102 Police: 27,232 иргэнд урамшуулал олгожээ

102 Police: 27,232 иргэнд урамшуулал олгожээ

 

Гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн 34 дүгээр зүйл болон Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2025 оны 24/34 дүгээр тогтоолын хүрээнд “102 Police” аппликейшнээр дамжуулан замын хөдөлгөөний зөрчлийн талаар мэдээлсэн иргэдэд 2025 оны арваннэгдүгээр сарын 1-ний өдрөөс эхлэн урамшуулал олгож эхэлсэн. Иргэд тус аппликейшнээр дамжуулан тээврийн хэрэгслээ бусдын хөдөлгөөнд саад учруулахаар байршуулсан, чиглэлийн тээврийн хэрэгслийн зогсоол дээр зогссон, явган хүний зам болон ногоон байгууламжид тээврийн хэрэгсэл байршуулсан, замын тэмдэг, тэмдэглэгээ зөрчсөн зэрэг зөрчлийн талаар мэдээлэх боломжтой.

2025 оны IV улирлаас 2026 оны III улирал дуусталх хугацаанд тус аппликейшнээр зөрчил мэдээлсэн нийт 27,232 иргэнд урамшуулал олгосон байна. Тодруулбал:

  • 2025 оны IV улиралд 5,519 иргэнд
  • 2026 оны I улиралд 7,257 иргэнд
  • 2026 оны II улиралд 7,072 иргэнд
  • 2026 оны III улиралд 7,384 иргэнд тус тус урамшуулал олгожээ.

Мөн “102 Police” аппликейшнээр бүртгэгдсэн замын хөдөлгөөний зөрчлийн мэдээллээс харахад 2026 оны IV улирлын үзүүлэлтийг 2026 оны I улиралтай харьцуулахад тээврийн хэрэгслийн хөдөлгөөнд саад учруулсан зөрчил 62.7 хувиар, чиглэлийн тээврийн хэрэгслийн зогсоол дээр тээврийн хэрэгсэл байршуулсан зөрчил 41.5 хувиар, явган хүний зам болон ногоон байгууламжтай холбоотой зөрчил 60.2 хувиар, замын тэмдэг, тэмдэглэгээ зөрчсөн зөрчил 35.3 хувиар тус тус буурсан үзүүлэлттэй байна.

Иргэд “102 Police” аппликейшнийг гар утсандаа татан авч, замын хөдөлгөөний зөрчлийн талаарх мэдээллээ илгээхээс гадна урамшуулал авах IBAN дансаа холбох боломжтой.

Хуваалцах:

Сэтгэгдэл

reload, if the code cannot be seen