Хүн төрөлхтөнд зөвхөн гай зовлон авчирсан шинжлэх ухааны 6 онол
Мэдээлэл, судалгааны боломж хомс байсан цаг үед эрдэмтэд өөрсдийн таамаглал, дэвшүүлсэн санаандаа итгэхээс өөр аргагүй байв. Гэвч тэдгээрийн зарим нь өнөөдрийн бидэнд жинхэнэ утгаараа утгагүй зүйл мэт санагддаг. Хамгийн харамсалтай нь шинжлэх ухааны үндэслэлтэй мэт харагдсан эдгээр онол хүн төрөлхтөнд асар их хор хөнөөл учруулсан байдаг. Ингээд түүхэнд хар толбо үлдээсэн зургаан онолыг сонирхоцгооё.
1. Шинжлэх ухааны арьс өнгөөр ялгаварлах үзэл: Зарим үндэстнийг бусдаас дээгүүр тавьсан аюултай онол
Арьс өнгөөр ялгаварлах үзэлгүйгээр энэ жагсаалтыг төсөөлөхийн аргагүй. Арьс өнгөөр ялгаварлах үзэл түүхийн туршид олон хүний дунд, тэр дундаа хамгийн ухаалаг, нэр хүндтэй хүмүүсийн дунд ч байсаар ирсэн. Гэгээрлийн үеийн нэрт төлөөлөгч Вольтер хүртэл өөрөөсөө өөр арьстан, үндэстнийг дорд үзсэн үзэл бодлоо ил тод илэрхийлж байжээ. Боолчлол ноёрхож байсан үед бусад хүмүүсийг дорд үзэх хандлагаа ямар нэгэн байдлаар зөвтгөх шаардлага бий болсон юм. XIX зууны дунд үед Францын зохиолч Жозеф Гобино аричуудыг бусад үндэстнийг захирахаар заяагдсан дээд угсаатан хэмээн зарласан байна. Түүний үзэл санаа XX зуунд нацистуудын үйлдсэн аймшигт гэмт хэргийг үзэл суртлын хувьд зөвтгөхөд нөлөөлсөн бөгөөд сая сая хүний амь нас, хувь заяанд хар толбо үлдээжээ. Өнөөдөр арьс өнгөөр хүмүүсийг давуу болон дорд гэж ангилах бүх онолыг шинжлэх ухааны үндэслэлгүй гэж үздэг.
2. Евгеник: Төгс хүн бүтээх гэсэн оролдлого хэрхэн аймшигт эмгэнэлд хүргэсэн бэ?
Евгеник нь хүн төрөлхтний удамшлын чанарыг зохиомлоор сайжруулах, өөрөөр хэлбэл хүсээгүй гэж үзсэн хүмүүсийг үр удмаа үлдээхээс сэргийлэх зорилготой үзэл байв. Энэ онол зөвхөн тодорхой үндэстнүүдийг бус, харин хөгжлийн бэрхшээлтэй, бие махбодын болон оюуны согогтой, ижил хүйстэн хүмүүсийг ч гадуурхах үндэслэл болжээ. Нацист Германд ийм хүмүүсийг албадан ариутгах, зарим тохиолдолд цаазаар авах хүртэл арга хэмжээ авч байсан юм. Тэд мөн зөвхөн арьс өнгөний хатуу шалгуур хангасан СС-ийн цэргүүдээс хүүхэд төрүүлэх зорилготой «Лебенсборн» хэмээх байгууллагыг байгуулжээ. Сонирхолтой нь ЗХУ-д 1920-иод онд педологи хэмээх хүүхдийн хөгжил, хүмүүжлийг судлах чиглэл мөн адил хүнийг зохиомлоор төгс болгох үзэлтэй холбогдож байв. Тус хөтөлбөрт намын удирдлагын хүүхдүүд болон онцгой чадвартай хүүхдүүдийг сонгон авч, тусгай хүүхдийн байгууллагад өсгөж хүмүүжүүлэхээр төлөвлөсөн ч хүүхдүүд эцэг эхээ санаж, төгс загварт нийцэхээс татгалзсан байна. Эцэст нь 1936 онд ЗХУ-ын удирдлага педологийн үйл ажиллагааг буруушаасан тогтоол гаргаж, хөтөлбөрийг зогсоосон боловч олон хүүхдийн хувь заяанд хүнд ул мөр үлджээ.
3. Телегони: Эмэгтэй хүний өмнөх хамтрагч ирээдүйн хүүхдийн удамшилд нөлөөлдөг гэх худал онол
Телегони буюу «анхны эрийн нөлөө» хэмээх онолын дагуу эмэгтэй амьтан эсвэл хүн өмнө нь бэлгийн харилцаанд орсон эрэгтэйн удамшлын шинж чанарыг хожим төрүүлэх үр хүүхдэдээ дамжуулдаг гэж үздэг байжээ. Энэхүү ойлголт нь ялангуяа эмэгтэй хүн гэрлэхээсээ өмнө онгон байх ёстой гэсэн үзлийг шинжлэх ухаанаар зөвтгөхөд ашиглагдаж байсан юм. Онолын гол санаа нь өмнөх, ялангуяа анхны бэлгийн хамтрагч нь дараагийн үр удмын шинж чанарт нөлөөлдөг гэх таамаглал байв. Жишээлбэл, өмнө нь хар арьстай эрэгтэйтэй харилцаанд орсон эмэгтэй цагаан арьстай нөхрөөсөө хүүхэд төрүүлэхэд хүүхэд нь өмнөх хамтрагчийн шинжийг өвлөж магадгүй гэж тайлбарладаг байжээ. Гэвч ийм үзэгдлийг генетикийн шинжлэх ухаан батлаагүй бөгөөд хүүхдийн удамшлын мэдээлэл эцэг, эхийн генетикийн материалаар тодорхойлогддог. Телегони нь шинжлэх ухааны үндэслэлгүй болох нь тогтоогдсон ч өнөөдрийг хүртэл зарим хүмүүсийн дунд энэ ойлголт оршсоор байна.
