Хиймэл оюун ухаан хөхний хорт хавдрыг эрт үед нь илрүүлэхэд туслах уу?
Хөхний хорт хавдрыг эрт илрүүлэхэд хиймэл оюун ухааныг ашиглаж болох эсэхийг судлах дэлхийн хамгийн том туршилтыг Их Британид эхлүүлжээ. Уг судалгаанд тус улсын хэмжээнд 700 мянга орчим эмэгтэйг хамруулахаар төлөвлөсөн байна.
Туршилтын хүрээнд хөхний рентген зураг буюу маммографийн зургийг хиймэл оюун ухаанаар шинжлүүлж, хавдрыг эрт илрүүлэхэд хэр үр дүнтэйг судлах юм. Мөн эмч нарын ажлын ачааллыг бууруулахын зэрэгцээ эрүүл эмэгтэйчүүдэд шаардлагагүй онош тавих, нэмэлт шинжилгээнд дуудах тохиолдлыг нэмэгдүүлэхгүй байхыг зорьж байна. Одоогоор Их Британийн Үндэсний эрүүл мэндийн албаны хоёр мэргэжилтэн эмэгтэйчүүдийн маммографийн зургийг тус бүр хянадаг. Харин туршилтын үеэр тэдний нэгнийх нь ажлыг хиймэл оюун ухаанаар орлуулах юм. Ингэхдээ зарим зургийг эмч нарт үзүүлэхээс өмнө, заримыг нь эмч нар хянасны дараа хиймэл оюун ухаанаар шинжлүүлэх хоёр өөр аргаар туршина.
Их Британид 50-71 насны эмэгтэйчүүдийг гурван жил тутамд хөхний хорт хавдрын урьдчилан сэргийлэх үзлэгт хамруулдаг бөгөөд жил бүр хоёр сая гаруй эмэгтэй үзлэгт ордог байна.
Тус улсад жилд 59 мянга орчим эмэгтэй хөхний хорт хавдраар оношлогддог бөгөөд тэдгээрийн гуравны нэг орчим нь тогтмол үзлэгээр эрт үедээ илэрдэг аж. Судалгааг удирдаж буй Уорвикийн их сургуулийн профессор Сиан Тейлор-Филлипс хэлэхдээ, хиймэл оюун ухаан хөхний хорт хавдрыг эрт илрүүлэхэд тусалж болох ч өвчин болж хүндрэхгүй, эрүүл мэндэд аюул учруулахгүй өөрчлөлтийг хавдар гэж буруу оношлохоос сэргийлэх нь чухал гэдгийг онцолжээ.
Мөн Кембрижийн их сургуулийн профессор Фиона Гилберт дүрс оношилгооны эмч нарын хүрэлцээ муу, шинжилгээний тоо жил бүр найман хувиар нэмэгдэж байгааг дурдсан байна. Түүний үзэж буйгаар хиймэл оюун ухаан зургийг хурдан шинжилснээр эмч нар хавдартай өвчтөнүүдэд илүү их цаг зарцуулах боломж бүрдэх юм. Нийт 11 сая фунт стерлингийн санхүүжилттэй уг судалгааг гурван жилийн хугацаанд явуулах бөгөөд Их Британийн 30 эмнэлэг хамрагдана. Судалгаанд оролцох эсэхээ эмэгтэйчүүд өөрсдөө шийдэх бөгөөд урьдчилан сэргийлэх үзлэгийн хэвийн үйл явц өөрчлөгдөхгүй аж.



