Жеймс Бондын шинэ киноны эсрэг дүр эрэлттэй байна

Жеймс Бондын шинэ киноны эсрэг дүр эрэлттэй байна

 

Жеймс Бондын дүрд Роберт Паттинсоныг сонгосон тухай мэдээлэл шуугиан тариад удаагүй байгаатай зэрэгцэн шинэ киноны гол эсрэг дүрийг төлөөх өрсөлдөөн хэдийн эхэлжээ. Уг өрсөлдөөнд оролцох сонирхолтой байгаа жүжигчдийн нэг нь Холливудын алдарт жүжигчин Брэд Питт юм. Тэрбээр Даваа гаригт (2026.11.16) Лос-Анжелес хотод болсон шинэ киноныхоо нээлтийн үеэр "Extra TV"-ийн сэтгүүлчийн тавьсан “Денис Вильневийн найруулж буй шинэ Бондын кинонд хорон санаатны дүр бүтээхийг хүсэх үү?” гэх асуултад “Тийм ээ, би тоглохыг хүснэ. Хавьер Бардем энэ дүрийг үнэхээр гайхалтай бүтээсэн. Түүний хүрсэн түвшинд хүрэх амаргүй ч би сорьж үзэхэд бэлэн байна” гэж хариулжээ.

Брэд Питт 2012 оны "Skyfall" кинонд Бондын гол дайсан Рауль Силвагийн дүрийг бүтээсэн Хавьер Бардемийг онцлон дурдсан.

Түүнээс "Complex" сэтгүүл мөн энэ талаар асуухад “Намайг хорон санаатны дүрд бүртгээд ав. Денис Вильнев рүү утасдацгаая, би бэлэн байна” гэж дахин сонирхлоо илэрхийлжээ.

Харин Роберт Паттинсонтой хамт Вильневийн найруулж буй "Dune: Part Three" кинонд тоглож буй Флоренс Пью ч шинэ Бондын кинонд дүр бүтээх хүсэлтэй байгаагаа илэрхийлсэн байна. Тэрбээр "Elle" сэтгүүлийн “Women in Hollywood” арга хэмжээний үеэр найруулагчид мессеж илгээж, “Бондын дүрд тохирох хүнээ олсонд баяр хүргэе. 163 см өндөр эмэгтэй хорон санаатны дүр байгаа болов уу?” гэж хошигножээ.

Сонирхолтой нь, уг арга хэмжээний үеэр Денис Вильнев Флоренс Пьюд шагнал гардуулсан тул жүжигчин өөрийн хүсэлтийг найруулагчид биечлэн дахин илэрхийлэх боломжтой болсон аж.

Брэд Питт мөн Роберт Паттинсоныг шинэ Бондоор сонгосонд баяртай байгаагаа илэрхийлж, түүний сүүлийн үеийн уран бүтээл, дүрийн сонголтыг өндрөөр үнэлжээ. “Түүний хийж байгаа зүйл надад таалагддаг. Дүрийн сонголтууд нь үнэхээр сайн. Тэр бол жинхэнэ жүжигчин. Маш зөв сонголт болжээ” гэж Питт хэлсэн байна. “Жеймс Бонд”-ын киноны эсрэг дүрд өмнө нь Рами Малек, Жонатан Прайс, Кристоф Вальц, Кристофер Уокен зэрэг алдарт жүжигчид тоглож байсан.

Мөн Билл Скарсгард, Сирша Ронан, Барри Кеоган нар ч шинэ киноны хорон санаатны дүрд тоглох сонирхолтой байгаагаа илэрхийлж байжээ.

Ийнхүү шинэ Бондын дүрийн сонголт олны анхаарлыг татаж амжаагүй байхад түүний гол дайсны дүрийн төлөө Холливудын одод өрсөлдөх шинжтэй болж, шинэ киноны эргэн тойрон дахь хүлээлт улам нэмэгдэж байна.

ЭХ СУРВАЛЖ: BBC

Хуваалцах:

Сэтгэгдэл

reload, if the code cannot be seen