олбин ноход ихэсч, хүүхдүүд рүү дайрах тохиолдол нэмэгдэв
Өвлийн улиралд сургуулийн хүүхдүүд хичээлдээ ирж, очиход тулгарч байгаа нэг бэрхшээл нь золбин ноход болж байгааа ажээ. Ялангуяа хотын төвөөс алсмагдмал дүүрэгт байдаг, гэр нь автобусны буудлаас хол байрладаг хүүхдүүд өглөө хичээлдээ явахад, орой харихад золбин ноход их байдаг нь нохойд хазуулах эрсдэлийг нэмэгдүүлдэг гэдгийг хэлж байгаа юм.
Тухайлбал, БЗД-ийн 8 дугаар хороонд байрлах Ерөнхий боловсролын 92 дугаар сургууль нь Эрдэнэтолгойд байрладаг. Уг сургуульд явдаг долдугаар ангийн сурагч М-ийн хэлснээр, "Манай гэр сургуулиас нэлээд зайтай байдаг. Тэгээд сургууль руугаа явахад 40 орчим минутыг зарцуулдаг. Өвөл өглөө эрт гэгээ ороогүй байдаг учраас харанхуйд гудамжаар алхахаар олон нохой тааралддаг. Нохойнууд нэг нь дайрахаар нийлээд дайрдаг. Орой ч харихад хүндрэлтэй байдаг. Хальтирч унах гээд үүнийхээ хажуугаар харанхуй гудамжаар нохойнд дайруулчих гээд айдастай явдаг. Манай ангийн хүүхэд нохойд хазуулаад бараг долоо хоног хичээлдээ ирээгүй. Түүнээс нь болоод хичээлээс хоцрох асуудал үүсдэг" гэсэн юм. Хүүхдүүд биеэ хамгаалах чадвар сул учраас нохойд хазуулах тохиолдол нэлээд гардаг байна.
Ингэхдээ ихэнх тохиолдол мөчид болон булчин, шөрмөсийн гэмтэл авдаг бол зарим нь хуйх ярагдах гэх мэт гэмтэл авч, хагалгааны заалттай ирдэг гэдгийг эмч хэлж байгаа юм.
Зарим айлууд огт нохойгоо уядаггүй бол зарим айлууд нохойгоо орой тавьчихдаг учраас өглөө эрт барьж уядаггүй тул хүүхдүүд сургуульдаа явахад хүүхдүүд рүү дайрдаг байна. Үүнээс гадна золбин ноход маш их байдгийг иргэд хэлж байна.
Сүүлийн таван жилд 17 орчим мянган хүн нохойд хазуулж, эмнэлгийн тусламж үйлчилгээ авчээ.
Жишээлбэл, 2024 онд- 4610 иргэн, 2025 онд- 3438, 2026 оны эхний зургаан сарын байдлаар 1440 иргэн нохойд хазуулжээ. Нохойд хазуулсан нийт иргэдийн 50 хувь нь хүүхэд байдаг гэнэ.
Гэр хорооллын дахин төлөвлөлтөөс үүдэж золбин ноход ихэссэн гэдгийг иргэд хэлж байгаа юм. Тухайлбал, Улаанхуарангийн эцэст Баганат өргөө хотхон гээд маш олон блок барилгууд баригдсан, одоо ч тэнд дахин төлөвлөлт үргэлжилж буй. Улмаар газраа чөлөөлж нүүсэн айлууд нохойгоо үлдээгээд нүүчихдэг байна. Ингээд золбин ноход ихэсч, сүрэглэн иргэд рүү дайрч, хаздаг аж. Ялангуяа нохдын ороо орох үеэр сүрэглэж явах, хүн рүү дайрах нь илүү нэмэгддэг ажээ. Нохойд хазуулсан иргэний хувьд тэр бүр нохойны эзэнг олоод байдаггүй учраас нөхөн төлбөр авах асуудал бараг байдаггүй аж.
Эзэнтэй нохойд хазуулсан бол Эрүүгийн хуулийн 20.15 дугаар зүйлд "Орчиндоо аюул учруулж болох амьтныг зохих хамгаалалтгүй байлгасны улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан бол 450.000- 5.400.000 төгрөгөөр торгох, эсхүл 240-720 цаг хүртэл хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх, эсхүл нэг сараас нэг жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял шийтгэх, харин хүний эрүүл мэндэд хүнд хохирол учирсан, хохирогч нас барсан бол 5.400.000-27.000.000 төгрөгөөр торгох, эсхүл нэг жилээс таван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ" гэж заасан байдаг байна.



