Оросын дахин нэг хөлөг дроны цохилтод өртжээ
Ливийн Бенгази хот дахь тэнгисийн цэргийн баазад зогсож байсан Оросын хөлөг онгоц дээр дэлбэрэлт болжээ. Уг дэлбэрэлтийг дроны халдлагатай холбоотой байж болзошгүй гэж Ливи мэдэгдээд байна. Оросын хөлөг онгоц хоёр улсын тэнгисийн хамтын ажиллагааны гэрээний хүрээнд түлш, хангамжаа сэлбэхээр Бенгазигийн боомтод зогссон байсан бөгөөд удахгүй буцахаар зэхэж байжээ.
Хиймэл дагуулын зураг шинжилдэг "Vantor" компанийн мэдээлснээр, уг хөлөг нь Оросын тэнгисийн цэргийн корвет буюу жижиг ангиллын байлдааны хөлөг байсан бололтой.
Ливийн зүүн бүсийн засгийн газар осол гарах үеийн шалтгаан нөхцөл, үүний ард хэн байсан зэргийг тогтоохоор ОХУ-тай хамтарсан мөрдөн шалгах ажиллагаа эхлүүлжээ. ОХУ одоогоор ямар нэгэн тайлбар хийгээгүй байгаа бөгөөд халдлагын хариуцлагыг ямар нэгэн улс, бүлэглэл хараахан хүлээгээгүй байна.
НАТО-гийн дэмжлэгтэй бослогоор 2011 онд олон жил засгийн эрх барьсан удирдагч Муаммар Каддафиг түлхэн унагаснаас хойш Ливи улс эрх мэдлийн төлөөх өрсөлдөөний хөлд үрэгдэж, улс төрийн гүнзгий хямралд орсон. Газрын тосны баялагтай тус улсыг одоогоор хоёр засгийн газар хуваан захирч байна. Тодруулбал, баруун бүсийг нийслэл Триполид төвтэй НҮБ-ын дэмжлэгтэй Үндэсний эв нэгдлийн засгийн газар, зүүн бүсийг Үндэсний тогтвортой байдлын засгийн газар тус тус захирч байна.



