Байгалийг ялахыг оролдсон ч бүтэлгүйтсэн тохиолдлууд
Байгалийг өөрийн хүссэнээр өөрчлөх гэсэн хүний оролдлого заримдаа гайхалтай үр дүнд хүрдэг. Гэвч инженерийн сүр хүч, технологийн дэвшил хүртэл байгалийн хуулийг дийлж чаддаггүй үе бий. Хүмүүс хот байгуулж, гол мөрний урсгалыг өөрчилж, уулсыг хүртэл ухаж ашиглахыг оролдсон ч зарим төсөл эцэстээ асар их сүйрэл дагуулжээ. Арал тэнгисийн эмгэнэлт хувь заяа үүний тод жишээ. Ингээд хүний байгальтай хийсэн тэмцэл хэрхэн гамшиг болж хувирсныг харуулсан таван түүхийг хүргэе.
1. Нью-Орлеан хот: Үерийн хамгаалалт нь гамшгийг зогсоож чадсангүй
АНУ-ын Нью-Орлеан хот далайн түвшнээс доогуур байрладаг тул үерийн эрсдэл өндөртэй. Иймээс хотыг хамгаалахын тулд олон жилийн турш далан, суваг, ус шахах станц зэрэг нарийн төвөгтэй инженерийн байгууламжуудыг барьжээ. 2005 онд Катрина хар салхи эрэгт хүрэхэд эдгээр хамгаалалт хотыг бүрэн аварна гэж хүмүүс найдаж байв.
Гэвч наймдугаар сарын 29-нд хүчтэй шуурганы түрлэг далангийн системийг эвдэж, олон газарт цөмрөлт үүсгэв. Үүний улмаас хотын ихэнх хэсэг усанд автаж, зарим дүүрэг таван метр хүртэл гүн үерт автжээ. Гамшгийн улмаас 1392 хүн амиа алдсан нь хүний бүтээсэн инженерийн байгууламж байгалийн хүчний өмнө ямар эмзэг байдгийг харуулсан юм.
2. Эльм тосгон: Уулыг ашиглах гэсэн оролдлого эмгэнэл дагуулсан нь
Швейцарын Эльм тосгоны ойролцоо XIX зуунд занарын олборлолт эрчимтэй явагдаж байв. Уулын энгэрээс их хэмжээний чулуулаг олборлож, ашигласан хэсгийн тулгуур байгууламжийг авч дараагийн талбайд ашигладаг байжээ. Үүний улмаас уулын налуу аажмаар тогтворгүй болж байсныг ажиглагчид удаа дараа анхааруулсан ч олборлолт зогссонгүй.
1881 оны есдүгээр сарын 11-нд уулын энгэр бүхэлдээ нурж, ойролцоогоор 10 сая шоо метр чулуулаг тосгон руу асгарчээ. Ердөө хэдхэн секундын дотор 114 хүн амиа алдаж, олон байшин сүйрсэн байна. Тухайн үед тосгоны иргэдийн амьжиргааны гол эх үүсвэрийн нэг нь занарын олборлолт байсан ч энэ сонголт эцэстээ асар их гарз хохирол дагуулжээ. Өнөөдөр Эльм тосгон аялал жуулчлалд түшиглэн амьдарч байна.
3. Вайонтын далан: Нурсан уулын үүсгэсэн аварга давалгаа
1960-аад оны эхээр Италид тухайн үеийн дэлхийн хамгийн өндөр далангийн нэг болох 262 метрийн өндөртэй Вайонтын даланг барьжээ. Шинэ усан сан бий болсноор бүс нутагт цахилгаан эрчим хүч, ажлын байр нэмэгдэж, эдийн засаг хөгжинө гэж тооцож байв. Гэвч далан баригдаж байх үеэс геологичид уулын хөрс хөдөлж байгааг анхааруулж байсан ч төслийг үргэлжлүүлжээ.
Усан санг дүүргэсний дараа ойролцоох Монте-Ток уулын налуу улам тогтворгүй болж эхэлсэн байна. 1963 оны аравдугаар сарын 9-нд уулын асар том хэсэг усан сан руу нурж, аварга давалгаа үүсгэв. Давалгаа далангийн дээгүүр даван гарч, доод хөндийн суурингуудыг хэдхэн минутын дотор сүйрүүлжээ. Далан өөрөө тэсэж үлдсэн ч гамшгийн улмаас 2000 орчим хүн амиа алдсан байна.
4. Оуэнс нуур: Лос-Анжелес хотын усан хангамжийн төлөөс
АНУ-ын Лос-Анжелес хот хурдацтай тэлэхийн хэрээр усны хомсдолтой тулгарчээ. Үүнийг шийдэхийн тулд инженерүүд Калифорни мужийн Оуэнсийн хөндийгөөс хот руу ус дамжуулах томоохон суваг барихаар шийдсэн байна. Гэвч энэ төсөл нутгийн экосистемд сөргөөр нөлөөлөхийг байгаль хамгаалагчид анхнаасаа анхааруулж байв.
1913 онд байгууламж ашиглалтад орсноор Оуэнс нуурт цутгадаг голын усны урсгал эрс багасаж, нуур аажмаар ширгэжээ. Улмаар нуурын ёроол давс, нарийн ширхэгтэй тоосонцроор бүрхэгдэж, салхинд хийсэх тоос орчныг бохирдуулах болсон байна. Тоосжилт нь ойр орчмын оршин суугчдын амьсгалын замын эрүүл мэндэд ноцтой эрсдэл учруулжээ. Ийнхүү нэг хотын усан хангамжийг шийдсэн инженерийн төсөл нөгөө бүс нутгийн байгаль орчинд нөхөж баршгүй хохирол авчирсан юм.
5. «Их ногоон хэрэм»: Сахарын цөлийг зогсоох амаргүй тэмцэл
Африкийн Сахелийн бүс нутагт цөлжилт улам бүр нэмэгдэж, олон сая хүний амьдралд аюул учруулж байна. Энэ асуудлыг шийдэх зорилгоор 1980-аад онд «Их ногоон хэрэм» хэмээх санаачилга гарчээ. Анхны төлөвлөгөө нь Сахарын цөлийн өмнөд хэсгээр 10 сая мод тарьж, цөлийн тэлэлтийг зогсоох байв. Гэвч хөрс доройтож, чийг дутагдсанаас тарьсан моддын ихэнх нь ургаж чадсангүй.
Улмаар төслийн хүрээг өргөжүүлж, Африкийн 22 улс хамтран хөрс, бэлчээр, экосистемийг бүхэлд нь сэргээх зорилт тавьжээ. 2025 оны тайлангаар 18 сая га доройтсон газрыг сэргээсэн нь томоохон амжилт болов. Гэсэн ч Сахелийн хэмжээнд цөлжилтийн хурд сэргээн засварлах ажлаас давсан хэвээр байна. Эцсийн зорилго нь Атлантын далайгаас Улаан тэнгис хүртэл 7775 км урт ногоон бүс бий болгох бөгөөд энэ нь олон арван жилийн тууштай ажиллагаа шаардах төсөл юм.



