ОХУ-ын 69 бүс нутагт электрон тамхины худалдааг хориглоно
ОХУ-ын 69-өөс доошгүй бүс нутаг ирэх оноос электрон тамхи болон ашиглагддаг шингэнийх нь жижиглэн худалдааг хориглох шийдвэр гаргасан эсвэл хориглохоор төлөвлөж байна. Энэ нь тус улсын бүс нутгууд электрон тамхины худалдаанд тавих хязгаарлалтаа чангатгаж буйтай холбоотой юм.
ОХУ-ын ерөнхийлөгч Владимир Путин өнгөрсөн зургадугаар сард холбогдох зарлигт гарын үсэг зурснаар бүс нутгууд 2027 оны гуравдугаар сарын 1-нээс 2032 оны гуравдугаар сарын 1 хүртэл таван жилийн хугацаанд электрон тамхины худалдааг хориглох эрхтэй болжээ.
Тус улсын төрийн мэдлийн ТАСС агентлагийн мэдээлснээр, Украины эзлэгдсэн нутаг дэвсгэрүүдийг оролцуулаад 69-өөс доошгүй бүс нутаг ийм хориг баталсан эсвэл хэрэгжүүлэхээр төлөвлөсөн байна.
Харин ОХУ-ын Согтууруулах ундаа, тамхины зах зээлийг зохицуулах холбооны албаны мэдээллээр одоогоор 25 бүс нутаг хоригийг хуульчлан баталжээ.
Ихэнх бүс нутагт хориг ирэх оны гуравдугаар сарын 1-нээс хэрэгжиж эхлэх бол Буриад улс есдүгээр сарын 1-нээс хэрэгжүүлэхээр төлөвлөж байна. Үүний зэрэгцээ зарим олон нийтийн байгууллага электрон тамхи, түүний шингэнийг үйлдвэрлэх, импортлох, худалдахыг улс даяар бүрэн хориглохыг уриалжээ. Мөн эдгээр бүтээгдэхүүний сурталчилгаа байршуулдаг цахим хуудсуудыг хаах санал гаргасан байна.
Хоригийг дэмжигчид 2023-2024 оны судалгаагаар 15-17 насны хөвгүүдийн 27 хувь, охидын 23.7 хувь нь электрон тамхи хэрэглэж байсныг үндэслэл болгожээ. Түүнчлэн 2019 оноос хойш өдөр бүр электрон тамхи хэрэглэдэг хөвгүүдийн тоо найм дахин, охидынх арав гаруй дахин нэмэгдсэн гэж мэдээлсэн байна.
Тэд электрон тамхины хэрэглээ нь өсвөр үеийнхнийг мансууруулах бодист донтох эрсдэлд хүргэж, үндэсний аюулгүй байдалд заналхийлж байна гэж үзэж байгаа аж.



