Индонезид чихрийн үйлдвэрт гал гарч, 24 хүн амиа алджээ
Индонез улсын чихрийн үйлдвэрт өнгөрсөн амралтын өдрүүдэд гал гарсны улмаас 24 хүн амиа алджээ. Одоогоор 30 орчим хүн сураггүй байгаа бөгөөд аврах багийнхан эрэн хайх ажиллагааг үргэлжлүүлж байна. Гал өнгөрсөн Бямба гаригийн (2026.11.21) орой Баруун Ява мужийн Серанг дүүргийн Чиканде хотод байрлах “PT Fonusa Agung Mulia” үйлдвэрт гарчээ.
Хөдөлмөрийн асуудал хариуцсан ерөнхийлөгчийн зөвлөх Саид Икбал Даваа гаригт мэдээлэхдээ, урьдчилсан дүгнэлтээр үйлдвэрийн агааржуулагчийн цахилгааны утаснаас богино холболт үүсэж, гал гарсан байж болзошгүй гэжээ. Тэрбээр үйлдвэрийн удирдлагыг дуудаж, тайлбар авахаа мэдэгдсэн байна. Аврах ажиллагааны үеэр 29 хүнийг эсэн мэнд олсон бөгөөд тэдний тав нь эмнэлэгт хүргэгджээ. Харин аврагчид одоогоор 24 цогцос гаргаж авсан байна.
Тус үйлдвэрийн толгой компани болох “PT United Family Food”-ийн захирал Стивен Эрвин Вижаягийн мэдээлснээр, гал гарах үед үйлдвэрийн цогцолборт тухайн ээлжийн 300 орчим ажилтан байжээ.
Галын улмаас барилга ихээхэн эвдэрч, доторх тоног төхөөрөмжүүд шатаж сүйдсэн байна. Мөн гал бүрэн унтраагүй хэсгүүд болон гурван давхар барилгын нурах эрсдэлтэй бүтэц нь аврагчдын ажилд хүндрэл учруулж байгааг албаныхан мэдээлжээ. Галын улмаас амиа алдсан хүмүүсийг таних боломжгүй хэмжээнд түлэгдсэн тул ар гэрийнхнээс нь ДНХ-ийн дээж авч, сураггүй болсон ажилтнуудын хувийн эд зүйлстэй тулган тогтоох болжээ. Энэ ажиллагаа хоёроос гурван долоо хоног үргэлжилж магадгүй байна.
Индонезид сүүлийн жилүүдэд хэд хэдэн томоохон гал, осол гарсан. Өнгөрсөн оны арванхоёрдугаар сард Жакарта хотын оффисын барилгад гал гарч, 22 хүн амиа алдсан бол 2023 онд Сулавеси арал дахь никель боловсруулах үйлдвэрт дэлбэрэлт болж, 13 хүн нас баржээ.



