Тархи насан туршдаа суралцаж, өөрчлөгдөж чаддаг уу?
Нийтлэл №8
ТАРХИНЫ НЕЙРОПЛАСТИК ЧАНАР БА ТАНИН МЭДЭХҮЙН НӨӨЦ
Нас ахихад ой тогтоолт, анхаарал, мэдээлэл боловсруулах хурд зэрэг танин мэдэхүйн үйл ажиллагаанд өөрчлөлт гардаг. Гэхдээ хүн бүрт эдгээр өөрчлөлт ижил илэрдэггүй. Зарим хүн ахимаг насандаа ч шинэ мэдлэг, ур чадварыг амжилттай эзэмшдэг бол заримд нь илүү их хугацаа, давталт, дэмжлэг шаардлагатай байдаг. Энэ ялгааг тархи судлалын шинжлэх ухааны үүднээс тайлбарлахдаа нейропластик чанар болон танин мэдэхүйн нөөц гэсэн хоёр ойлголтыг түлхүү авч үздэг.
ТАРХИ ХЭРХЭН СУРАЛЦДАГ ВЭ?
Нейропластик чанар гэдэг нь тархи суралцах, туршлага хуримтлуулах, орчны өөрчлөлтөд дасан зохицох явцад бүтэц, үйл ажиллагаагаа өөрчлөх чадвар юм. Шинэ хэл сурах, хөгжмийн зэмсэг тоглох, танихгүй орчинд замаа олох үед анхаарал, ой тогтоолт, төлөвлөлт, хөдөлгөөний зохицуулалт зэрэг үйл ажиллагааг хариуцсан мэдрэлийн сүлжээнүүд хамтран ажилладаг. Мэдрэлийн эсүүд синапс хэмээх холбоосоор мэдээлэл дамжуулдаг. Суралцах, давтан дадлага хийх үед эдгээр холбоосын дамжуулалтын үр нөлөө өөрчлөгдөж болно. Үүний нэг механизм нь синапсын урт хугацааны хүчжилт (long-term potentiation, LTP) бөгөөд тодорхой нөхцөлд синапсын дамжуулалт удаан хугацаагаар хүчжихийг илэрхийлдэг. Иймээс суралцах нь зөвхөн мэдээлэл цээжлэх бус, мэдрэлийн сүлжээний үйл ажиллагаа туршлагын нөлөөгөөр өөрчлөгдөх биологийн үйл явц юм.
АХИМАГ НАСАНД Ч ТАРХИ ӨӨРЧЛӨГДДӨГ
2008 онд Германы эрдэмтэн Janina Boyke нарын судлаачид өмнө нь гурван бөмбөгөөр жонглёр хийж байгаагүй, дунджаар 60 настай хүмүүсийг судалжээ. Гурван сарын турш шинэ хөдөлгөөний ур чадварт суралцсан хүмүүсийн тархины зарим хэсгийн саарал бодист соронзон резонансын дүрслэлээр бүтцийн өөрчлөлт илэрсэн. Харин дадлагаа зогсоосны дараа эдгээр өөрчлөлтийн зарим нь буурсан байна [1]. Энэ нь ахимаг насанд ч тархи шинэ туршлагад бүтцийн хувьд дасан зохицох чадвартайг харуулжээ.
АНУ-ын Denise Park болон хамтран судлаачдын “Synapse Project” судалгаанд ахмад хүмүүс гурван сарын турш дижитал гэрэл зураг авах, зураг боловсруулах, ширмэл эдлэл хийх зэрэг шинэ ур чадварт суралцсан байна. Танин мэдэхүйн өндөр ачаалал шаардсан эдгээр үйл ажиллагаанд тогтмол оролцсон бүлгүүдийн үйл явдлын ой тогтоолтын үзүүлэлт харьцуулах бүлгүүдийнхээс илүү сайжирсан үзүүлэлт гарсан байна [2].
Эдгээр судалгаа нь ахимаг насанд ч шинэ ур чадвар эзэмших явцад тархины бүтэц өөрчлөгдөж, танин мэдэхүйн тодорхой чадварууд сайжрах боломжтойг харуулж байна. Харин ийм өөрчлөлт бусад танин мэдэхүйн чадварт хэрхэн нөлөөлөх, дементийн эрсдэлийг урт хугацаанд бууруулахад ямар ач холбогдолтойг эрдэмтэд нарийвчлан судлаж байна.
ТАНИН МЭДЭХҮЙН НӨӨЦ ГЭЖ ЮУ ВЭ?
Насжилт болон тархины эмгэг өөрчлөлтийн үед хүмүүс танин мэдэхүйн чадвараа яагаад харилцан адилгүй хадгалдаг вэ? Үүнийг тайлбарлахад танин мэдэхүйн нөөц (cognitive reserve) гэсэн ойлголтыг ашигладаг. Энэ нь тархинд хадгалагдсан мэдээллийн сан биш. Харин насжилт, эмгэг өөрчлөлтийн үед танин мэдэхүйн үйл ажиллагааг хадгалахад мэдрэлийн сүлжээний ашиглалт, уян хатан зохицуулалт ямар үүрэгтэйг тайлбарлах онолын ойлголт юм [3]. Боловсрол, ажил мэргэжлийн оюуны ачаалал, ном унших, шинэ ур чадвар эзэмших, нийгмийн идэвх зэрэг нь танин мэдэхүйн нөөцтэй холбоотой байж болох хүчин зүйлс юм.
