал манай компаниудын үйл ажиллагаа, цаашлаад малчдын орлогод нөлөөлөх нь тодорхой. Мөн хүнсний бүтээгдэхүүний экспорт огцом хумигдсан нь жижиг дунд үйлдвэрлэл эрхлэгчид таагүй байдалд орсныг ч илтгэж байна. Харин улсын төсвийн орлогын гол бүрдүүлэгч эрдэс буюу уул уурхайн бүтээгдэхүүний экспорт 186.5 сая, үнэт болон хагас үнэт чулуу, сувд, үнэт металлынх 115.5 сая ам.доллараар буурсан нь анти үзүүлэлтийг тэргүүлэв. Эрдэс бүтээгдэхүүн дотроо чулуун нүүрс, зэсийн баяжмал, боловсруулаагүй нефтийн экспорт буураад байгаа. Тухайлбал, нүүрс өмнөх оны хоёрдугаар сарын үзүүлэлтээс 1.2 сая тонн, зэсийн баяжмал 37.1 мянга, түүхий нефть 723.7 мянган тонноор буурчээ. 

Цагаан будааны импортоо нэмэхгүй бол хомсдолд орох эрсдэл ойрхон 

2019 оны эхний хоёр сард импорт 837.5 сая ам.долларт хүрч, өмнөх оныхоосоо 15.4 хувиар өсөөд байсан бол энэ онд 750 сая ам.долларт болж, 10.4 хувиар буурлаа. Энэ бууралтад төрөл бүрийн тээврийн хэрэгсэл, тэдгээрийн эд, ангийн импорт 56.2 сая, тоног төхөөрөмж, цахилгаан хэрэгслийн импорт 26.9 сая ам.доллараар буурсан нь нөлөөлөв. Ялангуяа суудлын автомашины импорт 2019 оны хоёрдугаар сарынхаас 4087 ширхгээр багассан нь иргэдийн худалдан авах чадварт онцгой өөрчлөлт гарсны бодит жишээ. Үүнийг дагаад автомашины сэлбэгийн борлуулалт муудаж, импорт ч багасжээ. Мөн нэхмэл, оёмол болон төмөр, хуванцар, хаймраар хийсэн бүтээгдэхүүний импорт буурсан байна. Тэр дундаа оёмол, нэхмэл бүтээгдэхүүн буюу бэлэн хувцасных 950 мянган ам.доллараар буурлаа. Энэ нь халдварт өвчний хорио цээр иргэдийн худалдан авалтыг багасгаснаар бэлэн хувцасны худалдаа хумигдаж, зах, худалдааны төвд хоосон лангуу олшрох гол шалтгаан болжээ. Харин хүнсний гол нэрийн бараа, бүтээгдэхүүний нийлүүлэлт хэвийн явж байгаа аж. Гэхдээ зарим нэр төрлийн импорт эрс багассан дүнтэй байна. Хамгийн их хомсдол үүсгэж болзошгүй хүнсний бүтээгдэхүүнд цагаан будааг нэрлэж болохоор. 2019 оны хоёрдугаар сард манайхан 3.8 сая тонн цагаан будааг БНХАУ, Вьетнам, ОХУ, Казахстан, Тайландаас оруулж иржээ. Харин энэ оны хоёрдугаар сарын байдлаар 2.2 сая тонн цагаан будаа импортолсон нь өмнөх жилийнхээс 1.6 сая тонноор бага байгаа юм. Энэ нь цагаан будааны нөөцөө дариу нэмэхгүй бол хомсдолд хүргэх эрсдэл дагуулж эхэллээ гэсэн үг. Мөн инфо графикт үзүүлсэн нэр төрлийн бүтээгдэхүүнийг ч өмнөх жилийн хэмжээнд хүргэхгүй бол эрэлт үүсгэх магадлалтай. 

Гадаад худалдааны алдагдал 10 дахин нэмэгджээ

Гаалийн мэдээллээс гадаад худалдаанд дүн шинжилгээ хийхэд дээрх дүр зураг гарч байна. Тэгвэл статистик мэдээллээр гадаад худалдааны тэнцэл 2019 оны эхний хоёр сард 256.1 сая ам.долларын ашигтай гарч байсан бол энэ оны эхний хоёр сард дөнгөж 20.7 сая ам.доллар байгаа юм. Энэ нь гадаад худалдааны алдагдал өмнөх оныхоос арав дахин хумигдсан гэсэн гэсэн үг. Тэр хэрээр бизнесийн ашиг багассан байна. Гадаад худалдаа, экспорт, импортын хэмжээ буурснаас гадна, дотоодын бараа бүтээгдэхүүний борлуулалт ч таагүй үр дүнтэй байгаа. 2020 оны эхний хоёр сарын байдлаар аж үйлдвэрлэлийн салбарын борлуулсан бүтээгдэхүүн 2.1 их наяд болж, өмнөх оны үеийнхээс 733 тэрбум төгрөгөөр буурав. Үүнд уул уурхайн бүтээгдэхүүн голлож байгаа ч боловсруулах үйлдвэрлэлийн бүтээгдэхүүн, тэр дундаа бөөний худалдааны эргэлт 31 тэрбум төгрөгөөр дутаж нэрмээс болжээ. Түүнчлэн нийслэлийн худалдааны салбарын борлуулалт гэхэд өмнөх оны хоёрдугаар сарынхаас 34.2 тэрбум төгрөгөөр бага байгаа юм. Үүн дээр үйлчилгээний салбарын алдагдлыг нэмбэл гол харлам тоо гарна. Зөвхөн нийтийн хоол, баар рестораны үйлчилгээний нөхцөл байдлыг харахад өмнөх оныхоос эрс багассан нь ойлгомжтой. Бараг байхгүйтэй адил болсон тухай энэ салбарт бизнес эрхлэгч захын цайны газрын тогооч хэлнэ. Үзвэр үйлчилгээний хувьд 0 зогсолт хийгээд байгааг хэн хүнгүй мэднэ. Тэр хэрээр худалдааны салбарын үзүүлэлт, Монголын эдийн засгийн хөгжлөөс хойш чангаах нь мэдээж. Эцэст нь өгүүлэхэд гадаад худалдааны алдагдал 10 дахин нэмэгдэж, нийт бараа эргэлт 21.3 хувиар буурч, дотоодын худалдааны эргэлт хасах үзүүлэлттэй гараад байгаа энэ үед УИХ, Засгийн газраас COVID-19 халдвараас эдийн засагт үүссэн “өвчлөл”-ийг хязгаарлах төлөвлөгөө батлахгүй байгаа нь бизнес эрхлэгч төдийгүй иргэдийн амьдралд үзүүлж буй заналхийллийг үл тоосноос ялгаагүй байна. 

 

П.Батбөх

Эх сурвалж: Засгийн газрын мэдээ

Хуваалцах:

Сэтгэгдэл

reload, if the code cannot be seen