Улаанбаатарчуудын хүнсээ голлон бэлтгэдэг Хүчит шонхор захын урд талбай "хогийн цэг" болжээ

Улаанбаатарчуудын хүнсээ голлон бэлтгэдэг Хүчит шонхор захын урд талбай "хогийн цэг" болжээ

 

Чингэлтэй дүүргийн 11 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах Хүчит шонхор захын урд талбайд хог хаягдал ихээр хуримтлагдаж, хогийн цэг үүссэн талаар манай редакцид иргэдээс гомдол ирлээ.

Тухайн иргэний мэдээлснээр Хүчит шонхор захын зогсоол орчимд нийтийн эзэмшлийн талбайд хог овоорсон байдал өнгөрсөн долоодугаар сараас хойш үргэлжилж байгаа аж.

Энэ талаар гомдол гаргасан иргэн “Би хоёр долоо хоног тутамд хүнсээ цуглуулдаг. Явах болгонд овоорсон хог хэвээрээ байсаар дөрвөн сар гаруй боллоо. Харахад айл өрхийн ахуйн хог биш, ихэвчлэн муудсан ногоо, ногооны хайрцагны хөөсөнцөр байсан. Нохой, шувуу ч хогон дээр цугларсан харагддаг. Жалганы аманд овоорсон учраас доошоо өнхөрч, салхинд хийсээд эргэн тойронд тархаж байна. Анх хараад Чингэлтэй дүүргийн тохижилт, үйлчилгээний газарт гомдол гаргасан ч шийдвэрлээгүй. Ажлын 30 хоногийн дотор хариу өгнө гэж хэлсэн. Миний сонссоноор дүүргээс энэ хогийг ачиж, цэвэрлэдэг юм билээ. Түүнээс биш хог хаяулахгүй байх арга хэмжээ аваагүй, Хүчит шонхор захынханд орчноо цэвэрлэх шаардлага тавьсан ч хариу арга хэмжээ аваагүй гэсэн” хэмээн ярив.

Чингэлтэй дүүргийн Засаг даргын тамгын газар гаргасан гомдол болон хариу тайлбарын зургийг хавсаргав.

 

Тухайн албан байгууллага болон харьяа дүүрийн захиргаа хуулиар ямар үүрэг хүлээдэг вэ?

Хог хаягдлын тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.2.10-т иргэн, аж ахуйн нэгж, байгууллага нь мөн хуулийн 9.4.12-т заасан нийтийн эдэлбэр газрын хог хаягдал, цас, мөсийг цэвэрлэх үүрэгтэй. Түүнчлэн Энгийн хог хаягдлыг цэвэрлэх, ангилах, цуглуулах, тээвэрлэх, дахин боловсруулах, сэргээн ашиглах, устгах, булшлах журмын 3.1.1-д аж ахуйн нэгж, байгууллага нь орчны 50 метр хүртэлх нийтийн эдэлбэр газрын хог хаягдал, зам талбайг өдөр бүр тогтмол цэвэрлэхээр тусгасан байна.

Уг үүргээ биелүүлээгүй тохиолдолд дүүргийн Засаг дарга мэргэжлийн байгууллагаар цэвэрлэгээ хийлгэж, гарсан зардлыг тухайн аж ахуйн нэгж, байгууллагаар хариуцуулах зохицуулалттай юм.

Хуваалцах:

Сэтгэгдэл

reload, if the code cannot be seen