Үр дүнгүй "COP31"
НҮБ-ын уур амьсгалын өөрчлөлтийн асуудлаарх энэ жилийн бага хурал дэлхийн дулаарлыг бууруулах нэгдсэн шийдвэрт хүрч чадалгүй өндөрлөлөө. Хэлэлцээ ийнхүү бүтэлгүйтсэнд НҮБ-ын ерөнхий нарийн бичгийн дарга Антониу Гутерриш ихээхэн сэтгэл дундуур байгаагаа илэрхийлэв. Учир нь Турк, Австрали улсын хамтран даргалсан "COp31" бага хурлын төгсгөлд танилцуулсан төслийг дийлэнх улс орон хангалтгүй гэж үзсэн байна.
Дэлхийн дулаарлыг бууруулахад чухал алхам гэж үзсэн шийдвэрүүдийг тусгасан уг төсөлд үнэндээ дулаарлын үндсэн шалтгаануудын нэг болох нүүрс, газрын тос, байгалийн хийн хэрэглээг бууруулах тодорхой зорилт тусгаагүй байсан аж.
Мөн уур амьсгалын өөрчлөлтийн нөлөөнд илүү их өртөж буй ядуу буурай орнуудад туслах санхүүжилт маргаан дагуулжээ. Анхны төсөлд эдгээр улсад уур амьсгалын өөрчлөлтөд дасан зохицоход нь зориулж 120 тэрбум ам.долларын санхүүжилт олгох зорилт тусгасан байсан. Гэвч шинэчилсэн, эцсийн хувилбараас хассан байжээ. НҮБ-ын ерөнхий нарийн бичгийн дарга Антониу Гутерриш хэлэлцээ нэгдсэн шийдвэргүй өндөрлөсөнд харамсаж байгаагаа илэрхийлээд, газрын тос, нүүрс, байгалийн хийн салбарын нөлөө бүхий бүлгүүд уур амьсгалын өөрчлөлтийн эсрэг арга хэмжээг удаашруулж байна гэж шүүмжилжээ.
Тэрбээр “Уур амьсгалын хямралын эсрэг шаардлагатай арга хэмжээг засгийн газрууд авч чадна гэж итгэж байсан хүмүүсийн бухимдлыг би ч мэдэрч байна. Газрын тос, нүүрс, байгалийн хийн салбарын нөлөө бүхий бүлгүүд шинжлэх ухааны баримтыг гуйвуулж, бодлогын шийдвэрийг хойшлуулан, ашгийг нэгдүгээрт тавьж байна” гэжээ.
Европын холбооны төлөөлөгчид эцсийн төсөлд чулуужсан түлшний талаар огт дурдаагүй байсныг эсэргүүцсэн байна. Төлөөлөгчид “Уур амьсгалын өөрчлөлтийн гол шалтгаан болсон чулуужсан түлшний талаар огт дурдаагүй хэлэлцээрийг бид дэмжихгүй. Өмнө гаргасан шийдвэрээсээ ухрахыг ч хүлээн зөвшөөрөхгүй” гэж мэдэгджээ. Мөн уг төсөл уур амьсгалын хямралыг шийдвэрлэхэд шаардлагатай асуудлыг хөндөж чадаагүй гэж үзсэн байна.
Данийн уур амьсгалын сайд Самира Нава уур амьсгалын өөрчлөлтөд дасан зохицоход шаардлагатай санхүүжилтийн заалтуудыг Европын холбоо хүлээн зөвшөөрөхөд бэлэн байсан гэв. Гэсэн хэдий ч дэлхийн дулаарлыг сааруулах бодит арга хэмжээ хангалтгүй байсныг онцолжээ. Тэрбээр “Энд гол асуудал нь дэлхийн дулаарлыг бууруулах арга хэмжээ юм. Чулуужсан түлшний талаар дурдаагүй, шинжлэх ухааны судалгааны дүгнэлтийг хангалттай тусгаагүй нь бидний санааг зовоож байна” гэж хэлсэн байна.
