Путины зөвлөх Патрушев Хятадад айлчилж байна

Путины зөвлөх Патрушев Хятадад айлчилж байна

 

ОХУ-ын ерөнхийлөгчийн зөвлөх бөгөөд Далайн тээврийн зөвлөлийн дарга Николай Патрушев аравдугаар сарын 8-13-ны өдрүүдэд Хятадад айлчилж байна. Айлчлалын хүрээнд тэрбээр Хятадын Гадаад хэргийн сайд Ван Итэй уулзана.

Хятад улс ирэх сард "APEC"-ийн орнуудын удирдагчдын эдийн засгийн чуулганыг зохион байгуулах юм. ОХУ-ын ерөнхийлөгч Путин тус уулзалтад оролцох төлөвтэй байгаа учир Патрушев айлчлалын хүрээнд талуудын байр суурийг бататгах, харилцаа холбоог гүнзгийрүүлэх үүрэг хүлээсэн байж магадгүй. Хятад улс Путины оролцоог таатай хүлээж авч байгаа бөгөөд "APEC"-ийн "Хятадын жил"-ийг үр дүнтэй байлгахын тулд хамтран ажиллахад бэлэн байгаагаа илэрхийлжээ.

Хятад, Орос улсууд нь олон улсын харилцааг ардчилсан болгох үйл явц болон олон туйлт дэлхийг идэвхтэй дэмжигчид гэж Хятадын Нийгмийн шинжлэх ухааны академийн мэргэжилтэн Ван Сяоцюань хэлжээ. Тэд стратегийн уялдаа холбоогоо гүнзгийрүүлснээр дэлхийн энх тайван, тогтвортой байдалд хувь нэмэр оруулах зүйлсийг илүү өргөн хүрээнд санал болгож, дэлхийн өмнөд бүсийн улс орнуудын хамтын ажиллагааг бэхжүүлэх боломжтой.

Энэ жил хоёр улсын стратегийн түншлэлийн харилцаатай болсны 30 жил, Сайн хөршийн харилцаа, найрсаг хамтын ажиллагааны гэрээ байгуулагдсаны 25 жилийн ой тохиож байна.

Николай Патрушевын хувьд 2024 оны тавдугаар сард ерөнхийлөгч Путины зөвлөхийн албан тушаалд томилогдсон. Үүнээс өмнө тэр Оросын Аюулгүйн зөвлөлийн нарийн бичгийн даргын албыг хашиж байв. Патрушевын Далайн асуудал эрхэлсэн зөвлөлийн даргын үүрэг болон аюулгүй байдлын салбар дахь туршлагыг энэ удаагийн айлчлалтай холбогдуулан ойлгож байгаа аж.

ЭХ СУРВАЛЖ: GLOBAL TIMES

Хуваалцах:

Сэтгэгдэл

reload, if the code cannot be seen