2024 онд Liu болон хамтран судлаачид 27 урт хугацааны ажиглалтын судалгааг нэгтгэн шинжилжээ. Үр дүнгээр бага, дунд болон ахимаг насанд танин мэдэхүйн нөөцийн үзүүлэлт өндөр байх нь дементийн эрсдэл багатай статистикийн хамааралтай байв. Эрсдэлийн харьцаа (hazard ratio, HR) бага насанд 0.82, дунд насанд 0.91, ахимаг насанд 0.81 байсан байна [4]. Эдгээр үр дүн нь амьдралын турш дахь боловсрол, оюуны идэвхтэй холбоотой хүчин зүйлс тархины эрүүл насжилтад ач холбогдолтой байж болохыг харуулдаг. Гэхдээ уг хамааралд эрүүл мэнд, амьдралын нөхцөл зэрэг бусад хүчин зүйлс нөлөөлөх боломжтой.
СУРАЛЦАХ БОЛОМЖИЙГ ӨДӨР ТУТАМДАА ХЭРХЭН АШИГЛАХ ВЭ?
Насан туршийн суралцах үйл явц нь албан боловсролоор хязгаарлагдахгүй. Өдөр тутмын амьдрал, ажил хөдөлмөр, нийгмийн харилцааны явцад ч үргэлжилдэг. Ахмад хүн цахим үйлчилгээ ашиглаж сурах, малчин хүн аж ахуйн шинэ технологи эзэмших, ажилтан мэргэжлийн шинэ арга барилд суралцах, гэр бүлийнхэн хамтдаа шинэ тоглоомын дүрэм ойлгож хэрэглэх зэрэг нь танин мэдэхүйн идэвх шаардсан үйл ажиллагаа юм. Суралцахад анхаарлаа төвлөрүүлэх, мэдээллийн утгыг ойлгох, өмнөх мэдлэгтэйгээ холбох, сэргээн санах, давтан хэрэглэх нь чухал. Идэвхтэй суралцах нь мэдээллийг зөвхөн уншиж, үзэхээс ялгаатай. Гэхдээ тархины эрүүл насжилтыг зөвхөн оюуны идэвхээр хязгаарлаж болохгүй. Хөдөлгөөн, зүрх судасны эрүүл мэнд, артерийн даралт, чихрийн шижин, сонсгол, нийгмийн харилцаа зэрэг олон хүчин зүйл чухал үүрэгтэй [5]. Мөн эрүүл мэнд, боловсрол, технологийн хүртээмж, гэр бүл, нийгмийн дэмжлэг нь хүн бүрийн суралцах боломжид нөлөөлдөг.
СУРАЛЦАХ БОЛОМЖ НАСАН ТУРШИД ҮРГЭЛЖИЛДЭГ
Тархины нейропластик чанар амьдралын туршид хадгалагддаг. Нас ахихын хэрээр суралцах хурд, арга барил өөрчлөгдөж болох ч шинэ мэдлэг, ур чадвар эзэмших боломж хэвээр байдаг. Шинэ зүйл сурахад нас өөрөө эцсийн хязгаар биш. Өөрийн сонирхол, чадвар, эрүүл мэндийн нөхцөлд тохирсон арга барилаар тогтмол суралцах нь мэдлэг, ур чадвараа үргэлжлүүлэн хөгжүүлэх боломж олгодог. Тархины эрүүл насжилтын нэг чухал үндэс нь хуримтлуулсан мэдлэгээ хадгалахын зэрэгцээ шинэ зүйл сурах, өөрчлөгдөж буй орчинд дасан зохицох, өдөр тутмын амьдралдаа бие даасан байдлаа дэмжих явдал юм.
Харин та сүүлийн нэг сард ямар шинэ зүйл сурсан бэ?-өөрөөсөө нэг асуугаад үзээрэй.
ЦОЛМОН Жадамба
АШУ-ы доктор, профессор
Ашигласан эх сурвалж
1. Boyke J, Driemeyer J, Gaser C, Büchel C, May A. Training-induced brain structure changes in the elderly. Journal of Neuroscience. 2008;28(28):7031–7035. DOI: 10.1523/JNEUROSCI.0742-08.2008.
2. Park DC, et al. The impact of sustained engagement on cognitive function in older adults: The Synapse Project. Psychological Science. 2014;25(1):103–112. DOI: 10.1177/0956797613499592.
3. Stern Y, et al. Whitepaper: Defining and investigating cognitive reserve, brain reserve, and brain maintenance. Alzheimer’s & Dementia. 2020;16(9):1305–1311. DOI: 10.1016/j.jalz.2018.07.219.
4. Liu Y, et al. Cognitive reserve over the life course and risk of dementia: a systematic review and meta-analysis. Frontiers in Aging Neuroscience. 2024;16:1358992. DOI: 10.3389/fnagi.2024.1358992.
5. Livingston G, et al. Dementia prevention, intervention, and care: 2024 report of the Lancet standing Commission. The Lancet. 2024;404:572–628. DOI: 10.1016/S0140-6736(24)01296-0.



