Өөрт тохирсон дасгалын хэрхэн сонгох вэ?

Өөрт тохирсон дасгалын хэрхэн сонгох вэ?

 

Спортоор хичээллэж эхлэхдээ хүн бүр л урам зориг дүүрэн байдаг. Фитнесст бүртгүүлж, дасгалын хуваарь гарган, өөртөө томоохон зорилго тавина. Гэвч хэдхэн долоо хоногийн дараа анхны эрч хүч буурч, дасгал хийх хүсэл аажмаар алга болох нь бий. Ийм үед хүмүүс өөрийгөө сахилга батгүй, тэвчээр муутай гэж буруутгах нь элбэг. Гэвч асуудал үргэлж хүсэл зоригт байдаггүй. Харин өөрт тохироогүй дасгал хөдөлгөөн сонгосонтой холбоотой байж болно. Тиймээс өөрийн зан чанар, сонирхол, амьдралын хэв маягт нийцсэн хөдөлгөөнийг сонгох нь хамгийн чухал. Нэг сарын дараа уйдахгүйгээр тогтмол хичээллэхэд туслах дараах зургаан зөвлөгөөг хүргэе.

1. Үр дүнгээс илүүтэй таашаал авах мэдрэмжийг чухалчил

Үр дүнгээс илүүтэй таашаал авах мэдрэмжийг чухалчил

Богино хугацаанд жин хасах, булчин хөгжүүлэх боломжтой гэдгээр нь дасгал сонгох хэрэггүй. Хэрэв тухайн хөдөлгөөн танд таалагдахгүй, хийх бүрдээ өөрийгөө хүчилж байгаа мэт санагддаг бол удаан хугацаанд үргэлжлүүлэхэд хэцүү. Харин өөрт таатай санагддаг хөдөлгөөнийг сонгоорой. Жишээлбэл, дуртай дуугаа сонсон хурдан алхах нь танд таалагддаг бол заавал гүйх, дугуй унах шаардлагагүй. Хамгийн гол нь дасгал хийхийг шийтгэл мэт бус, өдөр тутмын амьдралынхаа таатай хэсэг гэж мэдрэх юм.

2. Эхлээд өөр өөр төрлийн дасгал туршиж үз

Эхлээд өөр өөр төрлийн дасгал туршиж үз

Спортоор хичээллэж эхэлмэгцээ фитнесст үнэтэй эрх авч, хатуу хуваарь гаргах гэж яарах хэрэггүй. Хэт өндөр хүлээлт тавих нь бие махбодын болон сэтгэл санааны ядаргаанд хүргэж болзошгүй. Үүний оронд гэртээ дасгал хийх, гадаа алхах, усанд сэлэх, бүжиглэх, дугуй унах зэрэг өөр өөр төрлийн хөдөлгөөнийг туршаарай. Магадгүй танд фитнесст ганцаараа хичээллэхээс илүүтэй бүлгийн дасгал хийх нь таалагдаж болох юм. Өөрт тохирох зүйлээ олохын тулд өөртөө хугацаа өгөх хэрэгтэй.

3. Бусдын хүлээлтээр бус, өөрийн зан чанарт тохируулан сонго

Бусдын хүлээлтээр бус, өөрийн зан чанарт тохируулан сонго

Хүн бүрийн зан чанар, сонирхол өөр. Зарим хүн олон хүнтэй хамт дасгал хийх дуртай байдаг бол зарим нь ганцаараа хичээллэхдээ илүү тухтай байдаг. Хэрэв та тайван орчинд дуртай, бусадтай харилцахаас илүү ганцаараа байхыг эрхэмлэдэг бол алхах, усанд сэлэх, дугуй унах, гэртээ дасгал хийх зэрэг тохиромжтой. Харин өрсөлдөөн, багаар ажиллах, бусадтай харилцах нь танд урам өгдөг бол багийн спорт сонгож болно. Хамгийн чухал нь бусдын зөвлөгөө, нийгэмд түгээмэл болсон чиг хандлагыг дагах бус, өөрийн онцлогт нийцсэн хөдөлгөөнийг олох юм.

4. Гадаад төрхийн өөрчлөлтийг цорын ганц зорилгоо болгох хэрэггүй

Гадаад төрхийн өөрчлөлтийг цорын ганц зорилгоо болгох хэрэггүй

Олон хүн спортоор хичээллэхдээ жин хасах, булчин хөгжүүлэх, гоолиг биетэй болохыг гол зорилгоо болгодог. Гэвч биеийн мэдэгдэхүйц өөрчлөлт богино хугацаанд бий болдоггүй. Хэрэв та зөвхөн жингийн тоо буурахыг хүлээж дасгал хийж байгаа бол үр дүн удаашрах үед урам зоригоо алдах магадлалтай. Тиймээс дасгал хөдөлгөөний бусад давуу талыг ч анзаараарай. Тухайлбал, стресс бууруулах, сэтгэл санааг тайвшруулах, эрч хүч нэмэгдүүлэх, нойрыг сайжруулах зэрэг олон эерэг нөлөөтэй. Эдгээрийг өөрийн зорилгын нэг хэсэг болгосноор дасгалаа удаан хугацаанд үргэлжлүүлэхэд илүү амар болно.

5. Дасгалын дараа бие, сэтгэл санаа ямар байгааг анзаар

Дасгалын дараа бие, сэтгэл санаа ямар байгааг анзаар

Дасгал хийх явцдаа хэр их ачаалал авснаас гадна дууссаны дараа ямар мэдрэмж төрж байгаагаа анхаарах хэрэгтэй. Хэрэв дасгал бүрийн дараа бие сульдаж, сэтгэл санаагаар унаж, өдөр тутмын ажлаа хийх ч тэнхэлгүй болдог бол сонгосон ачаалал танд тохирохгүй байж магадгүй. Харин зөв тохирсон хөдөлгөөний дараа бие хөнгөрч, сэтгэл санаа сэргэж, бага зэрэг таатай ядаргаа мэдрэгддэг. Тиймээс өөрийг тань туйлдуулах бус, эрч хүчээр цэнэглэх хөдөлгөөнийг сонгоорой.

6. Хэрэгцээ өөрчлөгдөхөд дасгалын төрлөө ч өөрчил

Хэрэгцээ өөрчлөгдөхөд дасгалын төрлөө ч өөрчил

Нэг удаа өөрт тохирох дасгал олсон бол насан туршдаа зөвхөн үүгээр хичээллэх ёстой гэсэн үг биш. Цаг хугацаа өнгөрөхийн хэрээр таны сонирхол, эрч хүч, амьдралын нөхцөл байдал өөрчлөгдөж болно. Жишээлбэл, өмнө нь фитнесст явах дуртай байсан ч ажил ихсэх, нүүх, өдөр тутмын ачаалал нэмэгдэх зэргээс шалтгаалан гэртээ дасгал хийхийг илүүд үзэж болох юм. Ийм өөрчлөлтийг тогтворгүй зан, хүсэл зоригийн сул тал гэж үзэх хэрэггүй. Харин өөртөө уян хатан хандаж, шинэ төрлийн хөдөлгөөн турших, хэд хэдэн дасгалыг хослуулах эсвэл шаардлагатай үед түр завсарлах нь зүйтэй.

 

https://www.caak.mn/post/view/45477

Хуваалцах:

Сэтгэгдэл

reload, if the code cannot be seen