4. Голомтот халдварын онол: Өвчнөөс урьдчилан сэргийлэх нэрээр эрүүл эрхтнүүдийг хүртэл авч байжээ
XIX зууны дунд үеэс түгэн дэлгэрсэн энэхүү онолыг дэмжигчид хүний биеийн аль нэг хэсэгт үүссэн үрэвслээс хорт бодис цусанд орж, олон төрлийн өвчин үүсгэдэг гэж итгэдэг байв. Тэд оюуны хомсдол, үе мөчний үрэвсэл, хавдар зэрэг өвчнийг хүртэл ийм халдварын голомттой холбон тайлбарлажээ. Эмчилгээ нь энгийн байсан бөгөөд үрэвслийн эх үүсвэр байж болзошгүй эрхтнийг мэс заслаар авах явдал байв. Үүний улмаас АНУ-д нярай хүүхдүүдийг ирээдүйд мухар олгойн үрэвслээс сэргийлэх зорилгоор мухар олгойг нь авах тохиолдол гарч байжээ. Хожим мухар олгой нь гэдэсний бичил биетний тэнцвэрийг хадгалах, дархлааны үйл ажиллагаанд оролцдог болохыг тогтоосон байна. Мөн Английн эмч Уильям Хантер амны хөндийн ариун цэвэр муу байснаас олон өвчин үүсдэг гэж үзсэнээр шүд, гүйлсэн булчирхай, аденоидыг шаардлагагүйгээр авах явдал Европ, Америкт өргөн тархжээ. 1940-өөд он гэхэд онолын хэт өргөн тайлбарууд няцаагдсан ч гүйлсэн булчирхай, аденоидыг урьдчилан сэргийлэх зорилгоор авах явдал ЗХУ-д хүүхдүүдийн дунд нэлээд удаан үргэлжилсэн байна.
5. Френологи: Гавлын ясны хэлбэрээр хүний оюун ухаан, зан чанарыг тодорхойлж болно гэж үзсэн нь
Френологи нь хүний гавлын ясны хэлбэр, овгор хонхроор зан чанар, оюун ухааны чадварыг тодорхойлж болно гэсэн онол юм. Энэхүү онолын үндэслэгч нь Австрийн эмч, анатомич Франц Йозеф Галль байв. Түүний үзсэнээр тархины хэсэг бүр тодорхой зан чанар, сэтгэл хөдлөлийг хариуцдаг бөгөөд тухайн хэсэг хэр хөгжсөн нь гавлын ясны гадаргуу дээр илэрдэг ажээ. Тухайлбал, чамархайн хэсэг нь архинд дурлах, амттай хоолонд татагдахтай, дагзны хэсэг нь нөхөрсөг, нийтэч зан чанартай холбоотой гэж үздэг байв. Энэхүү онолыг хүний оюун ухаан, зан чанарыг хэмжихэд ашиглаж, зарим тохиолдолд арьс өнгөөр ялгаварлах үзлийг зөвтгөхөд ч хэрэглэжээ. Гэвч орчин үеийн мэдрэлийн шинжлэх ухаан гавлын ясны хэлбэрээр хүний зан чанар, оюуны чадварыг тодорхойлох боломжгүйг нотолсон байна.
6. Гомеопати: Шинжлэх ухаанаар батлагдаагүй эмчилгээ олон хүний эрүүл мэндэд заналхийлсэн нь
«Төстэй нь төстэйгээ эмчилнэ» гэсэн зарчимд тулгуурладаг гомеопати нь шинжлэх ухаанд хүлээн зөвшөөрөгдөөгүй эмчилгээний арга юм. Энэхүү аргыг XVIII зууны сүүл үед Германы эмч Самуэль Ханеман дэвшүүлсэн бөгөөд өвчний шинж тэмдэг үүсгэдэг бодисыг маш бага хэмжээгээр хэрэглэвэл тухайн өвчнийг эмчилнэ гэж үздэг байжээ. Гомеопатик бэлдмэлийг олон дахин шингэлдэг тул зарим тохиолдолд анхны бодисын ганц ч молекул үлдэхгүй хэмжээнд хүрдэг. Өөрөөр хэлбэл, өвчтөнд өгч буй бэлдмэл нь энгийн ус эсвэл сахар агуулсан үрэл төдий байх боломжтой. Эмнэлзүйн туршилтуудаар гомеопатик бэлдмэлүүд плацебогоос илүү үр дүнтэй болох нь батлагдаагүй байна. Шинжлэх ухааны нийгэмлэгүүд үүнийг үр дүн нь нотлогдоогүй арга гэж үздэг бөгөөд Дэлхийн эрүүл мэндийн байгууллага гомеопатийг үндсэн эмчилгээний оронд хэрэглэх нь хүний эрүүл мэнд, амь насанд аюул учруулж болзошгүйг анхааруулдаг.
https://www.caak.mn/post/view/45448


