240 гаруй хүний амь насыг угаарын хийд хордох эрсдэлээс хамгаалжээ

240 гаруй хүний амь насыг угаарын хийд хордох эрсдэлээс хамгаалжээ

 

Галлагааны улирал эхэлсэнтэй холбогдуулан нийслэлийн хэмжээнд угаарын хийн дуудлага, мэдээлэл ихэсч, Түлш хэрэглэгчдэд үйлчлэх төвд хоногт 100 гаруй дуудлага бүртгэгдэж байна.

Тухайлбал, энэ сарын 22-23-нд шилжих шөнө угаарын хий мэдрэгч төхөөрөмжөөс дохиолол ирсэн нийт 81 удаагийн мэдээллээс 12 өрхийн иргэд утсаа аваагүй тул холбогдох албаныхан байршлын мэдээллийн дагуу яаралтай хүрч ажиллажээ. Ингэснээр нийт 240 гаруй хүний амь насыг угаарын хийд хордох эрсдэлээс урьдчилан сэргийлж чадсан байна.

Нийслэлийн хэмжээнд 170 гаруй мянган өрхөд угаарын хий мэдрэгч төхөөрөмжийг үе шаттайгаар суурилуулсан. Уг төхөөрөмжийн тусламжтайгаар айл өрхийн угаарын хий хэвийн хэмжээнээс хэтэрсэн тохиолдолд Түлш хэрэглэгчдэд үйлчлэх төвийн нэгдсэн системд шууд мэдээлэл ирж, албаныхан утсаар сэрэмжлүүлэг өгөхөөс гадна шаардлагатай үед газар дээр нь очиж шуурхай арга хэмжээ авч ажиллаж байгаа юм. Мөн холбогдох албанаас сэрэмжлүүлэг мэдээллийг гаргасан байна.

Угаарын хийн хордлогын шинж тэмдэг:

  • Толгой өвдөх
  • Огиулж бөөлжих
  • Ханиалгах
  • Ядарч сульдах
  • Гуйвж дайвах
  • Ухаан балартаж унах

Угаарын хийн хордлогын үед авах анхны тусламж:

  • Угаартай орчноос гаргах /толгой, биеийг хучиж агаарт гаргах, халуун бүлээн шингэн юм уулгах/
  • Унтуулахгүй байх /спирт үнэртүүлэх, нүүрийг хүйтэн усаар шавших/
  • Ам, хамар залгиурыг чөлөөлж цэвэрлэх /тэгш гадаргуу дээр хэвтүүлж, эрүүг өргөн амьсгалын замыг чөлөөлж хэл унахаас сэргийлэх/
  • Шаардлагатай үед хиймэл амьсгал, цээж шахалтыг яаралтай хийх
  • Эмчид яаралтай хандах.
Хуваалцах:

Сэтгэгдэл

reload, if the code cannot be seen