Их Британийн уур амьсгалын асуудал хариуцсан ахлах хэлэлцээч Кейт Хьюз ч мөн "COP31"-ийн төгсгөлд танилцуулсан төсөл нь өмнөх ахиц дэвшлээс ухарсан алхам болсон гэж үзжээ. Тэрбээр “Энэ төсөлд шинжлэх ухааны судалгааны дүгнэлтийг өмнөхөөсөө ч сул тусгасан. Харин бидэнд уур амьсгалын өөрчлөлтийн эсрэг илүү зоримог, хамтын шийдвэр хэрэгтэй байсан” гэж хэвлэлд ярьсан байна.
Харин уур амьсгалын өөрчлөлтөд хамгийн их өртөж буй 44 буурай хөгжилтэй орны нэгдэл тэдэнд тулгамдсан асуудлыг шийдвэрлэх бодит үр дүн гарч чадаагүйд сэтгэл дундуур байгаагаа илэрхийлжээ. Нэгдлийн зүгээс “Бидэн шиг хамгийн эмзэг нөхцөлд байгаа орнуудын тулгамдсан асуудлыг шийдвэрлэх бодит үр дүн олоход хүндрэлтэй байлаа. Өмнө гаргасан амлалтаасаа ухрах боломж бидэнд байхгүй” гэж мэдэгдсэн байна. Эдгээр улсад Номхон далайн арлын орнууд болох Тувалу, Кирибати, мөн Бангладеш, Балба, Конго улс зэрэг багтдаг.
Эдгээр улс хүлэмжийн хийн ялгаруулалтаараа дэлхийн бусад улстай харьцуулахад бага. Гэвч далайн түвшин нэмэгдэх, ган гачиг, үер усны аюул зэрэг уур амьсгалын өөрчлөлтийн үр дагаварт хамгийн их өртөж байгаа юм.
Номхон далайн Маршаллын арлуудын төлөөлөгчид шинэ төсөл нь газрын тос, байгалийн хийн хэрэглээг цаашид нэмэгдүүлэх боломж олгож байна гэж шүүмжилжээ. Тэдний мэдэгдсэнээр “Энэ удаагийн бага хурал хүлээлтэд хүрсэнгүй. Газрын тос, байгалийн хийн хэрэглээг нэмэгдүүлэх боломж олгосон энэ шийдвэрийг хүлээн зөвшөөрөхгүй. Бид өөрсдийн ирээдүй, аюулгүй байдлыг газрын тос, байгалийн хийн салбарын ашиг сонирхлын төлөө золиослохгүй” гэсэн байна. Мөн Вануатугийн төлөөлөгчид чулуужсан түлшний талаар огт дурдаагүй шийдвэрийг хүлээн зөвшөөрөхгүй гэж мэдэгджээ. Тэдний хэлснээр “Энэ баримт бичиг олон улсын хууль тогтоомжийн шаардлага, шинжлэх ухааны дүгнэлт болон уур амьсгалын өөрчлөлтөд өртөж буй иргэдийн хэрэгцээг хангаж чадахгүй байна. Чулуужсан түлшний талаар огт дурдаагүй нь хүлээн зөвшөөрөх боломжгүй” гэв. Африкийн орнуудын нэг Кени ч мөн тивийн онцгой нөхцөл байдал, хэрэгцээг төсөлд тусгаагүйд шүүмжлэлтэй ханджээ. Тус улсын төлөөлөгчид “Хүлэмжийн хийн ялгаруулалтыг бууруулахад тэргүүлсэн улс орнууд санхүүгийн дэмжлэг үзүүлэхэд ч манлайлах ёстой” гэж мэдэгдсэн байна.
Харин Орос, Саудын Араб зэрэг газрын тос, байгалийн хийн томоохон үйлдвэрлэгч орнууд чулуужсан болон хийн түлшний хэрэглээг бууруулах тухай заалтыг эсэргүүцсэн байр суурьтай байжээ.
