Ерөнхийлөгч асан У.Хүрэлсүх өрөөндөө хүнтэй уулзаж байна гэсэн цуу тарав

Ерөнхийлөгч асан У.Хүрэлсүх өрөөндөө хүнтэй уулзаж байна гэсэн цуу тарав

 

Ерөнхийлөгчийн ажлаа хүлээлгэж өгөөд удаагүй байгаа У.Хүрэлсүхийг өчигдөр Төрийн ордонд хуучин өрөөндөө хүнтэй уулзаж байна гэсэн цуу таржээ. Үнэн худлыг нь шалгасан хүн амьтан ч алга байна. Бодвол худал цуу үг байлгүй. Манайхан л болсон хойно юу гэж ч цуурч чадна. Харин Ерөнхийлөгчийн ордон, гэр, унаа тэрэг төрийн хамгаалалтад байдаг хуультай. Юу л гэж ерөнхийлөгч байхаа больчихсон хүнд тэр бүхнийг хэрэглүүлээд л байв гэж. Тэгээд ч түр орлон гүйцэтгэгч байгаа шүү дээ. Тэрийг нь яах болж байна. “Гарч бай даа, хөгшөөн” гээд хөөх үү. Түр маань хөөгдөж гарчхаад үүдэнд нь “тамхиа” татаад сууж байх уу. “Хүн уулзъя, дайн бүхий байдал үүсэх гээд байна” гэхээр “Хуучин хүнтэй уулзаж байгаа, гарахлаар нь наадахыг чинь ярилцъя” гэх нь л дээ. Арай ч төр засаг иймдээ тулчихаагүй байх аа, зүгээр. Хэрэв энэ пантаз үнэн бол гэж бодохоос аймаар байгаа биз. Төрөөр наадна, наадна гэхэд ингэж ч арай наадахгүй байлгүй дээ.

ЯАГААД ЦАГААН САР ӨНГӨРӨӨД УДААГҮЙ ҮЕД СОНГУУЛЬ ХИЙХ ХЭРЭГТЭЙ ВЭ

Ерөнхийлөгчийн ээлжит бус сонгууль дараа оны хавар болно. Наад хугацаа нь дөнгөж цагаан сар өнгөрөөгөөд буюу хоёрдугаар сарын 27-ны хавьцаа, цаад талын хугацаа нь гуравдугаар сарын 10-д гараад болно гэсэн хүлээлттэй байна. Эрх барьж байгаа МАН цагаан сарын дөнгөж дараа сонгууль явуулах асар их сонирхолтой байгаа. Цагаан сараас холдох тусам тэдний хүсэл сонирхолд нийцэхгүй. Яагаад гэвэл цагаан сараар хүмүүсийн идэж уух юм элбэг дэлбэг, ууц бууз нь хэвээрээ учир иргэд зан сайтай байх учиртай. Тэд юмны үнийн өсөлтийг мартагнаж талх таван мянга болчихсоныг анзаарахгүй байх талтай гэнэ. Иргэд ядахдаа талх худалдаж аваад байх нь ховор байх цаг учир тийн үзэж байгаа аж. Мөн хөдөө гадааны золголт дуусаагүй шахуу хүн зоны хөл хөдөлгөөн ихтэй учир санал өгөх хүн тийм олон байхгүй байх сайн талтай. Өөрийн намын гурван зуун мянган гишүүд нэг нэг хүн олж ирээд МАН-аас нэр дэвшсэн хүнд санал өгүүлэхэд л зургаан зуугаад мянган санал баталгаатай орж ирнэ. Бусад намаас нэр дэвшигчид ийм санал авч яагаад ч чадахгүй учир хоёр шаттай болбол үлдэх, шатгүй бол шууд сонгогдоно хэмээн бодлого боловсруулагчид нь үзэж байгаа аж. Цагаан сар холдох тусам ууж идэх ховордож, энэ намын бий болгосон юмны үнэ төгрөгийн ханш уналтыг иргэн бүрд сануулах учир их гэмтэй. Ховор живэр байгаадаа уурссан ард олон бөөнөөрөө ирээд санал өгвөл нөгөө зургаан зуун мянга ч цөөнх болж МАН ялагдах магадлал өндөрсөх нигууртай гэж судлаачид нь үзжээ.

Д.НАЦАГ

Эх сурвалж: www.DNN.mn

Хуваалцах:

Сэтгэгдэл

reload, if the code cannot be seen