Оросын төлөөлөгч Сергей Кононученко “Газрын тос, байгалийн хийн нийлүүлэлт багасвал улс орнууд илүү их бохирдол үүсгэдэг түлш хэрэглэхэд хүрнэ. Мөн эрчим хүчний хомсдолд орж болзошгүй. Ийм нөхцөлд хамгийн түрүүнд ядуу буурай орнууд хохирно. Тиймээс бид чулуужсан түлшний хэрэглээг хязгаарлах тухай заалтыг дэмжихгүй” гэж хэлсэн байна. Саудын Арабын төлөөлөгчид ч уур амьсгалын өөрчлөлттэй тэмцэхэд боломжит бүх арга замыг ашиглах ёстой гэсэн байр суурь илэрхийлжээ. Тэд “Уур амьсгалын өөрчлөлттэй тэмцэхэд бүх боломжит шийдлийг авч үзэх хэрэгтэй. Тодорхой шийдлүүдийг хэлэлцээнээс хасах нь утгагүй” гэж мэдэгдсэн байна.
"COP31" бага хурлыг даргалсан Туркийн байгаль орчин, хот байгуулалт, уур амьсгалын өөрчлөлтийн сайд Мурат Курум улс орнуудыг ганц үг, өгүүлбэр дээр маргалдаж, нийтлэг үр дүнд хүрэх боломжийг алдахгүй байхыг уриалжээ. Тэрбээр “Бид чадах бүхнээ хийсэн. Дэлхий даяар энэ хурлаас үр дүн хүлээж байгаа. Ганц үг, өгүүлбэрээс болж хүлээлтэд нь хүргэхгүй орхиж болохгүй. Тохиролцоонд хүрэхгүйгээр хэлэлцээ хийсээр байх нь хэнд ч ашиггүй” гэж хэлсэн байна. Мөн тэрбээр “Одооноос эхлэн шинэ баримт бичиг боловсруулахгүй. Нэгдсэн саналд хүрээгүй нөхцөлд шинэ төсөл дээр ажиллах боломжгүй. Бид өмнө нь гаргасан шийдвэрүүдээ хэрэгжүүлнэ” гэж мэдэгджээ.
Харин Австралийн уур амьсгалын өөрчлөлт, эрчим хүчний сайд Крис Боуэн бага хурлын үеэр тодорхой ахиц гарсныг онцолсон ч хэлэлцээ бүтэлгүйтсэнд харамсаж байгаагаа илэрхийлжээ. Тэрбээр “Энэ удаагийн хурлаар цэвэр эрчим хүчний хэрэглээг нэмэгдүүлэх чиглэлээр олон чухал арга хэмжээ авсан. Тухайлбал, 90 гаруй улс цахилгаан эрчим хүчний хэрэглээг нэмэгдүүлэх амлалтад нэгдсэн. Гэхдээ энэ бүхэн уур амьсгалын өөрчлөлттэй тэмцэхэд хангалтгүй байна” гэж хэлсэн байна. Түүнчлэн “Газрын тос, нүүрс, байгалийн хийн хэрэглээнээс татгалзах асуудлыг зарим улс заавал хүлээн зөвшөөрч, төсөлд тусгах ёстой гэсэн бол нөгөө хэсэг нь тусгасан тохиолдолд хэлэлцээрийг бүхэлд нь эсэргүүцнэ гэж мэдэгдсэн” гэж тайлбарлажээ.
Улмаар 2009 онд Копенхагенд болсон хурлаас хойш анх удаа НҮБ-ын уур амьсгалын бага хурал нэгдсэн шийдвэргүй өндөрлөлөө. Энэ нь дэлхийн дулаарлыг хязгаарлах, чулуужсан түлшний хэрэглээг бууруулах, уур амьсгалын өөрчлөлтөд хамгийн их өртөж буй орнуудад санхүүгийн тусламж үзүүлэх асуудал дээр улс орнуудын байр суурь одоо ч зөрүүтэй байгааг харуулж байна.



